Улсын харцага Б.Бат-Өлзий ээлжит түрүүгээ хүртлээ

2019-04-29 630 0

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, морьт отрядын жанжин, улсын заан Чимэдийн Мижидийн нэрэмжит “Улсын заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаан” Монгол Бөхийн Өргөөнөө боллоо. Энэхүү барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглов.

Ахлах цолтнуудаас улсын харцага Б.Одгэрэл сумын заан Э.Жүгдэрнамжилд нэгийн даваанд, улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн нэмэх начин М.Бэлгүтэйд хоёрын даваанд, улсын заан М.Өсөхбаяр Увс аймгийн заан Б.Болдбаатарт дөрвийн даваанд тус тус өвдөг шороодов.

 

Их шөвөгт улсын аварга Н.Батсуурь улсын заан Б.Батмөнхийг амлан барилдсан боловч мордох мэхэнд нь гишгэдэл алдаж, тахимдах мэхэнд нь тахим буулгав. Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий нар тунаж, харцага хялбархан давсан юм. Үзүүр түрүүний барилдаан ч удсангүй харцагын даваагаар өндөрлөж, Ховдын бяртай харцага таван сая төгрөг гардлаа. Үзүүрт шалгарсан улсын заан Б.Батмөнх гурван сая, их шөвөгт шалгарсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар тус бүр нэг сая төгрөгийн бай хүртсэн юм.

Холбоотой мэдээ