Борооны улмаас эвдэрсэн Арвайхээр, Мандалговь чиглэлийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засна

access_time 2019-06-19
remove_red_eye 145

 

Засгийн газраас өнөөдөр /2019.06.19/ гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.

“Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад ус нийлүүлэх шугам хоолойг үнэ төлбөргүй шилжүүлж авах юм.

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Тус компани Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.

Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

368 стандартыг хүчингүй болгож, 2,074 стандартыг шинэчлэн 591-ийг шинээр боловсруулахаар болов. Өнгөрсөн онд явуулсан улсын үзлэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6,200 гаруй стандартыг хамруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549