“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн боллоо

access_time 2019-05-14
remove_red_eye 135

 

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг нээж хэлэхдээ: “Энэ тавдугаар сарын 1-нээс Цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна.

Үүний зэрэгцээ “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549