Хулгай хийх гэж ороод дөрвөн цагийн турш идсэн хүнийг Сөүл хотын цагдаа эрэн сурвалжилж байна

access_time 2019-06-12
remove_red_eye 609

 

Өнгөрсөн Бямба гарагийн шөнө Сөүл хотын Итэвон дүүрэгт байрлах “Sunny Bread” нарийн боовны кафед хулгай орсон байна.

Сонирхолтой нь шөнийн 12:40 цагт нэвтэрсэн хулгайч тус кафены бүтээгдэхүүнээс амсаж үзсэнийхээ дараа дахин дахин идсээр бүтэн дөрвөн цагийг өнгөрөөжээ.

Эцэст нь хулгайч кассны машинд байсан 300,000 воныг аваад явсан байна.

 

Хяналтын камернаас энэ бүхнийг харсан кафены эзэн “Хамгийн инээдтэй нь тэр хаалганы дэргэд гарахаар зогсож байхдаа эхлээд нэг талх идсэн. Тэгээд амт нь таалагдсан бололтой буцаж очоод дахин дахин идэж байгаа нь бичигдсэн байна. Зорилгоо мартаад дөрвөн цагийн турш идсэн хулгайчийн тухай би огт сонсож байгаагүй. Цагдаа нар хүртэл хараад гайхаж байна” хэмээн ярьжээ.

Камерны бичлэгийг кафены эзэн Инстаграм хуудсандаа нийтэлсэн нь олон хүнд хүрсэн бөгөөд бас зарим бүтээгдэхүүнийхээ зургийг “Хулгайчийн сонголт!” гэсэн нэртэй нийтэлсэн нь том сурталчилгаа болсон байна.

 

300,000 вон хулгайлсан этгээд гурван сая воны орлого оруулах сурталчилгаа хийж өгсөн тул эзэн нь “Хэрвээ чи цагдаад өөрөө ирвэл би уучилж, бүтээгдэхүүнээрээ шагнах болно” хэмээн сошиал хуудсандаа зарлажээ.

Ямартай ч цагдаа нар камерны бичлэг дээр үндэслэн хулгай хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549