Арабын Нэгдсэн Эмират Улс-д ажиллахдаа ойлгосон зүйлс

access_time 2019-06-11
remove_red_eye 349

 

Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж байгаа хагас жилийн хугацаатай дадлага маань миний хувьд эрхэлж байгаа хоёрдахь ажил билээ. Энэ хугацаанд зөвхөн мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна том, жижиг маш олон сургамжийг олж авсан бөгөөд тэдгээр сургамжаасаа хуваалцъя гэж бодлоо.

 

Амнаас гарч байгаа үгнээс илүү хандлага

Анх ажиллаж эхлээд хамт ажилладаг хүмүүстэйгээ харилцахад хүндрэлтэй байдаг байв. Би тэдний англи хэлийг ойлгохгүй, тэд миний англи хэлийг ойлгохгүй. Үргэлж бие биенээсээ дахин, даxин асуух хэрэг гардаг байлаа л даа. Гэхдээ энэ бол энгийн зүйл. Хүн бүр ижил түвшний англи хэл эзэмших албагүй шүү дээ.

Энгийн хоолойн өнгөөр, энгийн нүүрний хувиралтайгаар ажлынхантайгаа харилцах үед заримдаа би зөв хэлсэн байгаад ч үл ойлголцол үүсч, ажил дээр асуудлууд гардаг байв. Тэдгээр асуудлууд бидний харилцаанд ч мөн сөргөөр нөлөөлдөг байлаа. Гэсэн ч хүмүүс бие биенээ ойлгохын тулд хэн нэгэн нь зөв байхаас илүү хоорондын харилцааны хандлага хэр эерэг байх нь юу юунаас илүү чухал байдгийг би аажмаар ойлгосон юм.

 

Ингээд ажлынхан маань хоорондоо мэндлээд байдаггүй ч би хэн нэгэнд ямар нэгэн зүйл мэдээлэхээсээ өмнө мэндэлж, сонин сайхныг нь асууж бяцхан яриа өрнүүлээд, хэлэх гэж буй зүйлээ илүү эелдэг хоолойгоор, нүүрэндээ инээмсэглэлтэйгээр болон эерэг биеийн хэлэмжээр хэлэх үед ажлын хүн маань эхлээд ойлгоогүй бол тэрийгээ төвөгшөөлгүй хэлж, найрсаг хоолойгоор дахин лавладаг болов.

Бүүр эерэг хандлагаар хэлсэн зүйлс маань биелүүлэхэд хэцүү эсвэл буруу байсан ч ажлынхан маань хүлээж авдаг, хэзээд туслахад бэлэн байдаг болсон юм шүү. Жишээ нь, зочдоос заримдаа “Яг одоо 500 дирхамд явах такси олж өг.” гэх мэт хүнд даалгавруудыг хүлээн авдаг байв. Бид чинь хотоос 221км-н зайд байрлаж байгаа шүү дээ, “яг одоо” олдох эсэх нь бэрх, бас 500 дирхам бол олоход хэцүү бага үнэ.

Буудлынхаа унаа зуучлагчдад ийм хүсэлтийг дамжуулах үед анхандаа “Юу гэж тийм юм байдаг юм бэ? Чи боломжгүй гэдгийг нь мэднэ биз дээ? Боломжгүй.” гэдэг хүйтэн хариултыг авдаг байв.

 

Харин дээр дурдсан шигээ найрсаг хандлагаар асуух үед “За, хайгаад үзье. Тэгээд чамд утсаар хэлье!” гэдэг хариулт авдаг болсон юм. Яг үнэндээ би яг л ижил зүйл хэлж, асууж байгаа шүү дээ. Ингэж л би ажлынхантайгаа үргэлж 100% ойлголцоод байдаггүй ч хоорондын харилцаагаа аварч чадсан юм.

UCLA-н профессор Альберт Мерейбианы гаргасан судалгаа хандлага нь хүмүүс хоорондын харилцаанд үгсээс илүү нөлөөтэй байдаг гэдгийг нотолжээ. Мерейбианы 7:38:55-н дүрмийг харж үзвэл, бид хэн нэгэнтэй харилцаж байх үедээ тухайн мэдээллийг яг хэлсэн үг дээр нь 7%, 38% хоолойн өнгө дээр нь, харин биеийн хэл дээр нь 55% тулгуурлаж ойлгож, хүлээн авдаг байна.

Иймээс зөв үг, өгүүлбэрээс илүү эерэгээр илэрхийлж буй хандлага чухал бас хүчтэй байдаг. Ажил болон амьдралынхаа хувийн харилцаан дээрээ өөрийн “зөв” байхыг биш ЭЕРЭГ байхыг урьтал болгоорой. Гол нь чин сэтгэлээсээ байх нь чухал юм шүү! Үр дүн нь таныг улам аз жаргалтай, амжилттай нэгэн болоход туслана гэдэгт итгэлтэй байна. Амжилт!

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549