Орос эзэгтэй нарын байцаа дарах гарын жор

access_time 2019-04-26
remove_red_eye 3927

 

 

Энэ аргаар байцаа дарах үнэхээр гоё болдог юм билээ шүү. Орос эзэгтэй нарын гарын жор.

👇🏻Байцаа дарах арга:
Орц.10 кг байцаа дарахад: Давс 190 гр нуурын давс, шар лууван 300 гр, алим 250 гр, үрлэн хар перц 5 гр, лаврын навч 4-5 ширхэг, сонгино дунд зэргийн 2 ширхэг, хүрэн манжин – 2 бөөрөнхий

Бэлтгэх арга:

Байцаа дарах саваа угааж, хатааж бэлдэнэ. Заавал хүнсний зориулалттай сав байх ёстойг анхаараарай. Тухайлбал хуванцар сав, зэв бал гарахгүй паалантай хувин, модон торх байвал илүү тохиромжтой. Сайтар цэвэрлэгдсэн бөгөөд хуурай байх ёстой. Ингээд байцааны гадуурхи навчийг хуулж савныхаа ёроолд дэвсэж өгнө. Одоо байцаагаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Өөрийнхөө сонголтоор хэрчээрэй. Угааж цэвэрлэсэн лууван, хүрэн манжингаа савхалж хэрчинэ. Сонгиныг дундуур нь хувааж хагас цагираг хэлбэрээр хэрчинэ. Алимаа мөн жижигэвтэр, өөрийн сонголтоор хэрчинэ.

 

Алим бол C витаминаар баяжуулж өгдөг. Бүх ногоогоо хэрчиж дуусаад урьдчилж бэлтгэсэн том гялгар уутан дээр асгаж давс амтлагчаа хийгээд сайтар холино. Гартаа нэг удаагийн бээлий хийхээ битгий мартаарай. Одоо хольсон ногоогоо байцааны том далбагар навч дэвссэн дарах сав руугаа хийнэ. Ингээд гурилын гулуузаар жигд сайхан дарж цохино. Удаан цохисоны дараа байцааны шүүс ялгарч гарна. Ногоогоо далд орохуйц тийм шүүстэй болох ёстой. Шүүсэнд нь далд ортол ногоогоо цохиж дараад дээр нь цагаан хөвөн цаасан материалаар бүтээж дээр нь хүндрүүлэгч тавина.

 

 

Хүндрүүлэгчээр байгалын том хавтгай чулууг ашиглаж болно. Одоо савныхаа тагаар таглаад гэрийн темпратурт 3-4 хоног байлгана. Гурваас дөрөв хоногийн дараа цагаан бүтээлгээ хуулж дарсан байцаагаа үзэхэд дээр нь хөөсөрхөг, нялцгай өнгөр үүссэн байна. Энэ зүйлийг авч хаяад амсахад давслагдсан иссэн байцааны амт орсон бол даршлагдсан байна гэж үзнэ. Ингээд гадаа сэрүүн нөхцөлд гаргаж тавиад хавар болтол хэрэглэх боломжтой.
Хадгалаад аваарай 📌📌📌

Таньд амжилт хүсье

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549