Газрын минийн асуудал ба Монгол Улс

access_time 2019-05-08
remove_red_eye 243

Дэлхийн өнцөг булан бүрд дайн дажины хор уршгаар газрын минид жилд 5000 хүн дэлбэрэн амь үрэгдэж, хамгийн их буюу Афганистанд жилд 1000 хүн эрсдэж, уг асуудал дэлхийн тулгамдсан асуудал болсноор газрын минийг бүрмөсөн хориглох Оттавагийн конвенци 1999 оноос бүрэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Газрын минийг устгах хориглох Оттавагийн конвенцийг олон улсад зүтгүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн америкийн улс-төр нийгмийн идэвхтэн Жоди Виллиамс 1997 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн байдгаас гадна газрын минийг бүх нийтээр бүрмөсөн хориглох сайн үйлсийг Канадын засгийн газар мотордож, Женев дахь Олон улсын улаан загалмайн хороо хөдөлгөж, НҮБ улс төрийн баадуугийн нь чангалж, Америк Япон Европын Холбоо тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд сайн санаат хүмүүс олон улсын болон банк санхүүгийн байгууллагууд сая саяар нь санхүүжүүлж байдаг.

НҮБ гэхэд л Ерөнхий Чуулганыхаа 58/53 тогтоолоор тус конвенцид элссэн элсээгүй бүх гишүүн орнуудад газрын минийхээ тайлан тооцоог ил тодоор жил бүр ирүүлж байхыг үүрэгдсэн байгаа. Удаан хугацаагаар хадгалсан мини өөрөө тэсэрч дэлбэрэх аюултай, энэ нь хүний аюулгүй байдалд заналхийх нэрийн дор хугацаа дууссан минээ үтэр түргэн өөрсдийн зардлаар устгах талаар тогтоол зөвлөмж ч удахгүй НҮБ-ээс гаргахыг үгүйсгэшгүй.

Олон улсын улаан загалмайн хорооноос элсээгүй орнуудаар зогсолтгүй хэсүүчилж даруйхан элсэхийг уриалан дуудах ухуулан сэнхрүүлэх хоёрыг хослуулж, нөлөөлөл тандалтын ажлаа тасралтгүй хийж яваа. Эдгээрийн үр дүнд газрын минийг бүрмөсөн хориглох Оттавагийн конвенцид сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн 164 улс орон нэгдэн орж 48 сая минийг устгаж дуусгаад байна.

Түүний дотор дайн байлдаантай байгаа Украин хүртэл НАТО-гийн тусламжтайгаар жилд сая мини устгаж, Белорусь гурван жилийн хугацаанд Европын Холбооны дөрвөн сая еврогоор бүх гурван сая гаран минээ устгаж дуусгалаа. Харин Орос Америк Энэтхэг Хятад Пакистан зэрэг цэргийн хүчирхэг өрсөлдөгч гүрнүүд, Армени Азербайджан Грузин Казакстан Киргиз зэрэг хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд, Куб Лаос Вьетнам Монгол зэрэг хуучин социалист орнууд гэх мэтээр нийтдээ 30 улс л Оттавагийн конвенцид нэгдээгүй элсээгүй байна.

Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2004 оны 10 дугаар сард Канад Улсын Оттавад хийсэн Төрийн айлчлалдаа хоёр орны түншлэл харилцааны асуудал төдийгүй Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид Монгол Улс алхам алхмаар нэгдэн орох бодлоготой байгаагаа илэрхийлсэн.

Мөн тэр үеийн 2004 онд эмхлэн байгуулагдаад байсан УИХ нь шинэхэн Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн 6-р зүйлд заасанчлан Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид үе шаттайгаар нэгдэж, эхний шатанд Монгол Улсын газрын минийн тоо хэмжээ, чанар байдлыг ил тод болгоно хэмээх батлан хамгаалах бодлогын нэгээхэн заалтыг Монгол Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоороо баталсан билээ.

Тэр цагаас хойш Монгол Улс 2004 оны 12 сард Найробид болсон Газрын минийн анхны бага хурлаас эхлээд Женевын болон бусад хурал зөвлөлгөөнд тогтмол оролцож өөрийн бодлого байр сууриа илэрхийлж байсан болохоос биш яг ЭЛСЭХ улс төрийн шийдвэрээ 15 жил өнгөрсөн ч гаргаагүй байгаа нь бидний хоёр хөрш Хятад Орос нь Оттавагийн конвенцид элсээгүй байгаатай холбоотой.

Гэвч энх тайванч бодлогоо дэлхий дахинаа зарлаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан байгуулахаа Үндсэн хуулиндаа даяар олноо тунхагласан Монгол Улсын хувьд Газрын минийн Оттавагийн конвенцид элсэх зүрх зориг үе үеийн төр засгийн удирдлага гаргаж чадаагүйг одоогийн төрийн гурван өндөрлөг ухааран гүйцээж гаргаж чадваас энэ нь ирээдүйгээ харсан хамгийн зөв оновчтой шийдвэр байх бөгөөд хүн төрөлхтөний өмнө тэдний байгуулсан гавьяа нь мөнхөд орших болно, ялангуяа хариуцсан салбарын сайд нь Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр давхар ажиллаж байгаа энэ үед..

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549