Төрийн “дагавар хүүхэд” ЦАГДАА

2019-04-27 1871 0

ЭХ СУРВАЛЖ:UNUUDUR.MN



 

 

Хоёр сая хол давсан цалинтай прокуроруудын ажлын цаг дуусаж хаалгаа барихад
Гурван саяын цалинтай шүүгч нар гэртээ хариад дуг нойрондоо дугжирч байхад

Гутлын үнэ ч хүрэхгүй цалинтай цагдаа нарын ажил ид ихэсдэг юм
Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал хүндэрдэг юм

Шүүгч, прокурорууд бүтэн нойртой унтаад сэрэх цагаар
Шөнөжин ажилласан цагдаа хэрэгтнийг илрүүлэн дагуулаад очиход

Шүдээ чигчилсэн цатгалан прокурор ярвайж
“Шүүх хуралтай, завгүй” гээд хаалгаа саван гарахад

Шүүхийн гадаа үүрэглэн зогсох цагдаа ямар буруутай вэ…

хэмээн нэгэн эрхэм бичсэн нь олон нийтийн сүлжээгээр ойрд эрчимтэй түгээд буй.

 

Сайндаа ч биш л дээ, саяхан хоёр цагдаа дэндүү харамсалтайгаар ар араасаа амиа алдсан тул манайхан ийн шуугьсан хэрэг.

Тэгсхийгээд юу ч болоогүй мэт мөдхөн мартацгаана даа гэж бодохоос халаглам.

Шүүгч, прокурор, тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд бүгд л тангараг өргөсөн төрийн тусгай албаныхан хэрнээ хамгийн аюултай хүнд нөхцөлд,

Хамгийн бага цалинтай, хамгийн олон цагаар ажилладаг нь хэн билээ гэдгийг монголчууд эрхбиш мэдэхтэйгээ.

 

Гэвч ажлын голыг нугалж, ачааны хүндийг үүрдэг цагдаа нартаа төр, засаг нь хойт эх шиг хандаж, нийгмийн хангамж, амьдралын баталгаа, ажлын нөхцөл байдал,

Авдаг цалин урамшуулалд нь дорвитой анхаарахгүй, ялгаварлан гадуурхсаар өдий хүрсэн.

Худлаа гэвэл 2015 оны эхээр Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д хүргүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийг хайгаад үзэхийг зөвлөе.

Үүнд Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж,

Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах тухай маш тодорхой заасан байгаа.

 

Бүр тодруулбал, 4000 хүн амтай хороонд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг нормативыг долоон жилийн өмнө 153 дугаар тогтоолоор баталж өгчээ.

Гэвч өдгөө нийслэлийн аль ч дүүрэг, хороонд энэ үзүүлэлт хэрээс хэтэрч, нэг хэсгийн байцаагчид 8000-12 000 хүн ногдож буй аж.

Одоогийн байдлаар Монголын цагдаагийн байгууллага 3100 гаруй хүний орон тоо дутуу ажиллаж байгаа тул хүн хүчийг нэмэгдүүлэн, жишиг нормативт хүргэх,

Алба хаагчдын цалин хөлсийг хууль сахиулах, хэрэгжүүлэх бусад байгууллагынхтай адил түвшинд болгож өсгөх шаардлагатайг “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Алтанбаатар хэлэв.

 

Нэг хэсгийн байцаагч, төлөөлөгч гэхэд 3-5 хүний хийх ажлыг дангаараа гүйцэтгэж, ар гэр,

Амьдрал ахуйдаа ч анхаарах сөхөөгүй зүтгэж байгаа нь тэдний бие махбод, сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлж буй гэдэг ортой.

Харамсалтай нь Хүний эрхийн үндэсний комиссын дээрх илтгэлийн мөрөөр төр, засаг өнөө хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй.

Гэтэл нэрмэсэн дээрээ яаж бүр нэмээд нэрмэснийг нь УИХ-ын 2017 онд баталсан 29 дүгээр тогтоолоос нэг харчихаарай.

Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байх;эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах хоёр хүн тутамд нэг албан хаагчийг нөхөн томилох тухай уг тогтоолд тусгасан.

 

Тэртэй тэргүй Монголын хөдөлмөрийн зах зээлд багш, эмч илүүдэлтэй байгаа учраас энэ хоёр салбарын албан хаагчдын тухайд маргах зүйлгүй.

Харин угаасаа орон тоо нь дутагдалтай байгаа цагдаагийн гэр бүлээс хоёр албан хаагч тэтгэвэртээ суухаар оронд нь нэгийг л нөхөж авна гэдэг яавч эрүүл ухаанд буухгүй шийдвэр байгаа биз.

Нохойд барьдаг мод шиг юм бүхний түрүүнд цагдаагаа тавьдаг байж цалинг нь “царцааж”, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахгүй байх салбарын жагсаалтад хүртэл эрүүл мэнд, боловсролтой хамт багтаачихдаг нь юу юм.

Нөгөө сүрхий дулаахан, тохилог оффист тухалдаг шүүгч, прокурорын ажилтнуудыг тэгвэл хамтад нь багтаахгүй яагаа вэ.

 

Энэ хөнгөн хуумгай шийдвэрээ УИХ-ын эрхэм түшээд 2019 оны төсөв батлахаас өмнө эргэж харвал сайн сан.

Үнэндээ энэ бол өдгөө манай цагдаа нарт тулгамдаад буй асуудлууд, саад бэрхшээлийн зөвхөн нэг л тал нь.

Сүүлийн жилүүдэд манай улсад гарч буй гэмт хэргийн тоо нэмэгдэж, үүний улмаас харамсалтайгаар амиа алдсан иргэд ч жил бүр өсөж буйг статистик мэдээллээс бэлхнээ харж болно.

Хамгийн гол нь үйлдэгдэж буй гэмт хэргийн сэдэл, хэлбэрүүд улам харгис хэрцгий болоод байхад жинхэнэ галын шугам дээр ажилладаг цагдаа нар нь гав, бороохойноос өөр зэвсэггүй гэмт этгээдүүдтэй нүүр тулдаг.

Өнөөдөр захын нэг баяны эрхээрээ хатсан “нусгай жаал” галт зэвсэг агсаж, хууль хяналтынхныг хуйгаар нь чичрүүлж мэдэх ороо бусгаа цаг ирсэн гэхэд хилсдэхгүй.

 

Гэтэл төрийн нүүр царай болсон цагдаа нь ийм “шүдгүй арслан” шиг байхад төр хүчгүй, сул дорой харагдах нь зүйн хэрэг.

Тиймээс л захын нэг хурган баян төрийн цагдаагийн ам руу салаавч “чихээд” зогсож байна бус уу.

Хамгийн сүүлийн жишээ нь хэдхэн хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан.

Хэрэв түүнд галт зэвсэг байсан бол гэмт хэрэгтнийг саатуулахын тулд заавал өөрийн биеэр машинаас нь зүүгдэн тэмцэлдэхгүй, машиных нь дугуй руу буудаад ч болов зогсоож чадах байв.

Хэрэв манай эргүүлийн цагдаа нар тусгайлан тоноглосон олигтойхон машинтай сан бол тэр өдөр хамт үүрэг гүйцэтгэж байсан нөхөр нь гэмт этгээдүүдийн унааг хөөж гүйцээд, урдуур нь хашиж орж болох байлаа.

 

Даанч монгол цагдаа нарт өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах галт зэвсэг, тусгай хэрэгсэл, зориулалтын тоноглол бүхий машин, техник хэрэгсэл байхгүй,

Дээрээс нь нэмэгдэл хүн хүч дуудах нөөц хүрэлцээ ч дутмаг учраас нүцгэн гараараа гэмт хэрэгтнүүдтэй тэмцдэгийг энэ удаагийн эмгэнэлт явдал яруу тодоор харуулав.

Нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий анхан шатны албанд ажиллаж буй алба хаагчдаа шаардлагатай зэвсэг техник,

Багаж хэрэгслээр нь хангахгүй бол юунд хүрч болохыг хэдэн жилийн өмнөх Баян-Өлгийд болсон явдал ч мөн баталсан билээ.

Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдахдаа тулангуут албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудан хөнөөсөн гашуун сургамж ганц үүгээр тогтохгүй.

 

“Төр, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх тангараг өргөсөн цагдаагийн аминд халдах, эрүүл мэндийг нь хохироох тохиолдол гадаадын орнуудтай харьцуулахад манайд харьцангүй бага гардаг.

Гэвч сүүлийн жилүүдэд ямар аймшигтай, харгис хэрцгий гэмт хэргүүд манайд гарах болсныг бүгд мэдэж байгаа.

Нийгмийн ухамсар гүйцэд төлөвшөөгүй, ажилгүйдэл, ядуурал газар авч, архидалт ихэссэн энэ хэцүү цаг үед цагдаагийн алба хаагчдын хангамж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах,

Нийгмийн асуудлыг нь шийдэх зэрэгт эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй” хэмээн Н.Алтанбаатар журмын нөхдөө өмгөөлөн дуугарсныг олон нийт тун идэвхтэй дэмжиж байгаа юм билээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амь эрсэдсэн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд Ерөнхий сайд орон сууц өгсөн нь үлгэр дуурайлтай сайн хэрэг.

 

Айлын хашаанд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч асан тэрбээр 22 жил цагдаагийн байгууллагад хүчин зүтгээд авч чадаагүй орон сууцаа ийнхүү амиараа “төлөөд” авсан юм.

Тэгвэл Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, ахмад Э.Мөнхтулга эмнэлэгт хэвтэж буй нялх биетэй эхнэр, нярай хүүхдэдээ даавуу дөхүүлж өгчихөөд, шалгаж буй хэргийнхээ гэрчээс тайлбар авахаар Орхон аймаг руу явж байгаад замдаа осолдсон билээ.

 

Тэрбээр сумын Цагдаагийн хэсгийн байртай залгаа умгар кабонд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд хөөрхий гэр бүлд нь туслах уриалга нийгмийн сүлжээгээр гаргаад буй.

Монгол төрийн цагдаагийн ажлын нөхцөл ч, ар гэрийн амьдрал ч нэг иймэрхүү дүр төрхтэй байгаа нь хэний буруу вэ.?

Төр, түмнийхээ төлөө амиа өргөхөөс буцахгүй эрэлхэг зоригтой хөвгүүдийнхээ хөдөлмөрийг амьдад нь үнэлдэг,

Эмгэнэлт явдал боллоо гэхэд үр хойчид нь үлдэх юмтай байлгадаг жишиг хэр их үнэ цэнээр тогтох бол.

 

Холбоотой мэдээ