ӨМӨЗО Дансүрэнжав эмч: Шөлөөр эмчлэх уламжлалт эмчилгэ

access_time 2019-04-30
remove_red_eye 1077

 

”Шөлөөр цадаж, төлөөр баяжна” гэдэг. Монголчууд өдөр тутмын амьдралдаа шөлөөр биеэ сувилж, өвдсөн үедээ анагаан засаж иржээ. Шөл нь монголчуудын амьдралд дутагдаж болшгүй тэжээлт ундаа, маш сайн эмчилгээ сувилгааны эмт ундаа юм. Шөл нүүдэлчин малчдын соёл түүхийн хамт дээр үеэс уламжлагдаж ирснийг эртний домог, амьдралын зан заншил, зүйр цэцэн үг, уламжлалт цээр ёсон, түүхэн тэмдэглэлүүдээс мэдэж болно.

 

Шулуун Хөвөөт Цагаан хошууны уугуул Дансүрэнжав эмчийн \”Монголчуудын уламжлалт шөлний засал” гэх шөлөөр эмчилгээ хийх аргыг монгол анагаах ухаантай уялдуулан олон жил судлан шинжилсэн бүтээл нь 2003 онд Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны судлалын VII удаагийн шалгаруулалтад шилдэг шинжлэх ухааны бүтээлээр үнэлэгдэв. 2010 онд Шэнь Ян хотод болсон 8 муж орны монгол эм эмнэлгийн эрдэм шинжилгээний хурал дээр хонины зүрхний битүү шөлөөр сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх эмчилгээний аргын талаар илтгэл тавьж, битүү шөлийг монгол анагаах ухааны эмчилгээтэй уялдуулан зүрхний хийн өвчин, мэдрэлийн өвчин, бөөрний өвчин зэргийг эмнэх талаар судалж амжилтад хүрчээ.

 

Шөлийг битүү шөл, хар шөл, бүхэл шөл, хярамцаг шөл, ясны шөл, хандалсан шөл гэж 6 ангилдаг бол эмчилгээний үйлчилгээ нь өөр өөр, түрхэх, илэх, төөнөх, нухлах, ороох, боох, угаах, шүрших, жигнэх, дэвтээх, хорхоглох, уулгах гэх мэт олон янзаар эмчилгээг хийдэг.

Дансүрэнжав олон жил уламжлалт шөлний эмчилгээгээр удаан хугацаанд нойргүйдэх, хий өвчин, зүрхний өвчин, мэдрэлийн өвчинд монгол эмний тунг тааруулж хамтатган \”Дөрвөн шимтийн шөл” (Монголчуудын уламжлалт эмчилгээнд бүх биеийн ясны шим толгойн ясанд, цээжин биеийн ясны шим далны тогоонд, сээр нуруу, ууцны ясны шим охор сүүлэнд, хойд биеийн ясны шим борви тойгт, цулын шим зүрхэнд, савны шим салбант сархинагт (сайн сархинагт), хүч тамирын шим хярзанд байдаг гэж үздэг. Тиймээс борви тойг, далны тогоо, охор сүүлний дөрвөн үеийг \”Дөрвөн шимтийн шөл” гэдэг байна)-өөр эмнэж эдгэрүүлээд хол ойрдоо нэртэй болжээ.

 

Тэрчлэн бие сувилах, эмчлэх, тэжээллэг чанартай байдаг бөөрний битүү шөлөөр монгол эм даруулж уух, бөөрний сэрүүнийг эмнэж, бөөрний үйл ажиллагааг сайжруулан олон өвчтөнг эмчлэн эдгээж, ялангуяа бөөрний чулууг буулгаж чадсан нь эрдэмтэн судлаачдад гайхагдан анхааралд нь хүрч, хий, сэтгэл мэдрэлийн өвчин, унадаг өвчин, нойргүйдэх зэрэг мэдрэлийн өвчнийг хонины зүрхэнд монгол эм хийж битүүгээр жигнэж идүүлэн зон олныг өвчнөөс нь ангижруулж бишрэгдсэн байна.

Жишээ нь, Шулуун Хөвөөт Цагаан хошууны Мянгат суурингийн Гурван худаг багийн иргэн сэтгэл мэдрэлийн өвчтэй болж Хэбей мужийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг зэрэг олон газраар явж эмчлүүлсэн боловч илааршаагүй байна. 1985 онд Дансүрэнжав эмчид үзүүлэхээр ирэхэд нь зүрхний өвчин болохыг тогтоогоод, хонины зүрхний битүү шөлөөр эмчилж, хэдэн сар монгол эмээр эмнэж эдгээжээ.

 

Зүүн Байран хошууны иргэн нойргүйдэх, мартаж санах өвчинд нэрвэгдэн арваад жил болж, Бээжин, Тяньжинь, Хөххот, Жан Жя Көү зэрэг олон газрын том жижиг эмнэлгээр эмчлүүлсэн боловч тус болоогүй байна. Эцэст нь Дансүрэнжав эмч хонины зүрхний битүү шөлийг \”Дөрвөн шимтийн шөл”-тэй хавсаргасан монгол эмээр эмчилж эдгээсэн юм. Шулуун Хөвөөт Цагаан хошууны Мянгат суурингийн Талын айл багийн малчин бүсгүй олон жил хүүхэд олохгүй байжээ. Дансүрэнжав эмч үзээд нөхрийнх нь бөөрний үйл ажиллагаа муу, эхнэрийнх нь савны хий цусны гүйдлийг хаасан гэж оношлоод бөөрний битүү шөлөөр даруулж уух монгол эмээр гэр бүлийн эмчилгээг хийснээр жилийн дараа үртэй болсон байна.

Дансүрэнжав эмч 1967 онд Их нуур сумын Аршаан бага сургуульд багшилж, 1975 онд хошууныхаа Цагаан-Уул сумын эмнэлэгт томилогдон ажиллаж, 1986 онд хошууны Монгол эмнэлгийн хорооны даргаар тушаал дэвшин ажиллаж байгаа 2007 онд тэтгэвэртээ гарчээ. Тэрээр 2001, 2003 онд Хөххот болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Олон улсын Монгол Эмнэлгийн Судалгааны хуралд \”Монголчуудын уламжлалт шөлний эмчилгээ”, \”Борцны эмчилгээний ач тусыг өгүүлэх нь” гэх өгүүллүүд нь шилдэг өгүүллээр үнэлэгдсэн төдийгүй аймаг хотын шагналыг олон удаа хүртжээ.

 

2008 онд Өвөр Монголын анх удаагийн нэрт монгол эмч, 2015 онд Өвөр Монголын хоёр дахь удаагийн нэрт монгол эмчээр үнэлэгдэж байв. 2014 онд Өвөр Монголын Монгол эмнэлгийн нийгэмлэгийн \”Монгол эмнэлгийн шинжилгээ судалгааг дэлгэрүүлэх судлаач”-аар уригдаж, 2015 онд Өвөр Монголын Монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн \”Бие сэтгэлийн тусгай эмчилгээний нийгэмлэг”-ийн гишүүн, Шилийнгол аймгийн \”Монгол идээ ундаа хийгээд соёлын нийгэмлэг”-ийн судлаач, Жи Нин хотын цахар соёл судалгааны ахиулах нийгэмлэгийн анхны судлаачаар тус тус уригджээ.

Дансүрэнжав: – Өдөр тутмын идэж ууж буй хүнсэндээ махны шөлийг илүү уувал тамир тэнхээ сайжрах төдийгүй бие махбодыг чийрэгжүүлэхэд тустай. Мал агь, таана, арц, зээргэнэ зэрэг өвсний шимийг биедээ шингээснээр махны шөл нь насыг уртатган, өвчин тахлаас сэргийлж чаддаг эмт ундаа болдог

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549