​​Еврейчүүдийг сод ухаантан болгодог боловсролын таван нууц

2019-06-18 2660 0

 

Харьцангуй онолыг нээсэн Нобелийн шагналт, эрдэмтэн Альберт Эйнштейн, коммунист үзэл санааг тунхагласан Карл Маркс, хүний ухамсрыг судлан сэтгэлзүйн шинэ онолыг гаргасан Зигмуд Фрейд, физикийн ухааны эцэг Исаак Ньютон. Дэлхийн түүхийг өөрчилсөн энэ дөрвөн эрхэмд нэг ижил тал бий. Тэд бүгд еврей хүмүүс. Эднийг өнөөгийн шинжлэх ухаан, сэтгэл зүй, нийгэм судлалын үндсийг тавьсан гэдэг.

Еврейчүүдийн амжилт зөвхөн энэ хүмүүсээр дуусахгүй. Дэлхийн хүн амын 0.025 хувийг эзэлж буй тэд Нобелийн шагналтнуудын 30 орчим хувийг эзэлдэг. Мөн инноваци, шинэ технологийн аж үйлдвэрт оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл тэд хэрхэн дэлхийн шилдэг нь бас гол дүр болж чадсан бэ.

Үүний гол нууц нь хүнийг хэн болгох, ямар хүн болгохыг шийддэг боловсролд нь байдаг ажээ. Тиймд еврейчүүд хүүхдээ хэрхэн сургадаг, ямар хүмүүжлээр, ямар зарчмаар боловсрол эзэмшүүлдэг талаар еврей зохиолч Льюс Шайлон “Еврейчүүдийг сод ухаантан болгодог сод боловсрол”, зохиолч Х.Мөнхжаргалын “Еврейн хар хайрцагны нууц” номуудыг уншсан тэмдэглэлээ хүргэж байна.

 

Нэг. Аливааг сурна гэдэг зөгийн балтай адил амттай гэдгийг ухааруулдаг

Хүүхдүүдэд юм сурч мэдэх нь хэчнээн сонирхолтой, хөгжилтэй зүйл болох тэрчлэн мэдэхгүй зүйлээ нэг нэгээр нь тайлан ухаарах үйл явц хэчнээн сэтгэл доглуулам, онц сонирхолтой явдал болохыг юуны түрүүнд ойлгуулдаг байна. Үүнийг ойлгуулахын тулд тухайн еврей хүүхдүүдийг бага сургуульд элсэн орсон эхний өдрөөс еврей цагаан толгойн 22 үсгэнд зөгийн бал түрхэж цээжлүүлдэг байна. Мөн зарим сургуулиудад амтат бялуугаар үсгүүдийг бүрээд идүүлэх уламжлал ч байдаг ажээ. Энэ нь еврейчүүдийг сод ухаантан болгоход нөлөөлдөг эхний хүчин зүйл буюу сод боловсролын нэг нууц гэнэ.

 

Хоёр. Мэдлэгийг цээжлүүлэх бус өөрөө олж, ухаарч мэддэг ухаанд сургадаг

“Ганц загас өгвөл тэр өдрөө амь зогоож болох ч загас барих арга ухааныг заавал насан туршдаа сайхан амьдарч болно” гэсэн еврей сургаал байдаг байна. Загас гэдэг утга нь эрдэм мэдлэгийг зааж байгаа хэлц бөгөөд аливааг сурахдаа зөвхөн цээжлэх бус түүнийгээ нарийн утга учрыг ойлгож, өөрийн болгох арга ухаанд сургадаг байна. Нэг үгээр хэлбэл, шууд хариуг нь олж өгөхөөс илүүтэй өөрөө зөв хариултыг нь эрэлхийлэн олж чадах арга барилд сургахыг эрмэлздэг ажээ.

 

Гурав. Юу ч байсан толгойгоо ажиллуулан хийж чаддаг болгон хөгжүүлдэг

Еврейчүүд хүнд хэцүү нөхцөлд найдаж болох цор ганц зүйл нь мэдлэг боловсрол. Мөн цорын ганц өмч хөрөнгө, өв баялаг нь эрдэм мэдлэг гэж үздэг байна. Тиймээс еврей хүүхдүүд эцэг эхээсээ үргэлж “толгойгоо ажиллуул” гэдэг үгийг сонсож өсдөг аж. Бага балчраасаа тархиа ажиллуулан сэтгэж амьдрах нь еврей хүн шиг амьдарч байгаа хэрэг гэж үздэг. Иймд бусдаас гаргууд хүүхэд бус тэднээс тэс ондоо болгон өсгөдөг байна. Еврей гэдэг үг нь ганцаараа өөр талд зогсох гэсэн утгатай ажээ. Энэ жишээнээс үзэхэд “хувийн онцлог шинжээ бүрэн гарган харуулах хэрэгтэй” гэсэн зарчим нь еврейчүүдийн сурган хүмүүжүүлэх ухааны нэг нууц ажээ.

 

Дөрөв. Асуулт асуудаг хүүхэд

Еврейчүүд олон шинэ бүтээл, туурвил, ололт амжилтаараа оюуны санааны тэргүүлэгчид байсаар ирсэн нууц нь таван мянган жилийн тэртээгээс үргэлж асуудаг зуршилтай байсантай холбоотой гэж үздэг байна. Асуух явцад хувь хүний бие даасан сэтгэлгээ, бүтээлч оюун санааны тогтолцоо бүрддэг аж. Тиймд еврей ээжүүд хүүхдээ сургуульд яваад ирэхэд нь “онц үнэлгээ авсан уу, сайн сурсан уу” гэж асуухаас илүүтэй “чи хэр их сайн асуулт асууж чадсан бэ” гэж асуудаг байна. Иймээс асууж, хариулж сурдаг боловсрол еврей болон бусад үндэстний хүүхдийн ялгаатай хөгжил төлөвшил, еврей хүүхдийн давуу тал еврей боловсролын нууц ажээ. Юм мэдэхэд саад тээр бологч хана хэрэм нь юм асуухгүй, дуугүй байх явдал юм хэмээх еврей хэлц ч байдаг байна.

 

Тав. Орондоо сонссон үлгэр домог нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг баяжуулдаг

Еврейчүүд дотор төсөөлөн бодох чадвар сайтай гарамгай зохиолчид олон байдгийг шалтгаан нь багад нь ургуулан бодох, сэтгэх чадварыг хөгжүүлсэн үлгэр домог сонсгож байгаатай нь холбоотой байдаг ажээ. Унтахын өмнө ярьж өгсөн ээжийн үлгэрүүд хүүхдийн сэтгэл зүрхийг эзэмдэн, хамтдаа хуваалцсан яриа нь хүүхэд өсөж том болсны дараа ч гэсэн тэр хоёрын хоорондын харилцааг гүн гүнзгий итгэлцлээр дүүргэн халуун дулаан байлгаж чаддаг байна. Мөнгө зээлүүлэхээс татгалзаж болох ч ном зээлүүлэхээс бүү татгалз гэсэн хэлц мөн байдаг ажээ. Түүнчлэн еврей хүүхдүүд үлгэр сонсож өсөхөөс гадна бага балчир наснаасаа ном их уншдаг байна. Тэдний хүүхдээ номд дуртай, хичээлээ сайн хийлгэдэг шалгарсан арга нь өөрсдөө үлгэр дууриал үзүүлэх ажээ. Хичээлээ сайн хийх зуршил нь даган дуурайхаас эхлэлтэй ч гэж үздэг байна.

ЭХ СУРВАЛЖ:ITOIM.MN

Холбоотой мэдээ