Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулж, Эрдэнэт үйлдвэрийг хохиролгүй болгоно гэв

access_time 2019-06-19
remove_red_eye 292

 

“Жаст” группын захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг барьцаалан Африкийн Стандарт банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн хэргээр өнөөг хэр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ.

Харин Эрдэнэт үйлдвэрээс Стандарт банканд төлөх 115 сая ам.долларын өрийг хэлэлцээр хийсний дүнд 40 сая болгон төлөхөөр болсон. Энэ дагуу тус үйлдвэрийн эрсдлийн сангаас дээрх хэмжээний валютыг Стандарт банканд шилжүүлсэн ч манай улсын Засгийн газарт өр төлөгдсөн гэх баримт ирээгүй байгаа гэх мэдээлэл цацагдах болсон.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ тайлбар хийлээ. Мөн тэрбээр 40 сая ам.доллар төлөгдсөн гэх баримтыг сэтгүүлчдэд харуулав. Уг баримтад дөрөвдүгээр сарын 29-нд Стандарт банканд төлөгдөх өр хаагдсан тухай дурдсан байгааг тэрбээр хэлсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Одоо Эрдэнэт үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан.

Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа юм байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн.
Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм уу шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзэж байгаа.

Улсыг хохиролгүй болгохын тулд шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байна уу үгүй юу гэдгийг ил болгоно.

Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон жишээтэй. Энэ бүх ээдрээтэй асуудалд эх оронч сэтгэл гарган Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалъя” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549