Хоккейчин эр эхнэрээ хөнөөлгөхөөр алуурчин хөлсөлж, харин төрсөн охин нь

access_time 2019-06-18
remove_red_eye 1275

 

АНУ-ын Нью-Йорк мужийн Катон хотноо 2015 онд аймшигтай аллага гарчээ. 35 настай Келли Клейтон хэмээх бүсгүйг гэрт нь алхаар олон удаа цохиж хэрцгийгээр хөнөөсөн байна. Бүсгүй алуурчинтай байдаг чадлаараа тэмцэлдэж, 30-аад минутын турш ноцолдож, амь тавихдаа хүүхдүүдийнхээ зүг харсаар байсан гэнэ.

 

Долоон настай охин Чарли нь алуурчны гараас мултарч чадсан бол гурван настай хүү Адам нь өөр өрөөнд унтаж байж. Алуурчин түүнийг анзаараагүй юмуу эсвэл өрөвдсөн үү эхийг нь хөнөөчихөөд гэрээс нь гарч оджээ.

Чарли охин цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Аавын ан авд явахдаа өмсдөг багтай яг адилхан багтай хүн ээжийг юмаар цохиод байсан” гэж уйлан өгүүлсэн байна.

Эхнэрийг нь хөнөөсөн тэр цаг мөчид Томас Клейтон бааранд олон гэрчийн нүдний өмнө покер тоглож суув. Шөнө дунд гэртээ ирээд, эхнэрийнхээ цогцсыг хараад Цагдаа дууджээ. Дараа нь хүүхдүүдээ эгч дээрээ аваачиж үлдээгээд Цагдаагийн хэсэгт байцаалт өгөхөөр явсан байна.

 

Эхнэр нь нас барахад хамгийн эхний сэжигтэн нөхөр нь байдаг бичигдээгүй хуультай гэдэг. Ингээд Томас мэдүүлэг өгч эхэлжээ.

Тэд 1998 онд танилцсан байна. Келли зөөгчөөр ажилладаг, оюутан бүсгүй. Харин Клейтон хоккейчин. Орон нутгийн лигтээ алдартай танхай тамирчин. Түүний оролцсон тоглолт шөргөөцөлдөөнгүй өнгөрнө гэж бараг үгүй. “Эльмира” багийн Клейтон гээд зартай задарсан залуу. Их түргэн зантай, огцом ууртай. Нэг удаа талбай дээр өрсөлдөгчөө мөргөөд хоёр сар эмнэлэгт хэвтүүлчихсэн юм билээ.

Талбайн гадна ч биеэ барихдаа тааруу. Нэг бааранд нүцгэлж элдэвлээд байхаар нь Цагдаагийн академийн дөрвөн сонсогч бухимдаж, улмаар зодоон болжээ. Гэтэл Томас хоёрынх нь хамрыг цөм цохиж, нэгийг нь хүнд бэртээсэн байна. Шүүх давилуун залууг өрөвдөөд хоёр жилийн тэнсэн өгчээ.

 

Дараахан нь Клейтон Келлитэй танилцсан аж. Уур бухимдлаа барьж чаддаггүй эрийг Келли хүмүүжүүлж, улмаар хоккейчний замналдаа ахиц гаргахад нь тусалж эхлэв. NHL-ийн “Нью-Жерси Дэвилз”-д шалгуулж яг тэнцэхийн даваан дээр Клейтоны хөл хугарчихаж. Ингээд мөрөөдөл нь талаар болов.

Үүний дараа эхнэр нь түүнд зориулан шинэ бизнес эхлүүлжээ. Сайн эхнэр болон их мөнгөний ачаар Клейтон сагаж эхэллээ. Мөрийтэй тоглоомд донтогсдод хүүтэй мөнгө зээлдэг ажил эрхлэх болжээ. Нэг удаа тэдний гэрийн хоёр том сэйф хоёулаа пиг дүүрсэн удаатай гэнэ.

Их мөнгө Клейтоны занг улам эвдэж, гэртээ үзэгдэхээ больж, мөрийтэй тоглож, охид бүсгүйчүүд эргүүлэх болжээ. Хожим цагдаа нар түүний хэргийг мөрдөн шалгахдаа гурван нууц амрагтайг нь тогтоосноос гадна нэг нь дөнгөж 15 настай охин байж.

 

“Тэр эхнэрээсээ сална гэж дандаа ярьдаг ч ердөө хэлсэн амандаа хүрдэггүй байсан” гэж нэг нууц амраг нь мэдүүлсэн байна.

Клейтон хэд хэдэн байшинтай тул түүнийгээ түрээслүүлнэ. Нэг байранд суух эр төлбөрөө төлөлгүй олон сараар унжжээ. Яг тэр үед Клейтонд мэргэн санаа орж ирэв. Ингээд “Чи миний эхнэрийг хөнөөгөөд 10 мянган ам.доллар ав. Тэгээд энэ байр савны өрөө мартаж болно” Майкл Бёрдэд хэлж. Бёрд ч алуурчин болгох саналыг хүлээн авчээ.

Энэ хэргийн хамгийн жигшүүртэй адал балмад нь юу вэ гэхээр тэр орой эхнэрийнх нь хамт хоёр жаахан хүүхэд нь гэртээ байхыг Клейтон мэдэхийн цаагуур мэдэж байсан хэрнээ алуурчинд “Байшинг заавал шатаагаарай” гэж захисан байна. Байшинг шатаахын учир нь даатгалаас 1.5 сая ам.доллар авах боломжтой болох байж.

 

Гэвч алуурчин Майкл Бёрд тэдний гэрт нөхрийнх нь өгсөн түлхүүрээр нэвтэрч, эхнэрийг нь улаан цусанд будагдаж, уйлж гуйхыг нь үл тоон хөнөөчихөөд гарахдаа байшинг галдсангүй. Хожим Бёрд хэлсэн байдаг. “Хүүхдүүд байшинд байгаа болохоор өрөвдөөд шатаагаагүй юм” гэж.

Харин Клейтон үүнд ихэд бухимджээ. Бёрд дараа нь мэдүүлгээ өөрчилж, “Тэр багтай хүн бол би биш Томас өөрөө байсан” гэж мэдэгдсэн байна. Гэвч хэргийн газраас Бёрдын гэх баримт нотолгоо хангалттай илэрсэн тул бүх насаар нь хорих ял оноож, харин Томас Клейтонд 25 жилийн ял ногдуулсан юм.

Бёрд хэргийн газар олон тооны ул мөрөө үлдээж, Томас байшингаа түрээслэсэн хүнийг алуурчин болгон хөлсөлсөн нь хэргийг илрүүлэхэд нэг их төвөггүй болгожээ.

Хамгийн аймшигтай нь үр дагавар. Өнчирч хоцорсон хоёр хүүхэд нь. Чарли охин аавынхаа тухай “Би тэр хүнийг үзэн яддаг. Үнэндээ тэр бол жинхэнэ хулчгар амьтан” гэж хараасан байна. Охины төсөөлөлд багтай тэр алуурчин аав нь болж харагддаг гэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549