Ши Жиньпин АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Ким Жон Унаас хүсжээ

access_time 2019-06-21
remove_red_eye 95

 

Өчигдөр Пёньянд айлчлалаа эхэлсэн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унаас хүссэн тухай CCTV мэдээлжээ.

Ши Жиньпин нь сүүлийн 14 жилийн хугацаанд Умард Солонгост айлчилж буй Хятадын анхны төрийн тэргүүн болж байгаа юм. Хамгийн сүүлд 2005 онд тухайн үеийн Хятадын төрийн тэргүүн Ху Жиньтао Пёньянд айлчилж, Ким Жон Уны эцэг Ким Жон Илтэй уулзаж байжээ.

“АНУ, БНАСАУ яриа хэлэлцээрээ бүтээлчээр үргэлжлүүлнэ гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг итгэлтэй байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд Солонгосын хойгийн асуудалд ахиц дэвшил гарч, дэлхий нийтийн талархлыг хүлээсэн билээ” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Тэр бас Умард Солонгосын удирдагчийн тогтвортой, аюулгүй байдлыг Хятад улс батлан даахыг илэрхийлжээ.

Хариуд нь Ким Жон Ун сүүлийн жил гаруй хугацаанд маш олон ахиц дэвшил гарсныг дурдсан байна. Гэхдээ тэр “холбогдох талаас идэвх санаачилга гарахгүй байгаа”-г Ши Жиньпинд гомдоллосон нь АНУ-ын засаг захиргааг хэлсэн нь тодорхой байна.

Ши Жиньпиний айлчлал Хятад, Умард Солонгос улсууд хоёул Дональд Трампын засаг захиргааны зүгээс шахалт дарамттай тулгараад байгаа цаг үед болж байгаа юм.

Ши, Ким нарын уулзалт Пёньян дахь Кумсусаны ордонд болсныг Шиньхуа агентлаг мэдээлжээ. Энд Ким Жон Уны эцэг, өвөг эцгийн занданшуулсан шарилууд хадгалагддаг юм.

Умард Солонгост айлчилсан гадаадын төрийн тэргүүнүүдээс анх удаа Ши Жиньпинийг энэ ордонд хүлээн авсан байна.

БНХАУ-ын даргын айлчлал өнөөдөр өндөрлөх юм. Ши Жиньпин дараа долоо хоногт Японы Осакад болох “Их 20”-ын чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549