Эверест уулнаас гурван тонн хог буулгаад байна

access_time 2019-05-03
remove_red_eye 798

 

Дэлхийн орон орны уулчдын зорьдог чухал газар болсон дэлхийн дээвэр Эверест уул хогонд дарагдаад байна.

Саяхан энэхүү уулны хогийг цэвэрлэх зорилготой сайн дурынхан Балбын засгийн газрын дэмжлэгтэй ажиллаж эхэлжээ. 14 хүнтэй тус багийнхан эхний хоёр долоо хоногийн хугацаанд гурван тонн хог буулгасан байна.

Тэд 45 хоногийн хугацаанд 10 тонн хогийг Эверестээс цуглуулах зорилго тавьжээ.

Балбын зэвсэгт хүчний нисдэг тэрэг хогийг уулнаас буулгахад тусалж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Эверестээс хоосон лааз, лонх, хуванцар, уулчдын хаяж гээсэн эд зүйлсийг цуглуулснаас гадна дөрвөн хүний цогцос олжээ.

Уур амьсгалын дулаарлын улмаас далайн төвшнөөс 8,848 метр өндөр Эверестийн цас мөс хайлж, авирахаар яваад сураггүй болсон үе үеийн уулчдын цогцос олноор ил гарах болсон байна.

Балбын засгийн газар олон жилийн турш уулын хог хаягдалтай тэмцэж байгаа. 2011 оноос хойш Эверестыг цэвэрлэх ажил тогтмол зохион байгуулж иржээ. Мөн 2014 оноос эхлэн уулчдаас барьцааны мөнгө авч, уулнаас буухдаа найман килограм хогтой буцаж ирвэл барьцааны мөнгийг нь буцаан олгох болсон байна.

Энэ оны хоёрдугаар сараас эхлэн Эверест уул руу авирахыг Хятадын талаас зогсоосон нь мөн хог хаягдлын асуудлыг шийдэх зорилготой.

Гэвч сүүлийн жилүүдэд хог хаягдлаас гадна амиа алдсан уулчдын цогцос олноор илрэх болоод байгаа. 1922 оноос хойш нийт 200 гаруй уулчин Эверестэд амь үрэгдсэн гэсэн бүртгэл байдаг.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549