“Тасархай” явсан Ерөнхийлөгчийн нэр хүнд Ерөнхий сайдад гүйцэгдэв

2019-04-26 1050 0

 

Нийгэм, улс төр, эдийн засгийн өргөн хүрээнд судалгаа хийдэг байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн судалгаа гарчээ.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс төрийн намдуудад итгэх итгэл, нам, улстөрчийн ретингийг харуулсан МЭК ХХК болон “Сант Марал” сангийн судалгааг танилцуулж байна.

Судалгаануудыг танилцуулахын өмнө

Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1,070 иргэнээс 2019 оны 04-р сарын 07-18-ний өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь Алтай аймгуудийн 1,200 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2019 оны 3-р сарын 20-с 4 сар 9-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав. Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжилсэн гэдгийг сануулъя.

СОНГОГЧДЫН 70 ХУВЬ НЬ АЛЬ НЭГ НАМЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА

МЭК-ийн судалгаагаар уг судалгаанд оролцсон иргэдийн 69 хувь нь аль нэг намыг дэмжээгүй гэсэн бол 10 хувь нь МАН, 12 хувь нь АН, долоон хувь нь МАХН, хоёр хувь нь бусад намыг дэмждэгээ илэрхийлжээ.

2018 оны сүүлээс тасралтгүй буурсаар байгаа хоёр том намын рейтинг энэ оны гуравдугаар сард бага зэрэг өссөн ч энэ сараас дахин буурсан харагдаж байна. Мөн МАН болон АН-ын рейтинг буурсан ч МАХН болон бусад намуудынх өссөнгүй. Аль нэг намыг дэмжихгүй байгаа/Цагаан сонголт/ иргэдийн тоо өссөөр байна.

 

Харин “Хэрэв маргааш сонгууль болбол та аль намыг дэмжих вэ” гэсэн “Сант Марал”-ын судалгааны асуултад МАН-ыг дэмжихээ 37.9 хувь илэрхийлсэн бол 29.5 хувь нь АН-ыг, 22 хувь нь МАХН, ИЗНН-ыг 1.1 хувь, ХҮН-ыг 2 хувь, БНН-ыг 1 хувь, МҮАН-ыг 2 хувь, Үнэн ба зөв намыг 6 хувь, өөр намыг 2 хувь тус тус дэмжинэ гэсэн байна.

 

“Сант Марал”-ын судалгаагаар “УИХ-ын сонгуульд санал өгснөөс хойш улс төрийн намуудын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 1.7% нь МАН-ыг, 1.1% нь АН, 3.6% нь МАХН-ыг маш сайн ажиллаж байгаа гэсэн хариулт өгчээ.

МАН 2018 ОНЫ XI САРД, АН 2019 ОНЫ II САРД ХАМГИЙН МУУ ҮНЭЛГЭЭГЭЭ АВАВ

Харин МЭК-ийн судалгаанаас харахад 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар МАН-ын үйл ажиллагаа 3.7 хувьтай байгаа бол АН-ынх 3.6 хувийн үзүүлэлттэй байна. Уг судалгаанд 2016-ны наймдугаар сард МАН хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 5.3 байгаа бол 2018 оны арваннэгдүгээр сард энэ үзүүлэлт хамгийн доод түвшинд буюу 2.5-д хүрсэн байна. Сонирхож үзвэл, энэ үед ЖДҮ-ын асуудал, засаг огцрох эсэх асуудал ид яригдаж байсан билээ.

Харин АН-ын тухайд 2017 оны 7-12 дугаар сарын хугацаанд 4.2-4.5-ын хооронд дүгнэжээ. Харин 2019 оны хоёрдугаар сард АН хамгийн муу буюу 3.1 гэсэн үнэлгээ авсан байна.

ЕРӨНХИЙ САЙД ААЖМААР РЕЙТИНГЭЭ АХИУЛСААР…

Доорх судалгааны аль алинаас харахад Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын рейтинг олон нийтийн дунд ойролцоо яваа харагдаж байна. Тэр дундаа МЭК-ийн судалгаанаас харахад Х.Баттулгын рейтинг 2017 оны гуравдугаар сараас хойш огцом өсөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш бага зэрэг хэлбэлзэлтэй ч ерөнхийдөө бусад улс төрчдөөс “тасархай” түрүүлсээр байгаа аж. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд аажмаар рейтингээ ахиулсаар хамгийн сүүлийн байдлаар Ерөнхийлөгчөөс дээгүүр бичигдэх болжээ.

 

 

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын араас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Жавхлан нар рейтинг өндөртэй байна.

 

 

Дээрх хоёр байгууллагын хийсэн судалгаанаас зарим хэсгийг нь ийнхүү танилцууллаа.

МЭК-ийн судалгаанд оролцогчдын 70 орчим хувь аль нэг намыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол “Сант Марал”-ын маргааш сонгууль болвол гэсэн асуулгад оролцогчдын 70 гаруй хувь МАН, АН, МАХН-д саналаа өгнө хэмээсэн байна. Энэ нь сонгогчид намуудыг дэмжихгүй байгаа ч сонгууль тулаад ирвэл “аргагүйн эрхэнд” МАН, АН, МАХН-д саналаа өгөх бололтой.

Судалгааны үр дүн бодитой эсэхийг харах хамгийн ойрын үйл явц бол Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Нөхөн сонгууль зургаадугаар сарын 30-нд болно.

ЭХ СУРВАЛЖ:IKON.MN

Холбоотой мэдээ