Энэтхэгийн арми Хималайн ууланд “АЛМАСНЫ МӨР” олсноо зарлажээ

access_time 2019-04-30
remove_red_eye 2737

 

Олон зууны турш хүн төрөлхтөн Цасны хүн, “Yeti”, алмас гэдэг хүн дүрстэй аварга амьтны мөрийг мөшгиж байгаа ч ийм амьтан байдаг гэх хангалттай баримт олдоогүй байна.

Тэгвэл Хималайн ууланд аялж яваа Энэтхэгийн армийн экспедиц цасан дээрээс алмасны мөр олсноо өнөөдөр твиттер хуудсандаа зарлажээ.

Энэтхэгийн армийн албан ёсны хуудсанд “Анх удаа Энэтхэгийн армийн уулын экспедицийн баг домгийн амьтан алмасны мөрийг оллоо” гэж зургийн хамт нийтэлсэн байна.

 

 

81 см урт, 38 см өргөн хэмжээтэй уг мөр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Балба, Төвдийн хил дээр оршдог Макалу уулын баазын ойролцоо олджээ.

Өмнө нь энэ бүсээс мөн алмасны мөр олдож байсан түүхтэй гэнэ.

Өнөөдөр Энэтхэгийн сошиал ертөнцөд энэ талаар маргаан өрнөж, #Yeti түлхүүр үг өндөр эрэлттэй байна. Хүмүүсийн зарим нь армийг шинжлэх ухаанаар батлагдаагүй онолыг дэвэргэж байна хэмээн шүүмжилсэн бол зарим нь тоглоом шоглоом болгожээ.

Мөн алмас байдагт итгэдэг хүмүүсийн сонирхлыг ч татсан байна.

 

Энэтхэгийн арми гуравдугаар сарын 26-ны өдөр тусгай экспедицийг Макалу ууланд авируулахаар илгээж байсан юм. Тэдний зорилго нь тухайн бүс нутгийн 8,000 метрээс өндөр бүх оргилд гарч, төрийн далбаагаа мандуулах байжээ.

Алмасыг зарим эрдэмтэд Хималайн нэг төрөл зүйлийн баавгай мөн гэж үздэг. Хималайн уулсын оршин суугчид 350 орчим жилийн өмнөөс анх алмасны тухай домог ярьж эхэлсэн гэдэг. Тухайн үед Сангва Доржэ гэдэг нэртэй нэгэн нутгийн хүн өндөр уулын агуйд амьдарч байхдаа цасны хүнтэй харилцдаг байсан гэх яриа гарсан юм.

 

1951 онд Британий аялагч Эрик Шиптон Жомолунгма уулын баруун хэсгээс алмасны мөрийг олж, гэрэл зурагт буулгаснаар “Yeti”-гийн домог өрнө дахинд тархсан байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549