Р.БОЛДБААТАР: МИНИЙ НЭР ТӨРД ХАЛДАЖ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАНД ГОМДОЛТОЙ БАЙНА

access_time 2019-05-21
remove_red_eye 339

 

Өчигдөр Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлийн автобусанд гурван хүүхдийг хайрцганд нууж тээвэрлэхийг завджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн автобусны жолоочийг саатуулан шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаж үзээд мэдээлэл худлаа болохыг тогтоосон юм.

Цагдаагийн газраас “Хөвсгөл аймгийн иргэн Н нь өөрийн төрсөн эх О, хүрэн ах М нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

Харин дээрх автобусны жолооч Р.Болдбаатар өөрийнх нь нэр төрд халдаж, худал мэдээлэлд гүтгүүлж, цагдаад шалгуулсандаа гомдолтой байна гэв.

Тэрбээр “Ийм мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй байна. Би өдөр 15.00 цагт Мөрөнгөөс хот руу гарах гээд хүмүүсээ суулгаад хөдөлтөл аймгийн цагдаагийн газраас зогсоож, ийм мэдээллийн мөрөөр шалгаж байна. Тагнуулын байгууллагаас хүртэл ярьсан. Хүүхэд хайрцганд хийж нууж ачиж яваа юм бишүү гэсэн. Би бүр гайхаж, бүх хүмүүсээ буулгаж, ачаа тээшээ шалгуулсан. Яалаа гэж тийм юм байх вэ дээ. Би бүр өөрөө гайхаж шоконд орлоо. Тийм зүйл яалаа гэж болох вэ дээ. Тэгээд өчигдөр шалгуулж байна гэж нэлээд удсны эцэст хөдөлж, өнөө өглөө хотод орж ирлээ.

Одоо Хөвсгөлийнхөн буруу ойлгож янз бүрээр ярьж эхэллээ, миний нэр хүндийг унагаж муухай гүтгэлээ. Хаанаас ийм мэдээлэл авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан сэтгүүлчийг цагдаагийн байгууллагад өгнө. Гомдлоо гаргуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549