МУСТА Ц.Баттөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн төрсөн өдөрт зориулан тэрлэсэн шүлэг

access_time 2019-06-21
remove_red_eye 616

 

Дээд тэнгэр заяатай Монголын үр
Дэлхийн талыг эзэлсэн Чингисийн удам
Дэлхийд танигдаж үнэлэгдсэн удирдагч
Дорны яруу илтгэгч Элбэгээ гэж хэн бэ

Тэрбээр Мөнгөн цахирын хадны үйрмэг
Монголын Цахиагийн отгон ханхүү
Баруун Алтайн малчин удамтай
Бага сургуулийн дэвэлтэй сурагч

 

Тэрбээр Социалист байгуулалтад цуцал нэмсэн
Сайхан Хонинхүүгийн ажилчин хүү
Эх орондоо тангараг өргөсөн
Эргэлт хүлээсэн эр цэрэг

Тэрбээр Аугаа Зөвлөлтийн Левовын оюутан
Армийн “Улаан од”-ын хөх сэтгүүлч
Цогоогийн хонхны уран хэл
Цагаан морин жилийн салхич шувуу

 

Тэрбээр Уран бүтээлчдийн зөвлөгөөний индрээс
Улсаа аврах бодлого сүвлэн
Журмын нөхдийн холбоо байгуулан
Зориг агсантай хамтран тэмцсэн

Тэрбээр Өвлийн жаварт хацраа хайруулан
Өргөх бичгээ бариад
Төрсөн биеэрээ дэнчин тавиад
Төв талбайд өлсөж чадсан

 

Тэрбээр Шинэ Үндсэн хууль батлалцан
Шинэчлэл эрх чөлөөг тунхагласан
Хуучин тогтолцоог хуу татаж
Хувьсгалт өөрчлөлтийн суурийг цутгалцсан

Тэрбээр Авлигалд үнэхээр хатуу самар
Ард түмэндээ хайлсан тугалга
Алдарт тамирчиддаа цалинжуулсан сэтгэл
Азийн Монголд цаазыг халсан итгэл

 

Тэрбээр Сурагчдад хичээл заасан багш
Суурингуудад мод үржүүлсэн ойчин
Цэцэрлэгийн багачуудын өвлийн өвөө “Ажаа”
Цагаан сарын сүүн хундагатай зочин

Тэрбээр Энхийг сахиулахад хүүгээ үдсэн эцэг
Элбэрэлийн үйлсэд эхнэрээ зүтгүүлсэн нөхөр
Эрдмийн оргил Харвардын онц сурлагатан
Эдийн дээд хөөрөг зөрүүлсэн иргэн

 

Тэрбээр Мэдэн будлигчид мэрсэн ч мэдээгүй юм шиг
Захиалгаар занаж зүхүүлсэн ч заргалдаж үзээгүй
Гарал үүслээрээ доромжлуулж байсан ч
Гаргасан эхдээ ирээд үнсүүлж л орхидог оо

Тэрбээр Ихэмсэг Илич-ийн дүр төрхөөр
Ил тод уран илтгэж
Америк ноёдыг суудлаас нь өндөлзүүлсэн Лектор
Арлын хатагтайг шүүрс алдуулдсан Лидер

 

Тэрбээр Нүүх үү – Үлдэх үү алдарт бүтээлээрээ
Нүүдэлчин түмнээ ардчилалд уриалсан
Азид Монгол ардчилалын өлгий болоход
Авъяас чадвараа зориулсан улстөрч өө

Тэрбээр Барууны орнуудтай заргалдан байж
Батаар баялгаа оруулаад л ирлээ
Том засгаа ухаажуулна л гэсэн
Тохироо нь бүрдээд эхэлж л байна

 

Тэрбээр Он цагт цөөхүүлээ болчихоод
Олуулаа болоод ирнэ ээ гэсэн
Хөлстэй морио сольсон Ерөнхийлөгч
Хөгжил шинэчлэлийн засаг төрөө байгуулчихлаа

Тэрбээр Хайгуулын хуйвалдааныг тас хориглож
Харцынхаа үгийг танхимаараа сонсч
Хууль шүүхээ шинэчлэн өөрчилсөн
Худал хэлдэггүй хэлснээ хийдэг

 

Тэрбээр Шуналт баячуудтай тэмцдэг коммиссар
Шууд ардчилалыг чиглүүлэгч компос
Хүнд сурталтай эвлэрдэггүй барс
Хүчит эрхийн төлөөх баатар аа

Тэрбээр Бүрэг хангайн сэрүүн бэлд амарсан ч
Бурхан Халдун гурван голд зугаалсан ч
Тамир, Чулуут, Тайхар, Хоргод аялсан ч
Төхөм Бумбатын өргөн говьд тэнэсэн ч
Таван тивээр морилон айлчилсан ч
Таван одтой буудалд тухалсан ч
Донорын тусламж – бизнес хэлэлцээрт оролцсон ч
Дотоод гадаадын хүлээн авалтад уригдсан ч
Архинд уусч, тамхинд татагдаагүй
Алт мөнгө бэлэг сэлтэд сөгдөөгүй
Эх орныхоо төлөө шударга байж чадсан
Эгэлгүй хүн Цахиагийн Элбэгдорж оо

МУСТА Ц.Баттөмөр

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549