Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгодог байх заалтыг Үндсэн хуульд оруулжээ

access_time 2019-06-06
remove_red_eye 242

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар мэдээлэл хийж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. Олон нийтийн яриад байгаа асуудлуудлыг авч үзээд тэр болгонд анализ хийсэн. Энэ нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэх үү үгүй юу гэдэг дээр.
Ямар нэг нам, улс төрийн хүчний эрх ашгийг оруулахгүй, зөвхөн Монгол Улсын 3.2 сая хүн, ирээдүй хойчийнхоо төлөө энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж байна.

Иргэдийн хамгийн өндөр саналын хувьтай дэмжсэн асуудлуудыг бид хасаагүй. Тухайлбал, долоон нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хууль батлах босгыг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Давхар дээлийг бүрэн тайлаагүй, Ерөнхий сайд болоод Засгийн газрын дөрөв хүртэл гишүүн давхар дээлтэй байж болно гэж үзсэн. 76 гишүүн дотор таван хүн ороход хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл холилдож, бие биедээ тавих хяналт сулрахгүй гэж үзсэн.

Байгалийн баялгын хувиарлалтын асуудлаар иргэд олон санал гаргасан. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгыг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн тогтвортой байдал зэргийг баримтална. Ингэснээр байгалийн баялгын өгөөжийг иргэддээ хүргэх гол зарчмыг нээж өгсөн.

УИХ төсөв батлахтай холбоотой олон маргаан дагуулдаг. УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй гэдэг заалтыг оруулж өгсөн. Түүнчлэн төрийн санхүү, төсвийн хяналтын хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог хуулиар зохицуулахаар оруулсан.

Мөн УИХ-ын хянан шалгах эрхийг нэмэгдүүлж байгаа.

Засгийн газар урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой, тэр нь залгамж чанартай, хариуцлагыг сайжруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөд зааж өгсөн. Ийм учраас Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцож чаддаг бие даасан байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж өглөө.

Ерөнхий сайдыг дурын байдлаар огцруулаад байдаггүй, шинэ Ерөнхий сайдын хамт оруулж ирдэг, УИХ-ын хуралдаанд нийт гишүүдийн олонхын саналаар огцруулдаг зохицуулалтыг хийж өглөө.
Мөн 20 гаруй жилийн турш огт ажиллахгүй байсан Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх тухай асуудлыг механизмын хувьд оруулж өгсөн. Ерөнхий сайд улсын төсөв , бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ нийт гишүүдийнхээ олонхын саналаар шийдвэрлэж байхаар, хэрэв дэмжлэг хүлээхгүй бол Ерөнхий сайд огцорч байхаар, дэмжигдвэл тухай асуудлын төсөв нь батлагдаж байх зохицуулалтыг оруулж ирлээ.

Хэрэв Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй бол огцруулна, ингэхдээ 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг оруулж ирнэ. Ингэж чадахгүй бол УИХ тарах хяналт тэнцвэрийн механизмыг суулгаж өглөө.

Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн ард түмнээс сонгодог зарчим хэвээр байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтын хэрэгжих хугацаа нь 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэнэ.

Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсантай холбоотойгоор ШЕЗ шүүгчдийн асуудлаа хариуцдаг, шүүгчид хариуцлага хүлээлгэдэг шүүгчдийн хариуцлагын зөвлөлийг байгуулж ажиллах, ингэхдээ олон нийтийн төлөөллөөс энэ зөвлөл нь бүрдэж байх зохицуулалтыг оруулсан. Жишээ нь, ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-ын харьъя байгууллагаас дэвшүүлж, томилгооны сонсголд оруулаад УИХ-ын гишүүдийн 2/3-ын саналаар энэ томилгоог хийнэ. Зөвхөн нэг удаа, дөрвөн жилийн хугацаагаар.

Шүүгчдэд тавигдах шаардлагыг өндөрсгөж, насны босгыг нэмэгдүүлсэн. Мөн УДШ-ийн шүүгчдийг хугацаатай болгосон. Шүүгчдийг дээрээс нь томилдог байсан бол дотроосоо сонгох тогтолцоог оруулж ирж байна. ҮХЦ-ийн гишүүний шаардлагыг өндөрсгөж, улс төрчид орж ирдгийг зогсоож байна. Есөн жилийн хугацаатай зөвхөн нэг удаа томилогдоно.

Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Мөн сум, дүүргийн Засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар иргэд өөрсдөө сонгоно. Баг, хорооны Засаг даргын сум, дүүргийн Засаг дарга нь томилж байхаар оруулж өглөө.

Улс төрийн нам, намын санхүүжилтийг Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн.

УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтоно гэж байсан дээр тогтолцоо гэж оруулсан. Тогтолцоог нь тодорхой зааж өгье гэдэг саналууд гарсан. Яг тодорхой заана гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн баригдах нь тун бэрхшээлтэй болох юм билээ.

УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас өмнө нэг жилийн дотор сонгуулийн тухай хууль батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж Үндсэн хуулиндаа зааж өглөө. Ингэснээр сонгуулийн хууль байн байн өөрчлөгддөг явдал зогсоно гэж үзэж байгаа юм.

Энэ бүхний үр дүнд УИХ нь УИХ шиг үүргээ сайн биелүүлдэг, Засгийн газар нь бодлоготой байх эрх мэдэл, хариуцлагыг хамт үүрүүлж байна. Дээр нь ард түмний хамгийн их хүсэн хүлээж байгаа шударга, хараат бус шүүхтэй байх нөхцөлийг тавилаа.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийнхээс асуулт асууж, хариулт авлаа.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой ямар заалт байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмсэн, хассан зохицуулалт байхгүй. 55 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо байнга байсан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригддаг байсан. Үүнтэй холбоотой заалт оруулж байгаа юу?

-Гишүүдийн тоон нэмээгүй. Хэвээрээ байгаа.

-Цаг хугацааны хувьд хэзээ хэлэлцэж эхлэхээр байгаа вэ?

-Энэ өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримтална. Хэлэлцүүлэг хооронд ажлын 7 юм уу 9 хоног завсарлаад, иргэдийнхээ санаа бодлыг сонсох ажлыг хийх юм.

Хэзээнээс эхэлж хэлэлцэж эхлэх вэ гэдгээс эхлээд ямар хугацаанд хэлэлцэж дуусгах вэ гэдэг цагалбар хуваарь гарна. Улсын баярын өмнө шуртхийгээд амжуулна гэсэн юм байхгүй. Тийм ойлголт байх ёсгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549