Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө

access_time 2018-10-08
remove_red_eye 97

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, 2019 оны төсвийн төсөл болон намын дотоод асуудал буюу орон нутгийн нөхөн сонгуульд АН-ын гаргасан үр дүнгийн талаар ярилцсан байна.Бүлгийн хурлын мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж нар өглөө.

 

Д.Эрдэнэбат: Засгийн газар дэндүү хариуцлагагүй ажиллаж байна

Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2019 оны төсвийн төслийг хэлэлцэх шатанд АН-ын бүлэг тодорхой шалтгаанаар завсарлага авсан. Энэ дагуу өнөөдрийн хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл сонслоо. 2019 оны төсвийн төсөлд хуулийн зөрчил гарсан. Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчсөн. Тухайлбал гадаадын зээл тусламжийн хөтөлбөр, төслүүд төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжин хэрэгжих ёстой байтал ганц сайдад төвлөрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ жилийн төсөв орлого, зарлага, алдагдал талаасаа маш өндөр. 2020 оны сонгуульд зориулсан хөөсрүүлсэн төсвийг оруулж ирсэн. 11 их наядын зардал нь улс орны өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх байдалтай байна. Төсвийн энэхүү орлого, зардлын хэмжээгээр инфляцийн өсөлт, юмны үнэ, долларын ханшны хэлбэлзэл бий болж байна. Ирэх жилийн төсөвт зайлшгүй тусгагдах ёстой зүйлүүдийн мэдээлэл бүрхэг байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийн сан үүгээр дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх эсэх асуудал бүрхэг байна. Урсгал зардлыг танаагүй байна. Хөрөнгө оруулалт хоёр их наяд төгрөг болж нэмэгдсэн. Нийгмийн, дэд бүтцийн шинж чанартай хөрөнгө оруулалт төсөвт маш том дарамт учруулахаар байна. Импортын хэрэглээг өдөөх хэрэгсэл болж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтыг хийлгэвэл төсөвт үүсэх ачаалал буурна гэсэн саналыг манай бүлгийн гишүүн З.Нарантуяа гаргасан. Энэ саналыг дэмжиж байна. Өрийн тухай асуудал, үнийн нэмэгдлийн талаар Сангийн яамнаас тодруулахад Монгол банкнаас асуу гэсэн хариултыг өглөө. Засгийн газар, Монгол банк хоорондоо уялдаагүй ажилласнаас болж эдийн засагт ойлгомжгүй байдал бий боллоо. Ганцхан сарын дотор долларын ханш 22 төгрөгөөр нэмэгдлээ. АИ 92 штахууны үнэ 65 төгрөгөөр нэмэгдлээ. Үнийн энэ огцом хөөрөгдөл ард түмний нуруун дээр ачаа болж байна. Энэ талаар Засгийн газар хариулт өгч чадахгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй байна. Валютын ханшийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан. Асуулгыг хариуг өнөөдөр өгөх байх ” гэлээ.

С.Эрдэнэ: Нөхөн сонгуульд МАН ялсан мэтээр буруу мэдээлэл цацаж байгаа нь аргаа барсан үйлдэл

Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дотоод асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Өнгөрсөн амралтын өдөр зарим газарт нөхөн сонгууль боллоо. Сүхбаатар аймагт АН-ын гишүүн Ж.Батсуурь өндөр саналаар ялалт байгууллаа. Дорноговь аймагт ирц бүрдээгүйн улмаас сонгуулийн эцсийн үр дүн гараагүй байхад МАН ялсан мэтээр буруу мэдээлэл цацаж байна. Эрх баригчдын аргаа барсан үйлдэл энэ байх. Сонгогчид мөнгөөр хууртдаг цаг ард өнгөрсөн. Хэн хийж бүтээж чадаж байна түүнд итгэл хүлээлгэдэг цаг болсон нь сонгогчдын боловсрол нэмэгдэж буйтай холбоотой. Өнөөгийн Засгийн газар маш мөнгөтэй баян байна. Харамсалтай нь тэд эдийн засгийн зөв хуваарилалтаа хийж чадахгүй байна. Засгийн газар, Монгол банк хоорондын уялдаа холбоогүй байна. Инфляци 9 хувьд хүрээд байна. Энэ Засгийн газар өр их тавьсан ч чухам юу хийв. Долоон их наядын өрийг дарсан гэх үгийг хэлсэн. Сая Сангийн яамныхан ямар өр дарсныг нь асуухаар хэлж мэдэхгүй байна. Үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд Ардчилсан нам ажиллах болно. Энэ Засгийн газар маш их өр үйлдвэрлэсэн. Тиймээс бид Сангийн сайдаас хариуцлага нэхэх болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ирэх жил ЖДҮ-г дэмжих нэг ч төгрөг суулгасангүй

-Ирэх жил ЖДҮ-г дэмжих нэг ч төгрөг суулгасангүй. Төсвийн орлогын 82 хувийг татвараар бүрдүүлнэ гэж байна. Нэг талаар бид ЖДҮ-ээс татвар сайн авч чадаж байгаа ч дэмжих ажлаа хийж чадахгүй байна. Мөн махны экспортыг дэмжих бодлого алга.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

– Шатахууны үнийн өсөлтийн эсрэг ямар ажил хийх ёстой юм бэ. Сөрөг хүчин энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

– Д.Эрдэнэбат: Шатахууны үнийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх санал тавьсан ч Сангийн яам, Монгол банк хариултаа бэлдээгүй гэх үндэслэлээр асуулгын хариуг өгөөгүй. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэхийг шаардана. Хэрвээ Засгийн газар, Монгол банк асуулгад тодорхой хариулт өгч чадахгүй, үнэ цаашид өссөөр байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр аргагүй.

С.Эрдэнэ: Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Эсрэгээрээ орлого өсдөггүй. Ийм нөхцөл байдалд ард иргэдийн амьжиргааны асуудлууд хөндөгдөнө. Энэ нөхцөлд бид зүгээр суухгүй ээ. Бид холбогдох хүмүүстэй хамтарч ажиллана. Дараагийн улс төрийн үйлдлийг хийнэ. Сөрөг хүчний хувьд тэмцлийн хэлбэрийг сонгож ажиллана.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549