ОХИД МИНЬ, та нар хаана байна аа

access_time 2019-04-29
remove_red_eye 227

ЭХ СУРВАЛЖ:У.ГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН



 

Хэдэн жилийн өмнө бага насны хүүхэд тэр тусмаа охид ор сураггүй алга болсон тухай ихэвчлэн гаднын мэдээлэл болоод кинон дээрээс л хардаг байлаа. Монгол харьцангуй тайван орон тул дэлхийд болж буй чих дэлдийлгэм үйл явдлын ард үлддэг гэж эндүүрч байв. Хүний наймааны золиос, хүүхэд алга болох, биеэ үнэлэлт, амиа хорлолт, хар тамхи гээд дэлхийн аранга болсон гэмт хэргүүд Монголоос гадуур оршдог гэж итгэдэг байв.

Гэвч өнөөдөр гуравхан сая хүн амтай Монгол Улсад дээрх гэмт хэргүүд олширч байгаа нь харамсалтай. Хамгийн эмгэнэлтэй нь сүүлийн хэдэн жилд бага насны охид ор сураггүй алга болсоор байгаа нь хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Тэдгээр охид хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй. Сэжүүр нь ч олдохгүй байгаад хэргийн учир байгаад байна.

 

Улмаар хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины сураг гараагүй байхад бага насны хоёр ч охин дахин алга болов. Хамгийн гол нь хөдөө орон нутагт эдгээр охид сураггүй алга болсон нь гайхширал төрүүлж байгаа юм.

 

АЛГА БОЛООД ХАГАС CAP БОЛСОН Б.УНДАРМАА ОХИНЫ СУРАГ АЛДРАВ

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болсон юм. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон гэх бөгөөд орон даяар эрэн сурвалжилж байна. Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил хийсээр байгаа ч үр дүнд хүрээгүй байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бямбадалай “Охиныг хайх эрлийн ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 30 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн ирж ажиллаж байна. Ямар нэгэн сураг гараагүй байгаа” гэсэн мэдээллийг хэвлэлд өгчээ.

 

Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Иймд охины талаар бодит мэдээлэл өгсөн хүнд таван сая төгрөгөөр урамшуулахыг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.

Охины алга болсон өдөр ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг нь харжээ. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн юм байна. Ингээд охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй учраас хуулийн байгууллагад хандаж, эрлийн ажиллагааг орон даяар явуулжээ.

 

Охины аав Д.Бибиш “Дөрөвдүгээр сарын 14-ний өглөө би хөдөө айлд очиж, ажил хийгээд, орой 18:00 цагийн орчимд гэртээ ирсэн. Охиныг хаачсан бэ гэж эхнэрээсээ асуухад “Жаахан тоглоё гээд гуйхаар нь усанд оруулчихаад гаргасан. Чамайг орж ирэхээс өмнөхөн харсан, хойно тоглож байна лээ” гэсэн. За тэгвэл яахав яахав гээд тайвшраад хэсэг суусан. Тэгээд 19:00 цагийн үед гэрээсээ гараад хайж эхэлсэн.

Би тэр өдөр охиныхоо барааг ч хараагүй. Хүүхдийг маань гадагшаа аваад явчихдаг юм биш байгаа. Хот руу аваад явчихаагүй байгаа гээд олон зүйл бодож байна. Орон даяар охиныг маань хайж байна. Охины маань талаар багахан мэдээлэл ч гэсэн байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж тус болооч ээ гэж гуймаар байна” гэж ярьжээ.

 

Энэ талаар УИХ-д Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүн Н.Оюундарь “Эх хүний хувьд өөрийнхөө хүүхдийг алга болсон мэт сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдад талархаж байгаагаа хэлсэн. Ар гэрийнхэнд нь тун хүнд байгаа. Тиймээс Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн их эмчийг орон нутагт ажиллуулж, ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөг өгүүлсэн.

Орон нутгийн ард иргэд,цагдаагийн албан хаагчид өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй ажиллаж байгаа. Миний хувьд тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлсэн. Одоо сураг чимээ алга. Залбираад л суухаас өөр аргагүй байна” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байх юм.

 

ХОНИНЫ БЭЛЧЭЭР ДЭЭРЭЭС АЛГА БОЛСОН ОХИН НАЙМАН CAP OP СУРАГГҮЙ БАЙНА

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай Б.Мөнгөнцэцэг охин алга болсон юм. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11:00 цагийн үед хониныхоо бэлчээр дээрээс сураггүй алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь найман сарын турш хайсаар байна. Сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Товгын ар гэх тус газар нь бургас, сайр, гол, ой модтой зэрлэг ан амьтан ихтэй бөгөөд сумын төвөөс арваад километрийн зайд оршдог.

Охины хонь хариулж явсан газраас хоёр километрийн зайд сумын төвөөс гуравдугаар баг руу очдог зам байдаг бөгөөд тухайн орчимд хавар, зун, намартаа 20 гаруй малчин айл амьдардаг юм байна. Өглөө эрт хонио дагаад гарсан охин өдөр 13:00 цагийн үед ирэхгүй болохоор нь гэрийнхэн нь хайж эхэлжээ. Ингээд 17:00 цагийн үед сум руу мэдэгдэж эхний өдөр ах дүү, хамаатан саднууд хайлцсан байдаг.

 

Дараагийн өдрөөс Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, сумын захиргаанаас бүрдсэн эрлийн баг, нутгийн иргэд хамтран наймдугаар сарын 14-ний өдрийг хүртэл хайжээ. Ингээд ямар нэг ул мөр сураг олоогүй тул эрлийг зогсоосон байдаг.

Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр, жигнэмэг, гар утас авч ирсэн тухай мэдээлэл байна. Тодруулбал, хониноос ирэхдээ тэрбээр “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байдаг. Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэнэ. Охиныг алга болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд ямар ч сураггүй байсаар өдийг хүрчээ.

 

Мөн охиныг алга болсон даруйд Онцгой байдлын аврагч, нутгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн хоёр хоног хайсан аж. Цагдаагийн байгууллагаас нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас тодруулахад “эрлийн ажиллагаа татан буугдаагүй үргэлжилж байна” гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

 

Д.СЭРЖМЯДАГ ОХИН АЛГА БОЛООД ХОЁР ЖИЛ БОЛЛОО

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр ор сураггүй алга болоод хоёр жил болжээ. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. Алга болох үедээ цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан аж. Охиныг хайх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа.

Тус өдрийн 16:30 цагийн орчимд түүний эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд уйлжээ. Ингээд ар гэрийнхэн нь тухайн өдрийнхөө 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охиныг алга болсон талаарх мэдээллийг өгсөн байдаг.

 

Охиныг алга болдог өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэгэн сэжүүр олоогүй. Д.Сэржмядагийг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүд сумыг нэгжсэн. Тэд сум болон сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдоогүй.

Харин одоо улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч чихэнд чимэгтэй ганц үгийг цагдаа нар дуулгалгүй хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна.

Охины ээж Б.Хоролмаа “Гэртээ инээгээд ороод ирэх юм шиг л санагдаад байх юм. Охиноо амьд мэнд олчих юмсан. Төрүүлсэн үрээ яасан нь мэдэгдэхгүй алдчихаад сууж байна гэдэг амьдын там байдаг юм байна даа. Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад заримдаа бачуурах юм.

 

Хэн нэгэн охиныг минь тамлаж, зовоож байх вий дээ гэж бодохоор зүрх зүсэгдэх шиг болж, сэтгэл санаа хямраад хэцүү байна. Бид цагдаа нарыг охиныг минь хурдан олоод өгнө гэж итгэж байна” гэж тухайн үед хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн.

Өнгөрсөн хугацаанд охиныг эрэн хайх эрлийн багийнхан татан буугдаагүй бөгөөд эл хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч мөн л сэжүүр олоогүй юм. Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12:30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусаж байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байдаг.

Үүнээс гадна 13 настай охинд архи уулгаж, хүчирхийлэн улмаар амь насанд нь хүрсэн аймшигт хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай М охин ээжтэйгээ уулзахаар гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон байдаг.

 

Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганц худгийн ойролцоо “Очир” төвийн зочид буудал руу дагуулан орж, улмаар архиар шахаж, ёс бусаар хүчирхийлж амийг нь хохироосон байдаг юм. Энэ хэрэг нийгмийг хэсэгтээ л цочроож, олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байв.

Гэтэл араас нь бага насны охид ор сураггүй алга болсоор байгаа нь айдас түрүүлсээр байна. Тэдгээр охид хаана байгааг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Холбогдох байгууллагууд чадах чинээгээрээ эрлийн ажиллагаа явуулж байгаа ч амжилтад хүрэхгүй л байна.

Өнөөдөр бид охидоо хаанаас нэхэх вэ, хэнээс бурууг хайх вэ. Төр, засгаас уу, эцэг эхээс нь үү. Ямартай ч охидод маань дахин муу зүйл битгий тохиолдоосой билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549