Д.Цогтбаатар сайд аа! Хариуцлага алдсан даргаа Элчин сайдаар “шагнасаар” байх уу

2020-02-08 6406 0

 

Монголын дипломат албаны хоёр ажилтан өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээлэл дотоодод төдийгүй дэлхийд шуугиан тариад байгаа билээ.

Тэд Монгол Улсаас Туркын Истанбул хотноо суух дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсан бөгөөд Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай автомашинаар хар тамхи зөөвөрлөж явахдаа баривчлагдсан нь нэгэнт ил болсон байхад Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй хэмээн хэрэгтнүүдийг хаацайлж байсан юм.

 

Гэвч, “хувь хүний нууц” гэх нэрээр хар тамхи тээвэрлэсэн дипломатчдынхаа хэргийг нууж байсан Гадаад харилцааны яамны “нууц”-ыг хэвлэлийнхэн дэлгэж эхлэхэд салбарын сайд Д.Цогтбаатар сандрангуйгаар хэвлэлийнхэнд өөрийгөө өмгөөлж хамгаалсан ярилцлага өгсөн нь 70 кг хар тамхи тээвэрлэж явсан жолооч С.Эрдэнэбаяр нь Д.Цогтбаатарын жолооч төдийгүй ойр дотных нь хүн байсантай нь холбоотой аж. Монголыг төдийгүй Европыг доргиосон хар тамхины дуулианыг намжаах гэж өөр хэн нэгний мэдээллийг Гадаад харилцааны яамнаас зорилготойгоор тараасан нь Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой “асуудал”.

Өөрөөр хэлбэл, Монголын нэрийг дэлхийд гутаасан дипломатуудтай холбоотой, мөн дипломат томилгооных нь талаарх олон нийтийн шүүмжлэл, дургүйцлийг өөр тийш хандуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн. Д.Цогтбаатарын үед Монголын дипломат албаны томилгоо төрлийн бол хувирсан, Монголын гадаад харилцаа түүхэнд байгаагүйгээр уналтад орсон тухай шүүмжлэл ид өрнөж байгаа.

 

Тэрбээр намын болон өөрийнх нь сонгуульд сайн ажилласан гэх нэрээр ойр дотныхноо болон улстөрчдийн шахааны хүмүүс, утсан хүүхэлдэйнүүдээ гадаадад ичиж, эмээлгүйгээр томилж эхэлсэн тухай мэдээлэл өчигдрийн гол сенсаац байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарын үед Монголын дипломат албаны томилгоо улаан цагаандаа гарч, улстөрчдийн хүүхдүүд, найз нөхөд, цүнх баригчид, амраг саднаар дүүрэх болжээ. Тэрхүү төрөл, садны томилгооны нэг нь Хөх хот дахь Ерөнхий консулыг татаж, өөрийн хүнээ тавихаар болсон гэх мэдээлэл. Тодруулбал, Хөх хотын Ерөнхий консулаар томилогдох өдрөө тоолон суугаа хүн бол МАН-ын гишүүн гэх С.Батхуяг.

С.БАТХУЯГ ГЭЖ ХЭН БЭ?

 

С.Батхуяг нь МАН-ын гишүүн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүн юм. Тэрбээр өмнө нь тус дүүргийн Иргэдийн хурлын дарга байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад, Сү.Батболдыг 2008-2009 онд Гадаад харилцааны яамны сайд байхад нь “Сүхбаатар фракц”-аас томилогдон Эрээн хотод консулаар ажиллаж байсан удаатай.

Найз, нөхдийн дэмжлэгтэйгээр Эрээний консул болсон даруйдаа визний наймааны хэрэгт нэр холбогдож байсан. Хятадуудтай нэлээд дотно харилцаатай гэх яриа ч байдаг. Сайн найз сайд Д.Цогтбаатарын “шагнал” болох Хөх хотын Ерөнхий консулаар томилогдох нь С.Батхуягийн хувьд бараг амралт л гэсэн үг.

Мэргэжлийн, мэргэшсэн гэх чадвараас илүү энэ мэт найз нөхөд, төрөл саднаар дипломат албыг дүүргэж буй Д.Цогтбаатар сайдад хандаж сануулахад Монголын дипломат алба бол хэн нэгэн улстөрчдийн хүүхдүүдэд оногддог бай шагнал, аль эсвэл мөнгө олдог бизнес биш юм. Мөн үеэ дуусгасан өвгөдийн амралт сувилгааны газар биш учраас ард иргэдийнхээ төлөө шударгаар өдөр шөнөгүй ажиллах ачааллыг даах чадвартай, авхаалжтай, боловсролтой залуусаа дэмжихгүй бол Монголын дипломат алба сүйрлийн ирмэгт ирж, Монгол Улсын нэр хүндэд заналхийлж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫН УРАМШУУЛЛЫН СИСТЕМ

Монгол Улсын Гадаад харилцаа яг үнэндээ урьд хожид байгаагүй уналтын цаг үедээ явж байгаа нь худлаа биш. Учир нь, энэ салбарыг Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар томилогдож очсоноосоо хойш ялсан намын, найз нөхдийн урамшууллын систем болгон хувиргасан. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь ЭСЯ-нд атташегаар томилсон.

Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын хувийн жолооч Ц.Сумъяадоржийг Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилжээ. Д.Цогтбаатарын энэ мэт “шагналын” томилгоонуудын нэг нь Оттава дахь ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Тэлмүүнийг Вашингтон дахь ЭСЯ руу, Бишкек дэх ЕКГ-ын консул С.Энхбатыг Астана дахь дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн даргаар шилжүүлсэн явдал.

 

Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны салбарт өрнөж буй томилгоо Д.Цогтбаатарын хувийн компанийн халаа сэлгээ шиг л хөвөрч байна. Түүнчлэн БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын эхээр эргүүлэн дуудсан ба одоогоор орлон гүйцэтгэгчийг нь томилоогүй, Өмнөд Солонгост суугаа ЭСЯ нь одоог хүртэл эзгүй гэх мэтээр Элчин сайдуудын томилгоо Д.Цогтбаатарын үед гацсан нь түүний таалалтай холбоотой гэх.

Мөн ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайханыг Белорусь улсад суух Элчин сайдаар томилсон. Өмнөх парламентын үед Барилгын сайдаар Д.Цогтбаатар томилогдоход “халаасанд нь БХБЯ-ны ТЗУГ-ын даргаар Б.Баярсайхан хамт очиж билээ. Өнөөдөр тэр хүн ажлаа муу хийсний улмаас ГХЯ-нд ирээд “хар тамхины наймааны” гэх харгис цаг үеийг хамт туулж байгаа учраас Элчин сайдын суудлаар шагнуулах бус харин ч хариуцлага тооцож цаашид төрийн албанд ажиллах эрхийг нь хасах ёстой.

Д.Цогтбаатар Б.Баярсайханыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилсоны цаана ураг төрлийн холбоо байсан гэдэг хардалт бодит юм. Б.Баярсайханы төрсөн дүү нь Сүхбаатар  дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Баярмагнай бөгөөд түүний эхнэр ньБ.Баттүшигийн төрсөн дүү Б.Баттуяа гэдэг бас гарцаагүй үнэн. Гэтэл ураг төрлийн холбоос нь багш шавийн барилдлага руу халдварласан бололтой юм. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар нэлээд хугацаанд ажилласан, хилийн тагнуулын албыг хаана харьяалуулах талаар хэл үг хийж явсаар хэдэн жилийн нүүр үзсэн Ж.Энхбаяр дээрх Б.Баярсайхан диломатчийн шавь юм. МУИС-ийн Хууль зүйн сургуульд энэ хүнээс суралцсан ач тусаа эрдмийн бүтээл, ном сурах бичгийг нь хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж хариулаад зогсохгүй Элчин, консулын томилгоонд он удаан жил гар нийлэн ажилласан байдаг. Тэр ч байтугай эрдэм заасных нь ач уу, өөр хамтын ажиллагааны үр шим юм уу, Б.Баярсайханы дүү Б.Баярмагнайгийн гадаадад суралцсан зардлыг төлсөн. Хорин хэдхэн настайгаасаа гаальд ажиллаж хөлжсөн Ж.Энхбаяр зөвхөн ЖДҮХС-аас зээл аваад цадчих хүн огт биш гэдэг нь эндээс харагддаг. Д.Цогтбаатар сайдын хувьд, магадгүй ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн С.Батболд нарын базууд Д.Цогтбаатарын “ард” байгаа учраас гэнэн томилгоонд нь түшиг болно гэж тооцсон биз. Одоо тэрбээр яасхийгээд энэ бүхнийг Тагнуулын ерөнхий газар руу чихэх вэ гэж тархиа гашилгаж суугаа байх.

Ингээд ГХЯ, ТЕГ-аас “хос морьтой” Станбулд ирсэн Б.Баттүшиг 2000-аад оны үе буюу С.Батболдыг төрийн байгууллагын хаалга татаж Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон тэр цаг үетэй зэрэгцэн Европын орнуудад хүчтэй тархсан хар тамхины“Блэк Моргон” бүлэглэлийн “хар ажил”-даа шамдан орсон байдаг. “Тусгай” буюу тус-гай томилгооны үр дүн ийм байдаг. Энэ бүх томилгоо Сү.Батболдын удирдамж дор үргэлжилж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрөө түүний дэмжлэгээр томилогдсоныхоо “төлбөрийг” ийнхүү төрийн албыг цалгардуулж төлж болохгүй.

Наанадаж Улаан-Үдийн консулын газрын “бөө-хар тамхичин” цувралуудыг  хар! Сүүлдээ спортын салбараас ч хар тамхины тэээрлэгч тодорч баригдлаа. Мөн Сү.Батболдын дотны найз О.Одбаяр БНХАУ дахь ЭСЯ-нд ажиллаж байхдаа хувиараа зочид буудал ажиллуулж, удаа дараа Сү.Батболдод их хэмжээний мөнгө илгээж байсныг нотлох амьд гэрчүүд ч байдаг. Гэтэл одоо С.Батболдын хүү Б.Баттүшигтэй хамсаатан болж МҮОХ-ны удирдлагын багт шургалахаар өөрийгөө “спортын хүн”, “намайг сонгосон болохоос дуртайдаа болоогүй” гэчихээд зүтгээд байгаа нь “но”-той. Энэ жил олимпын жил. Бас сонгуулийн жил. Сонгууль олимп хоёрт хөтөлгөө морьтой зүтгэхдээ олимпт зориулсан хөрөнгөөр сонгуулийн санхжүүжилтээ босгочихвол энэ эрхэм бизнесмэнүүдийг огт гайхах хэрэггүй. Ийнхүү ГХЯ-нд завхрал үргэлжилсээр байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүнийг цэгцэлж чадсангүй. Чадах ч найдвар харагдахгүй байна.

 

Холбоотой мэдээ