Монгол залуу оюун бодлоороо удирддаг дрон бүтээсэн байна

access_time 2018-10-09
remove_red_eye 119

 

Австрали улсын “Күйнсландын Их Сургууль”-д суралцдаг Б.Билгүүн бодлоор удирддаг дрон камер бүтээжээ. Тэрээр хүний тархинд байдаг цахилгаан сигналуудыг ашиглан дроныг удирддаг байхаар бүтээлээ хийсэн байна.

Дрон бүтээхээсээ илүү удирдах нь түүнд хүндрэлтэй байсан тухайгаа ярьсан аж. Удахгүй эх орондоо ирэх гэж буй бөгөөд тэтгэлэг авах үедээ “Надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ” хэмээсэн үгэндээ хүрэхээр зорьж байгаа тухайгаа ярьжээ.

Дашрамд дуулгахад тэрээр тус улсад Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байна. Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцахын хажуугаар Австралийн арван жилийн хүүхдүүдэд компьютер программ болон роботокийн хичээл заадаг аж.

МОНГОЛ ОЮУТАН БОДЛООР УДИРДДАГ ДРОН БҮТЭЭЛЭЭ

Австрали дахь Монгол оюутан залуучуудын холбооны зүгээс энэ удаад Борхүүгийн Билгүүний ярилцлагыг хүргэж байна. Түүний хувьд Дэлхийн топ 50 сургуулийг нэг Күйнсландын их сургуулийн оюутан. Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа. Өмнө нь бид Австралид доктор болон мастераар суралцсан залуусыг танилцуулсан. Энэ удаад Борхүүгийн Билгүүн хэрхэн бакалаврт сурахын хажуугаар ямар амжилт гаргасан тухайг нь сонирхлоо. -Сайн байна уу. Австралийн Күйнсландын их сургуульд тэнцэхэд хэлний онооноос гадна ямар шалгуур голлосон бэ?-Сайн байцгаана уу. Би 2015 онд Австралийн Брисбэн хот дахь Күйнсландын их сургуульд сурах урилга авсан. Энэ сургуульд бакалавраар сурах тул ерөнхий боловсролын дүн их чухал байсан. Австралийн ерөнхий боловсрол 12 жилийн сургалттай. Миний хувьд Монголд 11 жилийн сургалттай байхад ерөнхий боловсрол эзэмшсэн. Иймд 11 жилээ хэр төгссөн, дээр нь нэмээд Монголынхоо их дээд сургуулийн эхний 1 жилийн дүн ямар байгааг харгалзсан. -Австралийн Бакалаврт сурах ямар санагдав?-Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцаж байгаа. Компьютерийн хөгжил маш хурдтай өөрчлөгддөг. Цахилгааных бол физикийн хуулийн дагуу л байна. Тэгэхээр хурдан хөгждөг салбарт хүн хурдан хоцрогддог юм шиг санагдсан. Монголд нилээн хоцрогдсон хичээл үзэж байсан юм болов уу гэж бодсон. -Зарим хичээлээсээ сонирхуулбал…?-Би жижиг компьютерийг их сонирхдог юм. Хамгийн сүүлд бодлоор удирддаг дрон бүтээх төсөл дээр ажилласан. Хүний тархи нь цахилгаан сигналуудтай байдаг. Тэр сигналууд нь соронзон долгион үүсгэдэг. Долгионууд нь давтамжаараа өөр өөр зүйл илэрхийлдэг юм. Миний судалсан хэсэг болохоор духны төв хэсгээс чихний омог хүртэл 8 төрлийн сигнал хэмжиж аваад анхаарлаа төвлөрүүлж байна уу, тайван байна уу, үгүй юу гэдгийг тогтоож үүгээр нь дрон удирдах санаа боловсруулсан. -Энэ нь анхдагч болж чадах уу?-Ер нь өөр техникүүд дээр ийм төрлийн бүтээлүүд байдаг. Яг дроныг бодлоор удирдаж байгаа нь анхных юм. Бас бакалаврын оюутны бүтээл гэдгээрээ анхдагч болсон. Ер нь бол дроноо бүтээхээс илүү удирдах нь хамгийн хэцүү байсан.-Төслийн үр дүн хэр амжилттай байв?-Төсөл 90 гаруй хувийн үнэлгээ авсан. -Миний хувьд бодлоор дрон удирдаж байгааг анх удаа харж байна. Чиний судалж буй салбарт өөр шинэл туршилт юу байна?-Салбарын хувьд гэвэл квант компьютер юм. Энгийнээр тайлбарлавал одоо ашиглаж байгаа компьютерийг төөрдөг байшингаас гар гэвэл нэг, нэг замыг туршиж үздэг. Харин квант компьютер бүх замыг нэг зэрэг бодоод хариуг гаргаж ирэх юм. Удахгүй хэрэглээнд нэвтэрвэл одоо бидний хэрэглэж байгаа компьютерууд утгагүй болно. -Сурахаас гадна бас багшилдаг гэж сонссон, ер нь анх хэзээнээс ажил хийж эхэлсэн бэ?-17 настайгаасаа ажиллаж эхэлсэн. Саяхан CV дээрээ бичихэд 10 гаруй ажил хийж үзсэн байна лээ. Хамгийн сүүлд хамгийн гоё ажлаа хийж байна. Австралийн 10 жилийн хүүхдүүдэд компьютер программ болон роботокийн хичээл заадаг. -Ямар сургуульд хичээл зааж байна?- Milton, Hamilton, Eagle junction, Seven hills, hilder road state school гэсэн 5 сургуульд хичээл заасан байна. 8-14 насныханд хичээл ордог. Сүүлийн жил хагасын хугацаанд багшилж байна. Компанидаа ахлах инженер болсон болохоор багшилж байгаа. -Сурна, багшилна бас өөр газар ажилладаг юм уу. Мундаг байна шүү-Баярлалаа. Junior Engineers гээд компанид ажилладаг. Энэ компанийхаа 10 жилийнхэнд зориулсан клубын шугамаар хичээл заадаг юм. Компанидаа бол хамгийн олон цаг хичээл заасан хүн нь болоод байгаа. -Австралийн сурагчдад хичээл заахад ямар мэдрэмж төрөв?-Би их атаархсан. Сургалтын орчин нь үнэхээр гоё. Баян айлууд сурдаг сургууль биш зүгээр л улсын сургууль нь гэхэд анги танхимд хэрэгтэй бүхэн байна. Бид нар компьютерийн инженерчлэлийн хичээл заахад хүртэл хэрэгтэй бүхэн байгаа юм. Сурагчид нь багш нартайгаа маш хүндэтгэлтэй харьцдаг. Анх хичээл зааж эхлэхдээ их эмээж байсан шүү. -Анх яагаад Австрали явах болсон бэ?-Авга ах маань Австрали юм уу, Канадад сурвал аягүй гоё ш дээ гээд 9-р ангид байхад хэлж байсан. Тэгээд ангийнхандаа за би Австрали явж сурна гээд л яриад байдаг байсан. Тэгсэн мөртлөө жилийн 40 мянган долларыг төлбөрт, амьжиргааны зардалд 20 мянган доллар зарцуулах боломжгүй байж зүгээр л яриад яваад байдаг байсан. Тэгээд сүүлдээ ярьж байхаар англи хэлээ бэлдэж эхэлсэн. Дараа нь хэлний түвшин тогтоох шалгалт өгч үзсэн. IELTS-ийн шалгалт гурван ч удаа өгч байж, гурав дахь дээрээ арай гэж 7 оноо авсан. Тэгээд сургуульд захидал бичиж үзсэн. 2 сургуульд материал явуулаад аль алинаас урилга авсан. Дараа нь тэтгэлэг горилж үзсэн. Тэгээд дэлхийн топ 100 сургуульд элссэн оюутанд өгдөг Монголын засгийн тэтгэлэгт тэнцсэн. Энэ мэтээр Ямар ч байсан үзээд алдая гээд л хийгээд байсан чинь нэг мэдэхэд Австралид ирчихсэн дээ. -Гадагшаа явах юм сан, яаж явах вэ гэсэн оюутан залуус их байдаг. Юу гэж зөвлөх вэ? -Би яг ийм асуулт маш олон хүнээс сонсдог. Би явмаар байна, яаж явах вэ? гээд л байдаг. Тэгээд ярилцаад үзэхээр ихэнх нь ерөөсөө судлаагүй байдаг. Уг нь бол одоо интернэтэд бүх юм байдаг болчихсон шүү дээ. Бараг ихэнх нь Монголоор гараад ирдэг болсон цаг. Ядаж л хамгийн эхний алхам болгоод google дээр бичээд үз. Бас судлаад байдаг ч шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс байдаг. Манай нэг найз би англи хэл сурахаа болиод Хятад явчих уу, яавал дээр вэ гээд намайг Австралид ирэхээс өмнө л асууж байсан. Би одоо төгсөх гэж байна. Нөгөө найз маань энэ асуудлаа шийдээгүй л байна. Маш их цаг алдаад, бас боломж алдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр шаналаад яваад байх хэрэггүй. Юу ч хамаагүй нэг алхам хий гэж зөвлөе. -Аливаа ажлын эхлэл нь 50 хувь байдаг гэдэг шүү дээ.-Яг үнэн. Билл Гейтс, Стив Жобс гээд дэлхийн мундагууд анх бизнесээ эхэлж байхдаа өнөөгийн амжилтаа шууд харж байгаагүй байх. Тэд ямар ч байсан эхлэл хийсэн гэж бодддог. -Анх ганцаараа ирээд төвхнөх гэж хэцүү байсан биз?-Анх ирээд хөлөө олно гэдэг амаргүй шүү. Нэг хэсэг байрныхаа төлбөрийг төлж чадахгүй хөөгдөөд сургууль дээрээ гурван долоо хоног амьдарч байлаа. -Сургуулийнхаа хаана нь хонодог байсан бэ?-Сургуулийнхаа номын санд хонодог байсан. 24 цагаар ажилладаг номын сангуудад нэг хэсэг амьдарсан шүү бараг. Бас нэг удаа старт-ап компанид оролцоод баахан ажиллаж байгаад хулхидуулчихсан. Энэ мэтээр мэдэхгүйгээсээ болоод алдах юм их гарна. -Одоо бол санхүүгийн асуудалгүй болсон уу?-Сургууль дээрээ амьдарч байхдаа машин угаадаг байсан. Тэр үед цагийн 13 доллар авдаг байлаа. Одоо би инженерийн компанидаа цагийн 36 доллараар ажиллаж байна. – Хэзээ төгсөх вэ?-Одоо сар хүрэхгүй хугацааны дараа төгслөө. -Зорилгынхоо тухай хуваалцаач?-Хамгийн эхний зорилго бол сургуулиа амжилттай төгсөх. Тэгээд Монголд очоод сурсан мэдлэгээ түгээе гэж зорьж байна. Угаасаа анх тэтгэлэг авахдаа би хэлж байсан надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ гээд тэнцэж байлаа. Үүнээс гадна Антрактид тив дээрх дэлхийн дулаарлыг судалж буй судалгааны багт орж ажиллахыг хүсдэг дээ. Цаашилбал доктор болон бусад чиглэлээр үргэлжлүүлэн сураад л байхыг бодож байна даа. -За амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.-Та бүхэнд баярлалаа 🙂

Posted by Union of Mongolian students and Youth in Australia on Sunday, October 7, 2018

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549