Кыргызстанд засварлаж амжаагүй барилгаа хулдаасаар халхалжээ

access_time 2019-06-17
remove_red_eye 164

 

Кыргызстан улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хүрээнд өргөн цар хүрээтэй бэлтгэл ажлыг хийж амжуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Олон орны өндөр дээд зочдыг хүлээж авахаар Бишкек хот өнгөө зассан ч хугацаа тулгамдсан уу, эсвэл хөрөнгө мөнгө хүрэлцээгүй юу, ямартай ч зарим хэсэгт “нүглийн нүдийг гурилаар хуурах”-аас аргагүй болжээ.

Үүнийг илтгэх нэгэн гэрэл зургийг Кыргызстаны оршин суугч фейсбүүк хуудсандаа нийтлэсэн байна.

 

Гэрэл зураг дээр будаг, шавар нь халцарсан барилгыг ажилтнууд зураг хэвлэсэн хулдаасаар халхалж байгаа нь дүрслэгджээ. Энэ барилга нь Бишкекийн төв гудамжнуудын нэгт байрладаг аж.

Харин гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэдээс ихээхэн шүүмжлэл ирсний дараа Бишкекийн хотын захиргааны албан ёсны төлөөлөгч мэдээлэл хийн, ШХАБ-ын хуралдаанд гадны төлөөлөгчид ирэх тул шавар нь халцарсан барилгыг хулдаасаар халхлахаар шийдсэн гэжээ.

Түүний өгүүлснээр зураг дээрх барилга нь хувь хүний эзэмшилд байдаг бөгөөд хотын захиргааны зүгээс барилгын фасадыг засварлах хүсэлт хоёр жилийн турш тавьж, түүгээр ч зогсохгүй засварын зардлын талыг гаргаж өгөх санал тавьсан байна. Гэсэн ч оршин суугчид нь үлдэгдэл хөрөнгийг гаргаж чадахгүй гэсний улмаас барилга засагдаагүй өдийг хүрсэн гэнэ.

 

Эргэн сануулахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 13-16-ны хооронд Бишкек хотноо болно. Дээд хэмжээний уулзалтанд 12 орны төрийн тэргүүнүүд оролцон, олон улсын хамтын ажиллагаа болон гишүүн орнуудын бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549