О.Чулуунбилэг: У.Хүрэлсүх сайдын хариуцлагын сэлэм хуйндаа зэвэрсэн байна

access_time 2019-06-14
remove_red_eye 228

 

Манай улсын дипломатууд маш их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт нэр холбогдлоо. Гадаад ертөнцөд бид хэрхэн харагдаж байгаа бол?

Хар тамхи гэдэг бол олон улсын харилцаанд цэрэг, дайны дараа ордог эмзэг сэдэв. Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр дэлхийн түүхэнд эхний 15-д багтахаар их хэмжээний хар тамхийг монголын дипломатчид зөөж яваад баригдлаа. Үүнтэй холбоотойгоор хар тамхи тээвэрлэсэн дипломатууд, түүнийг томилсон сайдтай одоог болтол монголын Засгийн газар ямар нэгэн хариуцлага тооцохгүй байгаа нь нэг бол манай засгийн газар үүнийг зохион байгуулсан юм байна, эсвэл монгол улс хар тамхитай тэмцдэггүй юм байна гэсэн сөрөг имижийг гадныханд төрүүлж байна.

Хэрвээ монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар дипломатууд манай орны нутаг дэвсгэр дээр хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан бол бид нарт ямар аймшигт байдал үүсэх үү яг түүнтэй адил нөхцөл байдал Герман улсад үүсээд байна.

Уржигдар Д.Сумьяабазар гааль дээр тусгайлан нэгжсэн явдал гарлаа. Энэ нь хар тамхи зөөвөрлөсөн этгээд тухайн яамны сайдтай хариуцлага тооцохгүй байгааг илэрхийлсэн албан бус хориг юм. Парламентын гишүүн хүнийг ингэж шалгаж байгаа юм чинь жирийн иргэдийн хувьд бол аймшиг болж байна.

Энэ хар тамхины хэрэг дээр нэн даруй хариуцлага хүлээлгэхгүй бол жирийн иргэд гадны улсад зорчих, жуулчид манай улс руу ирэх, хөрөнгө оруулагчид бидэнтэй хамтарч ажиллах тал дээр маш том эрсдэл үүснэ. Хэн ч ийм имижтэй улс оронд аялах гэж ирэхгүй, хар тамхитай нэр холбогдсон улстай хамтарч ажиллахгүй.

Герман улсад сурч амьдарч буй монголчуудад одоо бол тааламжгүй нөхцөл байдал үүссэн байгаа. ГХЯ-нд болж буй энэ муу муухай хэргүүдийн үүрэг хариуцлага, үр дүнг жирийн иргэд нуруун дээрээ үүрч байна. Дөнгөж сая манай жагсаал дээр нэг хүн ирээд уулзаад явлаа. Хятадын элчин сайдын яам үйл ажиллагаагаа чангаруулж өдөрт 2 цаг л авч байна. Хараа хяналтаа чангаруулсан байна. Үүнээс болоод Хятад руу сурах гэж яваа оюутан залуус хэд хоногоор оочерлох боллоо ГХЯ-нд гарсан энэ хэрэгтэй холбоотой гэж иргэд үзэж байна гэж хэлээд явлаа. Мөн Германы элчин дээр виз хүсч байгаа хүмүүс ярьж байна. Бидэнд хандах хандлага хүйтэрч, виз гарахад хэцүү боллоо гэж байна. Одоо иргэд бид яах ёстой вэ гэж ярьж байна.

Та бүхэнтэй гадаадад байгаа Монголчууд холбогдож байна уу?

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд бидэнтэй их холбогдож байна. Бид нарын имиж бол маш муухай болж хувирлаа. Салбарын сайд нь ухамсартайгаар уучлал гуйгаад ажлаа өгч улс орны нэр хүндийг жаахан ч болтугай сэргээхгүй бол амьдарч буй орныхоо элчин сайдын газруудын үүдэнд очиж жагсаал хийхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй гэж ярьж байна.

Гадаадад амьдарч буй монголчууд жагсаалаар хоёр үр дүнг харуулна гэж байна. Нэгт бүх Монголчууд энэ хүмүүсийг дэмждэггүй гэдгийг харуулах, хоёрт бүх монголчууд ийм хууль бус үйлдэл хийдэг биш зөвхөн одоогийн удирдлагууд ийм бохир гэдгийг өөрсдийн оршин суугаа улс орны иргэдэд харуулах зорилготой жагсаал хийнэ гэдэгээ мэдэгдсэн.

Монголын дипломатууд хар тамхитай нэр холбогдсоноос хойш ГХЯ-наас дэлхий нийтэд болон монголчууддаа хандаж ямар мэдээлэл хийсэн юм болоо?

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл хийсэнгүй. Сая байнгын хороогоор улсын нууц гэдгээр орлоо.

Дэлхий даяараа мэдэж байгаа энэ хэрэг улсын нууц гэж үү?

Ямар ч улсын нууц байхгүй. Улсын нууц гэж үзвэл энэ Д.Цогтбаатар чинь өөрөө улсын нууцыг задалсан болж таарч байна. Энэ бол тагнуулын ажилтан гэж өөрөө мэдээлэл өгсөн. Мөн Д.Цогтбаатар сайд гэмт хэргийн шинжтэй сонин зүйл ярьсан нь нэгдүгээр сараас эхлээд дипломатууд хар тамхитай холбоотой үйл ажилллагаа явуулсан учраас тагнуулын байгууллагатай хамтраад тусгай ажиллагаа явуулж энэ хэргийг илрүүлсэн мэтээр ярьсан.

Хэрвээ ингэж ярьж байгаа нь үнэн бол Д.Цогтбаатар сайд монголын тусгай албаны төлөөлөгчийг гадаадын тусгай албатай хамтраад тусгай ажиллагаа явуулж баривчилсан хэрэгт орж байгаа юм. Энэ үйлдэл нь эх орноосоо урвсан эрүүгийн зүйл ангид орхоор үйлдэл болж байна. Өнөөдөр сайд энэ бүх хэрэгээ шалгуулахын тулд УИХ-ын гишүүний ажлаа сайн дураараа өгөөд хуулийн өмнө энэ үйлдэлд тайлбар өгөх ёстой. Үнэхээр өөрийнх нь ярьж буй шиг зүйл болсон бол хэрэгээ хүлээгээд эх орноосоо урвасан гээд шоронд явах ёстой.

Энэ хар тамхины хэргийн дараа манай консулууд энд тэнд элдэв хэрэгт нэр холбогдох боллоо?

Өмнө нь манай консулууд тамхи зөөсөн хэрэгт холбогдож байсан. Гэхдээ хар тамхи биш. Д.Цогтбаатар сайд гэрээ байгуулж хариуцллагатай хяналттай ажиллаж байна гээд байсан түүнийх нь үр дүн ингэж л гарч байна. Нөгөө айхтар гэрээ байгуулсан хүмүүс нь хар тамхи зөөж байгаад баригдлаа. Сайд өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнгүй ажил хийжээ гэдгийг өнөөдөр дэлхий нийтээрээ харж байна.

Дэлхий нийтэд Монголын нэр төрийг бага ч гэсэн сэргээхийн тулд бид юу хийх ёстой вэ?

Монгол Улсын Засгийн Газар ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байгаа гэдгээ нотлон харуулах ёстой болж байна. Үүний тулд хариуцсан, томилсон хүмүүсийг ажлаас нь зайлуулах хэрэгтэй. Д.Цогтбаатар сайд л ажлаа өгөх хэрэгтэй. Ингэсний дараа л Монгол Улсын Засгийн Газар хар тамхитай үнэхээр тэмцэж байгаа юм байна гэдэг эерэг имижийг өгч чадна. Тэрнээс нааш бол ямар ч боломжгүй. Энэ хэрэг өөрөө 5 сард гарсан гэтэл одоо 7 сар болох гэж байна. Хэн хариуцллага хүлээв, хэнд хариуцлага хүлээлгэв. Яг үнэндээ У.Хүрэлсүх сайдын хариуцлагын сэлэм хуйндаа зэвэрсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549