Азар: Модрич надад 10 дугаараа өгөхөөс татгалзсан

access_time 2019-06-14
remove_red_eye 122

 

Сүүлийн хэдэн жилийн турш бельги хагас хамгаалагч Эден Азарыг Испанийн “Реал Мадрид”-д очиж магадгүй тухай цуу яриа дэгдсээр өчигдөр албан ёсоор биеллээ оллоо. 28 настай Азарыг Мадридын баг 100 сая еврогоор худалдан авч, таван жилийн гэрээ байгууллаа.

Эден Азар шинэ багийнхаа шинэ тоглогчийн танилцуулга дээр ийн өгүүллээ.

 

“Дүү нартайгаар цэцэрлэгт тоглож байхдаа л би “Реал Мадрид”-ын фанат байлаа. Дараа нь Францыг зүглэсэн. Дараа нь Английг зорилоо. Гэхдээ Мадридын энэ өмсгөлтэй талбайд гарна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Улирал хурдхан эхлээсэй л гэж бодож байна.

“Реал Мадрид”-д тоглохыг хүссээр ирсэн минь үнэн. Үнэхээр тийм шүү. Хэзээ нэгэн цагт энд ирнэ гэдэгтээ би эргэлзээгүй.

Тоглолтоос таашаал авч, ялалт байгуулахыг би үргэлж хүсдэг. “Реал Мадрид”-ын төлөө тоглоно гэдэг олон цом гардаж, түүхэнд нэрээ үлдээхийн тэмдэг.

 

Зиданыг миний шүтээн байсан гэдгийг хүмүүс мэднэ. Одоо тэр “Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй нь нэмэлт хүчин зүйл болсон. Гэхдээ хамгийн гол нь би энд тоглохыг багаасаа хүссэнд оршино.

Би оройтож ирлээ гэж бодохгүй байна. Одоо би 28 настай. Хөлбөмбөгчийн хувьд бол ид нас. Миний замналд “Лилль”, “Челси” гээд багууд байлаа. Гэвч дэлхийн шилдэг багт нэгдэх цаг болсон гэж би шийдсэн.

 

Би Модрич, Ковачич хоёртой ярилцаж амжлаа. Модричоос наргиа болгож 10 дугаараа өгөхийг хүссэн юм. Тэр татгалзсан. Тэгэхээр би одоо өөр дугаар олох ёстой болж байна. Гэхдээ одоо дугаар гол нь биш ээ. Зүгээр л энэ багийн төлөө тоглох нь надад сайхан.

 

Би зүгээр нэг шилдэг тоглогч буй шилдэг багийн нэг хэсэг болохыг хичээнэ. Энэ бол өөр түвшин. Би “Челси”-тэй том амжилтад хүрсэн. Харин одоо “Реал Мадрид”-тай хамт цом гардахыг хүсч байна. Энд байна гэдэг л өөрөө том сорилт юм. Гэвч би сорилтод бэлэн” хэмээн Эден Азар өгүүлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549