Хорвоогийн жамаар хорогдож цөөрч яваа Ховордсон өвгөдийн битгий шоол

access_time 2019-04-24
remove_red_eye 526

 

Өмссөн дээл нь өнгө нь танигдахааргүй гандсан
Үс сахал нь овоонд орхисон самбай шиг цайсан
Үе мөч нь мойнийж өгөршиж хатсан
Өвгөдийг хараад битгий шоол.
Үзэгдэх өнгөндөө тэд ингэж харагдавч
Үнэндээ цаадуул чинь чулуужсан мод шүү.

Гал нь буурсан нүд нь нулимстай байвал арчаад өг, буян болно шүү
Гомдол баярын алиных болохыг нь анзаарч үз
Үеийн юм шиг зэрэгцэж суугаад
Үзэж туулсан амьдралыг нь сонс
Барагтай л бол цаадуул чинь уйлахгүй шүү дээ
Би тэр байнаа гэж цээжээ балбаж бархирахгүй шүү дээ.

 

Тооройн төгөл шиг ногоохон байсан үеийг нь бод
Тооноо өргөөд дэнхийж байсан дүрийг нь сана
Өгөршиж хатсан хожуул гэж битгий бод
Эрч нь харьсан дээс шиг гэж битгий чамлаарай
Эр хар сур шиг явсан юм шүү цаадуул чинь
Галын шугаман дээр үхэл сөрж явсан дайчин эр ч байж болно
Голын гарам дээр гүүр тавьсан инженер ч байж магадгүй

Төрөхийн орон дээр чамайг гардсан эмч ч юм билүү
Төрийн сэнтийд заларч явсан сайд ч байж болно шүү дээ
Аавд чинь А заасан анхны багш ч юм билүү
Атар хагалж үр суулгасан тариалан ч юм билүү
Арвин сүргээ өсгөж манийг тэжээсэн малчин ч байж болноо

 

Хот сүндэрлүүлж, алдраа мөнхөлсөн барилгачин ч байж болно
Хороо командлаад уухайлж явсан, хурандаа ч байж магадгүй
Бараа сүр нь ингэж харагдавч баатрын энтэй явсан, эрийн хуйхнууд шүүдээ
Үзэгдэх өнгөндөө ингэж харагдлаа ч үнэндээ наадуул чинь чулуужсан мод шүү
Мэдэхгүйг чинь хэлээд өгөх ярьдаг ном
Мэргэдийн сургаалийг оюундаа шингээсэн мэдээллийн толь

Уламжлал заншлын нэвтэрхий толь, улс орны чинь амьд түүх
Туг ч барьж, тугал ч хариулж үзсэн тэвчээр хатуужлын бодит жишээ
Туулсан зам, дуулсан дуутай тусгаар тогтнолын баринтаглаагүй судар
Хорвоогийн жамаар хорогдож цөөрч яваа
Ховордсон өвгөдийн битгий шоол!

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549