Хятадын шүүх Канадын хоёр дахь иргэнд цаазын ял оноолоо

access_time 2019-05-01
remove_red_eye 1007

 

2019 он гарсаар Канадын хоёр дахь иргэн хар тамхины хэрэгт холбогдож, Хятадын шүүхээс цаазын ял сонслоо.

Гуандун мужийн дунд шатны ардын шүүх өчигдөр нийт 11 хүнд ял оноосон байна. Тэдний дотор Канадын иргэнээс гадна Америкийн нэг, Мексикийн дөрвөн иргэн байжээ.

 

Тэднээс Канадын иргэн болон түүнтэй хамтрагч Хятадын нэг иргэнд зөвхөн цаазын ял оноосон байна. Тэднийг метамфетамин хэмээх мансууруулах бодис үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагааг Хятадын газар нутагт явуулсан гэж буруутгажээ. Нэрийг нь Фан Вэй гэж шүүхийн тогтоолд орчуулж бичсэн Канадын иргэн нийт 63 кг мансууруулах бодис үйлдвэрлэж, бусдад борлуулсныг тогтоосон байна.

Өчигдөр шийтгүүлсэн Америк, Мексикийн иргэд цаазын ялаа бүх насаар хорих ял болгон өөрчлүүлжээ. Яллагдсан хүмүүс 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм байна.

 

Өнгөрсөн оны сүүлээр Хуавэй компанийн дэд захирал эмэгтэйг баривчилсны дараа Хятад-Канадын харилцаа муудаад байгаа. Энэ оны нэгдүгээр сард мөн хар тамхины хэрэгт холбогдсон Канадын иргэн Роберт Шелленбэргт Хятадын шүүх цаазын ял оноосон юм.

Үүнээс гадна Канадын экс дипломатч Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спавор нарыг Хятадын төрийн эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр баривчлаад байгаа.

 

Энэ бүгдийг Хуавэй компанийн дэд захирал Мэн Ванжоуг баривчилж, саатуулсны хариу арга хэмжээ гэж ажиглагчид дүгнэж байна. Мэн Ванжоу одоо Ванкуверт гэрийн хорионд байгаа ба түүнийг АНУ руу шилжүүлэхээр Канадын тал бэлдэж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549