ДЭЛХИЙН 10 РЕКОРДЫГ ЭЗЭМШДЭГ МОНГОЛ ОХИН

access_time 2018-10-08
remove_red_eye 102

 

Ой тогтоолтын спортын 17 төрлийн 14 төрөлд монгол хүүхдүүд дэлхийн рекордыг эзэмшдэг. Тэгвэл тэр 14 төрлөөс 10 рекордыг нь зөвхөн нэг тамирчин буюу ой тогтоолтын тамирчин, олон улсын их мастер, 16 настай Э.Лхагвадулам эзэмшдэг гэвэл та итгэх үү. Түүний амжилтын нууцаас хуваалцахыг зорилоо.

-Дэлхийн ой тогтоолтын спортын 17 төрлөөс 10-ыг нь эзэмшдэг гэлээ. Ямар ямар төрлөөр дэлхийн рекордыг тогтоосон бэ?

-Тооны марафон нь 5, 10 минут болон нэг цагийнх гэж байдаг. Ой тогтоолтын 10 төрөл байдаг. Тэр төрлүүд нь хугацаанаасаа хамаарч салж, нийт 17 төрөл болдог. Миний хувьд тав болон 30 минутын хоёртын тоолол, таван минутын түүхэн үйл явдалд дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Дэлгэрүүлж хэлбэл, хоёртын тоолол төрөлд таван минутад 1251 цифр цээжилж дэлхийн рекордыг эвдсэн. Таван минутын дотор 104 түүхэн үйл явдал цээжилж дэлхийн рекордыг тогтоосон. Мөн нэг багц 52 ширхэг хөзрийг алдаагүй санасан, нэг цагт 26 багц хөзөр буюу 1300 хөзрийг тогтоож дэлхийн рекордын эзэн болсон. Хоёртын тоолол төрөлд 30 минутад 4665 цифрийг алдаагүй санаснаар дэлхийн рекорд эвдсэн.

-Хэд хэдэн онуудад энэхүү амжилтуудаа гаргасан бэ?

-Богино хугацааны төрлүүд нь улсын аварга юм уу эсхүл нээлттэй тэмцээнд болдог. Харин Азийн аварга нь 30 минутын багцуудаар явагддаг. Дэлхийн аварга нь нэг цагийн хөзөр, тооны марафоноор явагддаг. Үүгээрээ ялгаатай. Нэг цагийн хөзөр болон тооны марафоны рекордыг эзэмшихийн тулд зөвхөн дэлхийн аварга дээр л эзэмших боломжтой.

-Оюун ухааны спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Ямар хугацаанд хичээллэж байж ийм амжилт гаргасан бэ?

-Би 2015 оны зургадугаар сараас эхлээд гурав дахь жилдээ хичээллэж байна.

-Энэ бүх амжилтад хүрэхэд нь юу нөлөөлсөн бэ. Эцэг эх, сургууль, багш нар дэмждэг байх.

-Тэмцээн уралдаанд ороход багш нарын маань заавар, зөвлөгөө маш чухал нөлөө үзүүлдэг. Мөн хувь хүнээс бэлтгэлээ хийх цаг хугацаа болоод маш их зүйл бас шаарддаг. Түүнчлэн ар гэр, сургууль хамт олны хандлага их нөлөөлдөг. Хэрэв сургуулиас чөлөө өгөхгүй бол бас хэцүү. Гэр бүл маань намайг байнга дэмждэг. Энэ бүх зүйл зөв цогцолж байж сая амжилт гардаг байх гэж боддог.

-Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийдэг үү?

-Хичээлийнхээ хажуугаар сургалтдаа сууна, бэлтгэлээ хийнэ, бас тэмцээндээ ч ордог.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Анх гурван шатаа амжилттай төгсөөд тамирчин болсныхоо дараагаар өдөр бүр 1-2 цагийн бэлтгэл хийдэг байсан. Харин сүүлдээ тэмцээн болох товлогдсон хугацаанаас өмнө тодорхой хуваарийн дагуу бэлтгэлээ хийдэг болсон. Азийн аварга наймдугаар сарын сүүлээр, дэлхийн аварга арван-хоёрдугаар сард гэх мэт товлогдсон хугацаатай байдаг.

-Анх энэ спортоор хичээллэх сэдлийг хаанаас авсан бэ?

-Би ийм академи байдаг талаар мэддэггүй байсан. Харин ээж мэддэг байсан байна лээ. Хамгийн анх хөдөө орон нутагт салбараа нээхдээ Дарханд нээсэн юм. Тэр үед ээж маань намайг дагуулж очиж, суралцаж эхэлсэн дээ.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач.

-Одоо болох дэлхийн аваргад өөрийнхөө амжилтыг эвдэхийг хичээнэ.

Эх сурвалж: Times.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549