Бат-Үүл, Элдэв-Очир нарын бензинийг нь даагаад аваад явахсан

access_time 2019-04-26
remove_red_eye 2841

Бат-Үүл, Элдэв-Очир нарын бензинийг нь даагаад аваад явахсан…



 

 

Цензургүй баг Дорноговийн Алтанширээ суманд хоёр өдөр ажиллаад ирлээ. Сайншандаас Алтанширээ сум руу 27 км төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон, мөн сум руу 17,5 км хүнд даацын авто замыг ЗХЖШ- ын …дугаар хорооны дайчид тавьж байна. Монгол хүн, монгол инженерүүд, монгол компани, монгол цэргүүд юу ч хийж чаддаггүй гэдэг худлаа болохыг нүдээр үзээд ирлээ. Хавар цагт говьд хүйтэн, нүүр нүдгүй улаан шороо нүдэж байхад ч тэд ажлыг ёстой шижигнүүлж өгч байна. Цэргүүд бүр 3 р сард цастай байхад л майхантай ирж буугаад ажлаа эхлүүлжээ.

Энэ ажлууд 2018 онд эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор энэ оны 11 р сарын 1 нд хүлээлгэж өгөх ёстой ч тэд 9 р сар гэхэд дуусгана гээд цаг наргүй ажиллаж байна даа. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн өдөрт 3 км, долоо хоногт 6 км төмөр зам шинээр тавьж байна. Алтан ширээ суманд Монголын анхны газрын тосны үйлдвэр баригдах ёстой бөгөөд эхлээд төмөр зам, автозам барих дэд бүтцийн ажил хийнхүү дуусах шатандаа орж байна.

 

Тэгэхээр монголчууд ажил хийж чаддаггүй гэж хараах ерөөхийн хооронд байдаг амьтадын үсэргэсэн шүлс хатаагүй байхад монгол инженер, монгол ажилчид, монгол цэргүүд ажлаа хийгээд юу юугүй дуусах нь дээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Очиж үзээгүй байж ФБ ийн араас хуцаж байдаг нохдын өмнөөс ичээд ирлээ. Бас монгол хүн гэдгээрээ бахархаад ирлээ. Бат Үүл монгол улсын баатар цолтой хүн байж цэргүүдээ басамжилан доромжилсоор байгаад нь өмнөөс нүүрээ хийх газаргүй болов.

Бас УИХ -ын гишүүн Элдэв Очир, Хаянхярваа нар бүүр цаашаа шүү. Цэргийн барилгын инженер, замын инженер, техникийн инженер, хэмжилтийн инженерүүд гэж байдаг юм байна. Тэд бүгд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг дүүргээд инхэнхи нь японд мэргэжил дээшлүүлжээ. Цэргийнхэн дайны цагт улсынхаа төлөө амиа өгдөг бол энхийн цагт эх орны бүтээн байгуулалтад энэ тэргүүнд явах ёстой гэж байна.

 

Тэдний тангарагт ч энэ үг бий гэнэ. Эх орон дуудсан бол хаана ч бэлэн байж Монгол улсын төлөө зүтгэнэ гэсэн тангарагаа сануулж байна. Залуус урам зоригтой, итгэл төгс ажилласаар. Харин бид эндээ ичихгүй хэрэлдэж байна. Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дөнгөж 18 настай залуус их урамтай байна аа. Тэд халагдахдаа 3 -4 сая төгрөгтэй дээрээс нь мэргэжилтэй болоод халагдах гэнэ. Хөдөөний цэргүүд бол халагдаж очоод гэрээ барьж мотоциклоо аваад уначих мөнгөтэй бас мэргэжилтэй, авто зам барьсан гэсэн бахархалтай болоод буцах нь ээ.

Хотынхон дээд сургуульд орвол ямар ч байсан нэг жилийнхээ сургалтын төлбөртэй, эсвэл гялтайсан приус аваад уначих , аав ээж ах дүү нартаа гоё юм авах мөнгөтэй халагдана гээд ам уралдан ярьцгаах. Энэ мөнгөө яаж үрэхээ ч тооцолчихсон их бадрангуй байна даа… Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ, цэцэн жараахайнууд аа… Монголчууд чаддаг юм байна, нүдээрээ үзээд ирлээ дээ. Бахархал цээж дүүрэн, урам зоригийг бодохоор өөрөө ч омогшоод , харин тэднийг доромжлон гутааж буй нөхдийг бодохоор нулимс зангираад л буцаж ирлээ дээ. Бат Үүл, Элдэв- Очир, М.Энхсайхан, Хаянхярваа нарыг дагуулж очоод үзүүлэхсэн. Болохгүй бол тийшээ очих бензинийг нь манайх даагаад аваад явахсан… Тэгээд амыг нь асуухсан.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549