Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна

access_time 2018-08-01
remove_red_eye 43

Засгийн газрын ээлжит хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны явц, шаардагдах хөрөнгийн асуудлыг танилцууллаа.

2018 оны 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сард ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн иж бүрэн гэр, ус тээвэрлэгч, бохир зөөвөрлөгч, дугуйт ачигч зэрэг автомашин, механизм, авто замын байгууламжийг сэргээн засварлахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтов.

Тодруулбал, Баян-Өлгий аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан бол Дэлхийн зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ.

Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байгааг Засгийн гарзын хуралдааны үеэр танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцээд шаардагдах 540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын нөөц сангаас, үлдэх хэсгийг аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзэв. Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болголоо.

Мөн Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж үерт автаж эвдэрсэн. Үүнийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо орох мэдээлэл ирүүлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч, цаашид гамшгийн эрсдэлийн бэлэн байдлыг бүх түвшинд хангах, ард иргэдийг даатгалд хамруулах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549