Хакүхо дахин алдаа гаргавал бүх амжилтыг нь хураана

access_time 2019-04-26
remove_red_eye 2463

 

 

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал гуравдугаар сард хаврын башёд түрүүлээд ярилцлага өгөх үеэрээ үзэгчдийг алга ташин уухайлсан нь сүмо бөхийн ёс зүйн дүрэм, уламжлалыг зөрчсөн гэж үзэн түүнд болон, дэвжээний багшид нь шийтгэл оноосон. Сүмо бөхийн холбооноос Хакүход сануулга өгч, дэвжээний багш Мияагино ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийдвэрийг лхагва /2019.04.24/ гаригт гаргасан.

Сэтгүүлчид энэ талаар Хакүхогоос тодруулахад “Илүү их зүйлийг сурах ёстойгоо ойлголоо. Шинэ эринд шинэ Хакүхог та бүхэнд харуулах болно. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэж хэлсэн байна.

 

Харин Мияагино ояаката “Энэ шавьдаа сайн зааж зөвлөөгүй миний алдаа. Хакүхог дахин ийм алдаа гаргахгүй гэж найдаж байна. Дахиж ийм зөрчил гаргавал түүний өдийг хүртэл хийсэн бүтээсэн амжилт нь юу ч үгүй болно. Бүр өөрийн гэсэн дэвжээтэй болох мөрөөдөл нь ч үгүй болохыг үгүйсгэхгүй. Энэ удаад харин ч хөнгөн шийтгэл оноолоо. Ер нь бол намайг ажлаас минь халж, Хакүхог дараагийн башёд барилдах эрхийг нь хасах байх гэж бодож байсан. Тэр өдөр Хакүхогийн хийсэн үйлдлийг хараад би үнэхээр гайхсан. Би энэ бүхнийг түүнд анхааруулж хэлсэн болохоор дахиж алдаа гаргахгүй байх” хэмээн хэлжээ.

Дашрамд дурдахад Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргаад байгаа юм. Зодог тайлсныхаа дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, өөрийн дэвжээг байгуулахын тулд заавал Японы иргэншилтэй байх ёстой учир ийнхүү шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: www.nikkansports.com

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549