Биологийн зэвсэг

2019-04-25 1231 0

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

 



Биологийн зэвсэг бол хүн амьтныг хөнөөх хүчин зүйл нь өвчин үүсгэгч нян вирус токсин дээр үндэслэгдсэн хүн төрөлхтөний хамгийн анхны үй олноор хөнөөх зэвсэг юм. Орчин үед биологийн зэвсэг нь олон улсын ямарч хяналт шалгалтгүй зөнгөөрөө байгаа төдийгүй мал амьтан ургамал ногоо хүнс усыг биологийн аргаар хордуулж тухайн улсын эдийн засгийг нь мөлхүүлэх, эсвэл тухайн үндэстэн ястаны удмын санд генетикийн аргаар нөлөөлж устгаж болзошгүй байдал нь цөмийн зэвсгээс илүү аюул учруулаад байна.

Биологийн зэвсэг нь ямарч өнгө үнэр амтгүй мэдрэхэд хэцүү, хэрэглэхэд маш хялбар хямд төсөр мөртлөө хүн амьтан ургамлыг үй олноор сүйрүүлэх өндөр чадамжтай, шинж тэмдэг нь ил гарах хүртлээ тодорхой хугацаанд нууц үедээ байдаг, хэзээ хэн хэрэглэсэн нь мэдэгддэггүй, тодорхой зорилтот бай бүлэг руу чиглэж чаддаг, асар их сэтгэл зүйн айдас хүйдэсийг дагуулж байдгаараа бусад зэвсгээс онцлогтой.

Бидний мэдэх тарваган тахал холери боом ботулины токсин дээр үндэслэгдсэн уламжлалт биологийн зэвсэг нь өнөөдөр өндөр биотехнологи, генийн инженерчлэл дээр суурилсан генетикийн зэвсгээр солигдон хувирч их гүрнүүдийн хувьд хамгийн ирээдүйтэй зэвсэг болох магадлалтай байна.

 

1972 оны Биологийн зэвсгийг хориглох конвенцид 180 улс элсэж гарын үсэг зурсан боловч түүнд хяналт тавих тодорхой механизм байхгүйгээс уг конвенцийн 10-р зүйлд Биологийн шинжлэх ухааны нээлт хийх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэгт биологийн бодис токсиныг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг гишүүн улсуудад зөвшөөрсөн заалтыг зарим нөхдүүд буруугаар ашиглан энэ нэрийн дор тодорхой үндэстэнд зориулсан генетикийн зэвсгийг хөгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй.

 

Уг конвенцийн дагуу нэг ч улс биологийн зэвсэгтэй гэдгээ зарлан тунхаглаж түүнийгээ устгасан тухайгаа мэдэгдээгүй бөгөөд далд байгаа биологийн зэвсгээ их гүрнүүд зөвхөн тагнуулын аргаар л тандаж байна. Судлаач хүний нүдээр бол биологийн зэвсгийн талаар баримтлаж байгаа тухайн улсын албан ёсны байр суурь хууль журам, олон улсад үзүүлж байгаа хүчин чармайлт, төрийн бүтэц дэхь био-газар агентлагууд, тэдгээрийн төсвийн өсөлт бууралт, биолаб-ын зэрэглэл, биологийн хөтөлбөрийн талаархи бусдын буруушаалтыг хэрхэн хүлээж авч байгаа байдал зэргээс хараад хэн нь хэн бэ гэдгийг таамаглаж болно. Хэдийгээр Орос цөмийн зэвсгээрээ арван жилээр түрүүлж байгаа ч биологийн зэвсгийн хөгжлөөрөө энэ тал дээр Америкаас арван жилээр хоцорч байж болох талтай.

 

Биологийн зэвсгийг улс гүрнүүд цэрэг дайны зориулалтаар ашиглахаас гадна хэн нэгэн этгээд энгийн иргэдийн эсрэг улс төрийн болон бусад зорилгоор ашиглахыг биотерроризм гэнэ. Орчин үеийн чимээгүй дайны шилдэг арга бол эзлэн түрэмгийлэхдээ бус эзэнд нь мэдэгдэхгүйгээр нөгөө талаа дотроос нь элдэв өвчин нян вирусээр хордуулж устгах явдал бөгөөд үүнд биотерроризм голлох үүрэг гүйцэтгэх бололтой.

Биотерроризм нь улс төрийн зорилгоор халдварт өвчин үүсгэгч тахал боом токсин зэргийн эх үүсвэрийг их хотын салхин дээр тавьж орхих, ундны усыг бохирдуулах, захиа дугтуй бэлгэнд хийн түгээх зэрэг хорлон сүйтгэх сонгомол аргаар явагдах боловч орчин үед шинэ төрлийн нян вирусыг гарган авч тараан түүний эсрэг вакцин эм тариа зохион бүтээх төсөв хөрөнгийг шахаж шаардан гаргуулж бизнесийн өндөр ашиг олох зорилгоор, эсвэл өрсөлдөгч талынхаа тариа ногоо ургацыг устгах зорилгоор биологийн агент царцаа шавьж түгээх хэлбэрээр ч биотерроризм явагдахыг үгүйсгэхгүй.

 

Монгол Улсад оршин буй биологийн төрөл бүрийн аюулын улмаас санаатай үйлдэгдэх гэмт хэрэг, санамсаргүй гарах осол авари, нийтийг хамарсан халдварт өвчний тархалт зэргээс хамгаалах стратеги нь энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, үндэсний бодлого хууль эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байнгын бэлэн байдал мөн. Энэ ажлын хүрээнд Европын холбоо Төв Азийн орнуудад биологийн аюулгүй байдлыг хангах Р53 төсөлдөө Монгол Улсыг хамруулах болсон нь тун сайшаалтай хэрэг бөгөөд цаашид ч бид хими биолог цацраг цөм /CBRN/-ийн аюул эрсдлээ бууруулах, аюултай хог хаягдлаасаа салахад НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын техник-эдийн засгийн төсөл хөтөлбөр тусламжийг дээд зэргээр ашиглах нь зүйтэй / ЕХ-ны Р53 төсөл дээр/.

 

 

 

Холбоотой мэдээ