ГЭР ХОРООЛОЛД 1000 МОНОС ЦЭЦЭГЛЭНЭ

access_time 2019-05-10
remove_red_eye 105

 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх зорилгоор байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхээр “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхээс авахуулаад цөөнгүй ажлыг санаачлан, хэрэгжүүлж буй.

Тэгвэл тус аяны хүрээнд Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн хашааг өргөтгөж, байгалийн ухааны туршилт хийх танин мэдэхүйн талбай тохижуулан, өнөөдөр нээв. Ийм талбай ашиглалтад оруулснаар хүүхэд, багачууд байгальд элэгтэй болж, мод бут, сөөг, цэцэг, зүлэг тарьж, ургуулахад суралцахын зэрэгцээ хүнсний ногоо тариалах зэргээр байгалийн ухааны туршилтуудыг гадаа талбайд хийх боломжтой болж байна. Үүнээс гадна талбайн дэргэд усан сан бүхий амралтын талбай байгуулсан юм. Нээлтийн арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүүхдүүдэд эцэг, эхтэйгээ хамтран хашаандаа ургуулах монос модны суулгаж гардуулан өгсөн юм. Тодруулбал, тэрбээр хүмүүжлийн аяныхаа хүрээнд гэр хороололд 1000 монос цэцэглүүлэх “давалгаа” өрнүүлж буй юм.

Монос нь тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэр ялгаруулдаг онцлогтой. Үр жимс нь наймдугаар сард боловсорч дуусдаг бөгөөд, тэр үедээ гоёмсог өнгөтэй болж, орчныхоо өнгө үзэмжид эерэгээр нөлөөлдөг. Таналт, хяргалт даадаг тул айл өрхүүд хашаандаа тариалж, элдэв хэлбэрт оруулан орчныхоо тохижилтыг сайжруулах боломжтой юм. “Гэрийнхээ хашаанд 1000 монос цэцэглүүлэх аян”-д Баянгол дүүргийн 10 гаруй сургууль, цэцэрлэг нэгдээд байна. Үр дүнд нь ирэх хавар Баянгол дүүргийн гэр хорооллын бүсэд 1000 монос цэцэглэх юм.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549