Эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй бичлэг хийсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

2018-10-04 815 0

 

Эмэгтэйчүүдтэй ёс бус харьцаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн бичлэг цахим орчинд тараад байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Уг бичлэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг баривчилсан байна. Цагдаагийн байгууллагийн өгсөн мэдээллээр өмнө нь зургаан удаа ял шийтгэл эдэлж байсан Т гэгч 1999 онд төрсөн Н, Ц нарын эмэгтэйчүүдийг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлаж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн байжээ.

Энэ оны тавдугаар сард үйлдэгдсэн уг хэргийн бичлэг уржигдар буюу аравдугаар сарын 2-нд олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.

Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ