Xүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа нарийн учиртай

access_time 2019-04-26
remove_red_eye 453

 

 

Xүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа нарийн учиртай

* Үр хүүхдэдээ өмч хөрөнгө үлдээх гэж БИЕИЙГ БҮҮ ЗОВОО
* Удмыг чинь зөв замаар хөтлөх УХААН ХҮМҮҮЖИЛ өгөхийн төлөө СЭТГЭЛИЙГ ЧИЛЭЭ.

 

Эрт урьдын цагт нэгэн ноён сайхан охинтойгоо амьдран суудаг байжээ. Охин нь лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Гэвч тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ. Шархалсан зүрх болгоныг илааршуулах бололцоо түүнд байсангүй, зүрхнүүд өөр өөрсдийн ааш араншингаар түүнийг хайрлана, өсөрхөнө, бас харамлана.

Нэг өдөр зэргэлдээ хошууны шуналаараа зартай хараал жатгаар гаршсан ноён хүүдээ бэр гуйхаар ирж гэнэ. Охины аав санаа зовон эрс татгалцаж чадсангүй, дэмий л

– Энэ бол охины өөрийх нь мэдэх асуудал гээд тойруулаад өнгөрөөжээ.

Гэвч хэд хоногийн дараа ноён элч илгээж хариу нэхсээр байсан тул охиноосоо асуужээ. Охин

– Надад сэтгэлтэй хүн бий…, тэр хүн манай адуучин Хангал… гээд хэсэг түгдрээд

– …Удахгүй та өвөө болно гэж хэлж гэнэ.

 

Нөгөө ноён үүнийг сонсоод давхин ирж, дэлбэртлээ уурлаж танай удмыг таслах болно, хараал жатга хийнэ, охиноос чинь гарсан хүүхдийг харсан хүн болгоны хайрын нүд, сайн сайхан ерөөл нь миний хилигнэлээс гарсан хараалыг дамжуулах болно гээд амандаа элдэв буруу үг хэлэн гэрийг нь нар буруу тойроод мордоод явж гэнэ.

Удалгүй охин нь төрж сайхан хүүтэй болсон ч нутгын хүмүүс эргэж тойрох болгонд л хүүхэд халууран бүлээрэн өвчин ороосоор байв гэнэ. Охины аав бүхий л мундаг лам бөө гэх хүмүүсийг цуглуулж хараалыг нь хариулах гэсэн ч тэд эс чадав. Бүгд л хараалын хүчийг гайхан, хамаг шидээ барж, харин хүүхдийн аав ээж, ах дүүс бурхан тэнгэртээ найдахаас өөр замгүй болжээ хэмээн гаслав гэнэ.

Нэгэн өдөр хүүгийн аав адуугаа услах үедээ юу ч хийж чадахгүй хүүгээ “явуулж” харамсан мэгшин уйлж суутал

– Хүү минь яагаад уйлаав гэх дууг сонсоод эргээд хартал их л ноорхой хувцастай ядруу бадарчин өвгөн зогсож байв.

Хүүгийн аав түүнийг үл тоон, хагас дутуу уйлсан учраа хэлэн, идэж уух хумсхан төдий юм өгөөд буруу харав. Ядруу лам арга ч бий дээ хэмээн үглэхэд

– Өвөө минь, энэ нутаг усны байтугай, эргэх замбуулингийн ид шид нь ханасан эрдэмт мэргэд чадлаа барсаан. Арга бий бий гэвч арай хоолоо аргалж чадаагүй танд бий юм гэж үү гээд морджээ.

 

Бадарчин өвгөн

– Барж идэх хоолоо аргалаагүй ч барьж идэх зовлонг харин ч нэг гадарланаа, хүү минь…, хүүгээ гээд хүсэх юм бол эргээд ирээрэй. Аргаа барахын цагт арслан бар ч хулгана эргүүлдэг жамтай хорвоод ахыгаа гээд хүрээд ирвэл арга чадал минь хэрэг болох ч юм билүү гэсээр үлдэв.

Гэртээ хариад цай ууж суунгаа бадарчны үгийг тунгаан байтал хүү нь часхийтэл уйлав гэнэ. Сэрхийн сэрж, сэвхийн босоод хадам аавдаа саяын болсон явдлыг хэлтэл

– Мянган лам боломжгүй гэж байхад ганц боломжтой гэсэн хүнээ ад шоо үзээд, чи ч мөн чигчийхэн байна даа, алив яв…, аваад ир. Хүүхдээ яая гэж байж хүнийг бас дээр дорд үзэхтэйгээ юу чи… гэж зандрав.

Ингээд тэр хоёр мордосхийн гарч, ухасхийн хүрэв гэнэ. Өвгөн бадарчин инээвхийлж

– Бодсоноос хурдан ирлээ, та хоёр. Болгоож хайрла. Бор цайнаас минь хүрт, буян хайрла гэсээр хээрийн цай үйж суув гэнэ.

 

Ингээд бадарчныг гэртээ залж, болсныг хүүрнэн өгүүлэв. Бадарчин өвгөн тунгаан бодож, тусган хариулав гэнэ.

– Хүн гэгч нь энэ махан биенээс илүү сэтгэлийн амьтан гэвэл зохилтой. Хар гэвэл хар л байлгадаг, цагаан гэвэл цагаан л болгодог сэтгэл зүрхний өчүүхэн амьтас. Хараал гэсээр байгаад хараал болгожээ, та нар. Хардах айдас чинь гэрээр чинь дүүрч халдах дайсан мэт хар жатга үүрлэжээ гэрт чинь. Хий хоосон зүйлийг хүлээж авсан сэтгэл чинь хүүхдээсээ илүү анхаарч бодит болгон биелэлээ олоход нь тусалжээ. Хүний нялх үр гэдэг нүгэл буянаа ялгаж, нүнжиг буртгаа салгаж чадахгүйгээр цэвэр ариухан сэтгэлтэй байдаг. Тэр утгаараа ч сайн муу хар цагаан хэл амыг үл ялган өөртөө хүлээж авдаг.

 

Тиймээс ч бид хүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа их нарийн учиртай юм шүү дээ. Элдэв хар цагаан хэл ам, өвчин зовлон айдас цочрол орчлонгийн ил далд хүчнээс 108 торгоны өөдсөөр хийсэн буруу энгэртэй баривч хийж өмсгөж хамгаалдаг. Нэг ёсондоо өнгө өнгийн торгонд та нарын хэлээд байгаа элдэв зүйл чинь хууртдаг юм шүү дээ, буруу энгэрийг нь хараад хүн биш байна гээд бараан зүйл тойрдог юм гэжээ.

Өвгөн бадарчны үгээр болж өргөн олондоо зар түгээж өнгө өнгийн өөдөс, өчүүхэн чинээ даавуу шувуухан нийлүүлж өхөөрдөм хүүдээ дээл хийж хайрлажээ. Түүнээс хойш тэр айл өнөр өтгөн үр хүүхдүүдээ тойруулан амар сайхан жаргасан юм гэсэн.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549