Гахайны арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг хийхэд бэлэн болжээ

access_time 2019-04-30
remove_red_eye 177

 

Ирээдүйд хүний түлэгдсэн арьсыг нөхөхөд гахайг донор болгон ашигладаг болох гэж байна. АНУ-ын Бостонд төвлөрдөг XenoTherapeutics байгууллага өнгөрсөн долоо хоногт ийм туршилт хийх зөвшөөрлийг эрх баригчдаас авсан байна. Ингэснээр тус байгууллагын судлаачид генетикийн өөрчлөлтийн аргаар гаргаж авсан гахайн арьсыг хүнд шилжүүлэх туршилтыг гүйцэтгэх эрхтэй болж байгаа юм.

Амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэх туршилтын зөвшөөрлийг АНУ-ын түүхэнд анх удаа олгосон нь энэ ажээ. Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд хүний бие махбодыг гадны халдвараас хамгаалах, ус чийгийг тогтоох, биеийн температурыг тогтмол хадгалах зэрэг чухал үүрэгтэй. Яг одоо түлэгдсэн хүний арьсыг нөхөхдөө зөвшөөрсөн донороос авах, эсвэл их хэмжээний жин хассаны дараа мэс заслын аргаар салгаж авсан илүүдэл арьсыг ашигладаг. Гэхдээ ийм нөхөөс арьс маш ховорт тооцогддог.

 

Дээр дурдсан XenoTherapeutics судалгааны байгууллага нь хүний арьстай тун адилхан арьс бүхий гахайг үржүүлдэг байна. Ердийн гахайн арьс нэг төрлийн чихэр ялгаруулдагаараа хүнийхээс өөр. Тэгвэл генетикийн аргаар тэд өөрийн үржүүлж буй гахайны арьсыг чихэр ялгаруулдаггүй болгож өөрчилжээ. Хүний түлэгдсэн арьс нь яваандаа нөхөгддөг. Харин гахайн арьсыг дөнгөж түлэгдсэн хүнд хэсэг хугацаанд суулгаж, өөрийнх нь арьсыг нөхөн төлжих хүртэл ашиглах эхний зорилготой байна.

Дэлхий даяар амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлж ашиглах янз бүрийн туршилтууд хийгдэж байгаа. Тухайлбал Бразилд түлэгдсэн хүний арьсыг түр нөхөх зорилгоор нэг төрлийн загасны арьсыг туршиж байна. Өнгөрсөн долоо хоногт Германы судлаачид генетикийн аргаар өөрчилсөн гахайн зүрхийг бабун мичэнд суулгаад хагас жил орчим болж байгаагаа зарлажээ. Ингэснээр хүний зүрхийг гахайн зүрхээр орлуулах боломж бий болох цаг ойртож байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549