Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Монголынхоо нэр дээр барилдахаар боллоо

2018-10-09 613 0

 

Даваадоржийн Төмөрхүлэг, Нямсүрэнгийн Дагвасүрэн, Баттулгын Тэмүүлэн нар өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр дээрээс татамид гарахаар болсон юм. Хоёр улсын жүдо бөхийн холбоодын гэрээ хэлэлцээр дуусвал ирэх тавдугаар сараас тэд Арабын Нэгдсэн Эмират Улсын нэрийн өмнөөс барилдаж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан ч тавдугаар сараас хойш олон удаагийн гран при тэмцээнүүд болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Гэвч манай гурван тамирчин татамид гараагүй. Үүний учир нь гэрээ хэлэлцээр цуцлагдаж, тэд эргэн эх орныхоо нэр дээр барилдахаар болжээ.

Д.Төмөрхүлэг бол Монголын шилдэг жүдочдын нэг, -66 кг-ын жингийн дэлхийн гол өрсөлдөгч. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн чансаагаар эхний 10-т багтаж байсан бол сүүлийн найман сар олон улсын тэмцээнд оролцоогүйгээс одоо жиндээ 43-т эрэмбэлэгдэж байна.

Харин -81 кг-ийн жинд барилддаг Н.Дагвасүрэн өнгөрсөн онд л гэхэд Ташкентийн гран пригээс мөнгөн медаль, Токиогийн гранд сламаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн чансаагаар жиндээ 16-д эрэмбэлэгдэж байна.

Харин Б.Тэмүүлэнгийн хувьд +100 кг-д барилддаг манай урдаа барьдаг тамирчдын нэг юм. Тэрээр дэлхийн чансаагаар жиндээ 46-д эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн онд Экатринбургийн гранд сламаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Манай гурван тамирчин энэ сарын 26-28-нд болох Абу Даби гранд сламд жин жиндээ хүч үзэхээр болсон бөгөөд одоо бэлтгэлээ хийж байна.

Холбоотой мэдээ