​О.Баасанхүү: Хэнтийн сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвшвэл би 100 хувь дэмжиж оролцоно.

access_time 2019-04-24
remove_red_eye 145

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.                                                                           ЭХ СУРВАЛЖ:toim.mn



-Намууд Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ тавдугаар сарын 1-н гэхэд СЕХ-д мэдэгдэх ёстой. Танай намаас хэнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх вэ. Намын дарга нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа ч албан ёсоор зарлаагүй байгаа шүү дээ?

-Н.Энхбаяр гэдэг хүн надад шууд болон шууд бусаар хоёр удаа тус болсон. Нэг нь МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосон. Хоёрт, Ө.Энхтүвшинд миний тойргийг булааж өгчихөөд худлаа ч гэсэн яах вэ дэвших ёстой гээд Эрдэнэт рүү намайг явуулсан. Энэ нь тэр хүний хийсэн том тус. Би ч гэсэн энэ хүнд хоёр удаа том тус болсон. Нэг нь шууд утгаараа энэ хүнийг шоронгоос гаргаж өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь авчирч өгсөн. Тиймээс бид хоёр хэн хэндээ өргүй. МАХН Хэнтийн нөхөн сонгуульд ялах ёстой. Гэхдээ ямар нэгэн тохироонд орж, аль нэг МАНАН бүлэглэлийн талд явж болохгүй.

Би Н.Энхбаяр даргыг хулгайчуудаасаа сал гэж байгаа. Жинхэнэ хулгайчуудаасаа сал гээд байгаа юм шүү дээ. Ингээд бид хоёр жаахан түнжин хагарсан байгаа. Хэнтийн сонгуульд Н.Энхбаяр гэдэг хүн нэр дэвшвэл би 100 хувь дэмжиж оролцоно. Яагаад гэвэл тэр хүн олон жил гудамжинд байлаа шүү дээ. Харин хэвлэлээр яваад байгаа шиг хэдэн төгрөг аваад нохойд барьдаг мод мэт өөр хүнийг нэр дэвшүүлвэл би эсрэг явна. Эрүүл ухаантай, зөв хүнийг зэрэгцүүлээд нэр дэвшүүлнэ. Яагаад гэвэл МАХН гэдэг гуравдагч хүчний орон зай байх ёстой. МАХН гэж нэг хүний хувьцаат компани биш. Тэр хүн ингэж дураараа аашилж болохгүй.

 

-Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчтэй тохироо хийгээд өөр хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээллийг ярьж байна уу?

-Д.Тэрбишдагвын Зааг гэдэг номон дээр байгаа шүү дээ. Хуульч хүн баримтгүй ярихгүй. Иймэрхүү жижиг хандвал бүтэхгүй. Хов жив юм даа. Би нотолж чадахгүй. Д.Амарбаясгалан, Тулга хоёр их ойр юм гэсэн. Янз бүрийн байдлаар хүн амьтантай хошуу амаа холбоод явж байж магадгүй. Тэгээд л хэдэн төгрөг аваад өөр хүн дэвшүүлээд явбал би зөвшөөрөхгүй. Тиймээс зөв хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй. Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвшихгүй бол миний дэвшүүлж байгаа МАХН-ын эгэл жирийн гишүүдээс санал болгож байгаа хүмүүсийг дэмжээд явах байх гэж найдаж байна.

-Та ямар хүнийг санал болгож байгаа юм бэ?

-Тавдугаар сарын 4-нд намууд нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсээ тодорхой болгоно. Хэрвээ Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвшвэл дэмжээд, өөр хүнийг санал болгохгүй. Хэрвээ дэвшихгүй бол манайх нэг аятайхан хүн нэр дэвшүүлнэ. Эмэгтэй хүн байгаа.

 

-Та Болд сайд таван компанийн нэр санал болгоод нэгийг тендерийн хороо авсан байдаг. Тэгээд нэг компани шалгарсан. Тухайн компанийг АТГ газар шалгаад гэрт нь орж нэгжлэг хийхэд санал болгосон таван компанийн тамга байсан гэсэн жиргээ хийсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Тэр чинь Б.Хурцын яриан дотор байгаа шүү дээ. Б.Хурцын би цааш нь ярих уу яах уу гэдэг яриан дотор байгаа. Тэнд Б.Хурц хоёр зүйл ярьсан. Молекул Батбаярын хүүгийн гэрт нэгжлэг хийхэд таван компанийн тамга байсан гээд. Ер нь сайдад нэг л эрх байдаг ш дээ. Тав байна уу, 10 байна уу компанийн нэр санал болгодог. Түүнээс хуульд нийцсэн компанийг сонгон шалгаруулдаг. Би үүнийг л сануулсан юм. Болд сайд гэдэг нь Лувсанравдангийн Болд гээд Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд байсан. Сүүлийн үед галзуу солиотой юм шиг орилоод байгаа нэг хүн байгаа шүү дээ. Ер нь энэ засаг, энэ төрд над шиг цэвэр хүн олдохгүй шүү. Н.Энхбаяр дарга нэг удаа “энэ төрд байгаа хүмүүс бүгдээрээ шээс, бааснууд. Онгойлгоод үзвэл дүүрэн өмхий байгаа” гэж хэлж байсан.

 

-УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

-Ард түмэн нэг намаас нэг хүн сонговол Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн нам оролцох, найман хүн сонговол бүлэг байгуулах, 40 хүн сонгосон бол дуртай хуулиа баталж, Засгийн газар байгуулах, 57 ба түүнээс дээш хүн сонговол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой шүү дээ. Тиймээс би энэ удаагийн парламентын 64 нөхөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Харин яг юуг өөрчлөх вэ гэдэг нь чухал. Би ажлын хэсэгт орсон. Гэхдээ миний дэвшүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгахгүй байгаа. Би гурван зүйлд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Нэгд, 60 тэрбумаасаа сал. Төрийн албыг наймаалцдаг, тэр дундаа хороо баг дээр намаар талцдаг байдлыг болиулъя. Энэ утгаараа төрийн алба нь улс төрөөс хараат бус байна гэсэн заалтыг оруулъя гэж байгаа юм. Хоёрт, утаанаасаа сал. 30 жил бид утааны талаар ярилаа. Утаа улам нэмэгдэх юм шиг байна.

Хэрвээ утаанаасаа салъя гэвэл иргэдээ орон сууцжуулж, хотоо тэлье. Ингэхийн тулд хотын статустай болох юм. Гуравт, ялсан нам нь тоглоомын дүрэм бичээд, жижиг намууд нь дөрвөн жилийн хугацаанд сонгуульдаа бэлдэж байтал түүнийг нь үгүйсгээд л явчихдаг. Үүнийг зогсоохын тулд сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Намууд сонгуулийн тогтолцоондоо тохирсон бодлого ярьдаг, амлалтаа хэлдэг байна шүү дээ. Бид долоон удаа УИХ-ын сонгууль хийхэд долоон өөр тогтолцоогоор хийлээ шүү дээ. Тиймээс ийм л гурван зүйлийг өөрчлөөд бусад зүйлд гарч хүрэх хэрэггүй гэж би үзэж байгаа.

 

-УИХ-аас С.Зоригийн хэргийг шалгах түр хороо байгуулах болсон. Та түр хороонд орох саналаа хэлсэн боловч таныг оруулсангүй?

-Ц.Нямдорж л мэднэ ш дээ. Ц.Нямдоржийн хүслээр л бүх зүйл явж байгаа. Сая прокурорын хоёр орлогчийг санал болгоход Ц.Нямдорж сайд дургүйцээд баахан загнуулсан байналээ хөөрхий. Манай ордны мундаг жижигхэн ах байгаа шүү дээ. Тэр дуудаад “чи аятайхан байгаарай” л гэсэн байналээ. МАН-ын тамгыг би сийлсэн, чи сийлсэн гэдэг шиг С.Зоригийн хэргийг гаргаж ирээд, эрүүдэн шүүлтийг илчлээд, Олон улсын парламентад хандсан, зарим зүйлийг нь ил болгосон хүн нь би юм. Надад бичиг нь байна, хариу нь байна. Эдэнд телевизээр, хэвлэлийн хурлаар чарласнаас өөр юу ч байхгүй.

Би Ц.Нямдорж сайдад “сайдаа танд хоёр арга байна. Та доороо тагнуултай, эрүүгийн цагдаатай. Тиймээс наанаа ажлын хэсэг байгуулаад наад хэргээ мэргэжлийн үүднээс шалгаад, УИХ-д танилцуулаад оруулаад ир. Эсвэл та УИХ дээр ажлын хэсэг байгуул. Гэхдээ тан дээр хэрэг үүсгэсэн гэж байна. Нөлөөлөх гэж байгаа юм шиг ажлын хэсэгт орох гэж улайраад хэрэггүй” гэсэн үгүй гээд л дайрсан. Нээрээ намайг мөрдөн мөшгөсөн гэдэг нь хошин шогийн юм байналээ. Намайг явж байгаад нэг байшин руу орсон зургийг дараад тэмцэгч нарт харуулсан байналээ. Тэгээд энэ байшинд хэн амьдардаг вэ гэсэн байгаа юм. 1937 он биш шүү дээ. Яадгийн би тэр хүнтэй уулзаа л биз.

 

-Хэнтэй уулзсан гэж Б.Хурцтай юу?

-Тийм юм байлгүй. Монголын бүх эсэргүү тэр байшинд байдаг гээд хэлчихгүй юү. Хамгийн том эсэргүү чинь хэн юм. Хүзүүгүй хүн биз дээ. С.Баяр, Д.Ганболд, Б.Хурц гээд цаашаа явах байлгүй дээ. Намайг мөрдөн мөшгөхөө болио. Үүнийгээ цагдаагийн дадлагын оюутнуудаар хийлгэхээ бүр боль. Тэр хүүхдүүд чинь над дээр ирээд уулзаад байгаа шүү. Тиймээс боль гэж хэлье. Найм, есөн тохиолдол байгаа. Бүгдийг нь бүртгээд авсан. Ашгүй миний таньдаг хоёр хүн прокурорын орлогч болчихлоо. Би тэдэнд өргөдөл өгнө. АТГ-ын дарга хурдан солигдоосой.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549