Л.Болд: Шударга ёсны төлөө намаа байгуулна

access_time 2019-04-24
remove_red_eye 274

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.                      Эх Сурвалж:Ж.БАЯРСАЙХАН, ҮНДЭСНИЙ ШУУДАН



-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт улс төрийн нөлөө орсон байж болзошгүй тухай Олон улсын парламентын холбооны болгоомжлолыг та олон жил ярьсан. Одоо тодорхой үр дүн гарч байх шиг байна. Гэхдээ тухайлбал, АН-аас энэ хэргийн захиалагчийг илрүүлэх шатан дээр буцааж задалж байна гэж мэдэгдээд байгаа. Таны хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Гэм буруугүй хэнийг ч хилсээр шийтгэж болохгүй. Хэрвээ хэн нэгэн хүнийг эрүүдэн шүүгээд, хүчээр хэрэг тулгаж байгаа бол хилсдүүлж байгаа явдал. Бас нэг л хэрэг байтал гүйцэтгэгч, захиалагчийг тусгаарлаж хэрэг шийднэ гэдэг өөрөө том хуйвалдаан юм. Цаашдаа олон скандал гарна. Эхлээд гүйцэтгэгч гээд байгаа хүмүүсийг хэлмэгдүүлсэн эсэх нь нотлогдоно. Гэтэл яг захиалагчаа бол аваад үлдчихэж байгаа нь өөрөө хуйвалдаан. Мөн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нь хулгайгаар хууль оруулаад батлуулчихсан нь илэрсэн шүү дээ. Үүнийг надаас өөр хэн ч хөндөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд янз бүрээр сунжруулж байгаа.

-Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулийг сонсоогүй юм байна?

-Засгийн газраас нэмэлт, өөрчлөлт оруулах 11 хууль өргөн барьж байсан. Гэтэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдэхэд оролцсон хүмүүс ажлын хэсэгт нь орж байгаад огт өргөн бариагүй, ажлын хэсэг дээр яриагүй уг хэргийг хөөн хэлэлцүүлэх хугацааг дуусгах 12 дахь хуулийг шууд чуулган руу оруулаад батлуулчихсан байгаа юм. Тэр бүх нотолгоо нь байна. Өөрсдөө ингэж замхруулчхаад одоо хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа.

Янз бүрийн эрүү шүүлт тулгасан, захиалагч дээр үл ойлголцол бий болгосон, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэдэг чинь өөрөө бүхэлдээ хэрэг болчхож байгаа байхгүй юу. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг тусдаа. Нэмэгдээд Монголын хуулийг гажуудуулсан хуйвалдааны мафийн шинжтэй үйлдэлтэй хэрэг гараад ирлээ.

 

-Гэхдээ С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт шийтгэгдсэн хүмүүс яг бүр гэм буруугүй биш байх гэдэг хардлага байна. Хэдийгээр ийм зүйл байж болохгүй боловч тухайн хүмүүст тулгасан гээд байгаа эрүү шүүлт манай хуулийн байгууллагын практикт байсан. Хэргийг илрүүлэхийн тулд гүйцэтгэх ажиллагааны хүрээнд янз бүрийн л юм болдог гэдэг. Ямар ч хэрэгтэн үйлдсэн хэргээ шууд хүлээхгүй шүү дээ?

-Ер нь гэмтэй хүнд эрүү шүүлт тулгах шаардлага байхгүй биз дээ. Гэм нь нотлогдчихож байгаа бол шууд л ялыг нь үүрүүлэх ёстой. Эрүү шүүлтийг гэмгүй хүнд л тулгадаг юм.

-Гэмгүй юм бол яагаад өнөө, маргаашгүй суллахгүй байгаа юм бэ?

-Харин тийм. Энэ чинь маш эргэлзээтэй юм болоод байна. Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор хоёр дээр л асуудал шийдэгдэнэ. Эдгээр албан тушаалтнууд дөнгөж өөрчлөгдөөд байгаа болохоор шинээр томилогдсон хүмүүс хамгийн эхэнд энэ асуудалд анхаарлаа хандуулах байх гэж хүлээж байгаа.

 

-Олон улсын парламентын холбооны зөвлөмжид захиалагчийн асуудлыг удаа дараа дурдсан байдаг. Хэргийг задалснаар захиалагчийг замхрууллаа эсвэл захиалагч илрэх дөхлөө гээд янз бүрийн байр суурь гарах боллоо?

-Би сүүлийн үед захиалагч нар нь ингэж будилуулсан юм биш үү гэж хараад байгаа. Захиалгаар энэ хэргийг үйлдсэн гээд гурван хүн шоронд хийчихсэн. Тэдэнд захиалгаар гэж ял өгөхийн тулд тэр гурав чинь захиалагчаа хэлчихсэн байж таарна биз дээ. Энэ чинь нэг л хэрэг. Гэтэл яагаад захиалагчийн асуудлыг тусад нь гаргав. Тэгэхээр шийтгүүлсэн гурван хүний зааж байгаа захиалагч үнэн юм уу.

Яагаад гэвэл хэрэгт шийтгүүлсэн гурван хүнд эрүү шүүлт тулгаж хэлмэгдүүлсэн байвал тэр хэлсэн захиалагч нь бас худлаа байж таарна. Ер нь зориуд Монголын хуулийг үл ойлгогдох нөхцөл рүү түлхээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эд нар хуульгүй гэдгийг нотолсон үйл явдал. Ерөөсөө хуульгүй мэт байхгүй юу. Сүхбаатарын талбайг хувьчилж аваад тас нуусныг арван хэдэн жилийн дараа бид мэдэж байна. Ийм байж болох уу. Талбайн эзэн цагаа хүлээгээд, нөгөө дарангуйллынхаа тогтолцоог тогтоонгуутаа өндөр байшин барих гэж байсан хэрэг.

-Үүнийг засъя, чанга гарт атгуулъя гэхээр бас элдэв юм болох юмаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг халж, солих эрхтэй болчихлоо.

-Зориуд гуйвуулаад байгаа юм. ҮАБЗ-д өөрчлөлт хийх ямар ч эрхгүй, харин асуудал байвал шийддэг газруудад нь зөвлөмжөө өгнө. Өмнө нь нэг хүн хууль шүүхийн бүхий л байгууллагыг баздаг байлаа шүү дээ.

 

-Томилох асуудлыг уу?

-Тийм. Дараа нь тэр хүний алба нь дуусаад, өөрийнхөө цаана байгаа бүлэглэлтэйгээ гудамжинд гарсан. Гэтэл нөгөө бүх хяналт чинь дагаад гадагшаа гудамж руу гарчхаад байгаа байхгүй юу. Ард түмэн шинэ Ерөнхийлөгч сонгосон нь хоёр жил болчихлоо. УИХ-ыг сонгосон нь гурван жил боллоо. Мөн Засгийн газраа томилоод гурван жил болсон. Олон нийт эднээс л хууль шүүх, шударга ёсыг шаардана шүүдээ. Гэтэл Хууль зүйн сайд нь УИХ дээр шүүх, хуулийн байгууллагад халдах ямар ч эрхгүй гээд удаа дараа аргаа барсан үг хэлж байгаа юм. Нөгөөдүүл нь цаанаа эзэнтэй, түүнийгээ сонсоно.

Тиймээс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвуулаа нийлээд дүгнэлт гаргавал түүнийг нь авч хэлэлцэх л асуудал тавьсан шүү дээ. ҮАБЗ-ийн хэн нэг нь татгалзчихвал шийдвэр гарахгүй. Бас хэлэлцээд шийдэхгүй байж болно. Тэгэхээр хангалттай хамгаалалт байгаа биз. Дээр нь, энэ хууль шүүхийн байгууллагын дээр ард түмэн байх ёстой биш юм уу. Ерөнхийлөгч, УИХ-аа сонгоод, Засгийн газраа томилоод, ингэж ард түмэн төр засгийнхаа эрхийг эдэлж байгаа шүү дээ. Гэтэл хууль шүүхийн байгууллагыг гудамжнаас бүлэглэл удирдаад, зөвхөн өөрийнхөө эрх ашигт зориулаад байвал яах уу. Асуудал нь, энэ. Тиймээс ҮАБЗ асуудлыг шийддэг боллоо гэж гуйвуулж болохгүй.

-Өнөө “Шударга бусын хонгил” гэгчийн түлхүүр л шилжиж байгаа юм биш үү?

-Харин “Шударга бусын хонгил” чинь өнөөдөр гудамжинд байгаа бүлэглэлд байгаад байна. Тэгэхээр тэр түлхүүрийг нь авчраад бид ард түмний хяналтад оруулаад, устгах нь зөв биз дээ. Энэ түлхүүрийг өөр хүнд шилжүүлж болохгүй гээд тэнд нь л байлгаад байх юм уу. Хурааж авах нь зөв. Харин хурааж аваад үргэлжлүүлэх биш нураах хэрэгтэй. Асуудал ердөө тэр дээр л оччихоод байгаа юм. Одоо нурааж байна.

 

-Нураана гэхээр?

-Хүмүүсийг нь өөрчилнө, хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Буруу шийдвэрүүдийг нь засна. Ийм л юмнуудыг яриад байгаа шүү дээ. Хууль бус хэлмэгдүүлэлт, эрүү шүүлтийг зогсоож, энэ бүгдийнх нь төлөө хариуцлага хүлээлгэнэ. Маш ойлгомжтой, энэ чинь нураалт байхгүй юу.

-Энэ таны намаасаа гарах шалтгаан байв уу. Яагаад ингэж асууж байна гэхээр улс төр сонирхдог хүмүүсийн хувьд та АН-ын бэлгэ тэмдэг болсон хүн. Гэтэл намаасаа сөрсөн бодлого явуулаад, намынхаа бүлгээс гарсан нь сонин байна. Заавал гарах хэрэг байсан ч юм уу. Ж.Батзандан гишүүнийг бодвол АН танд зохицчихож болохоор зөөлөн хандсан шүү дээ?

-Яаж ч бодсон УИХ-ын гишүүн хүнийг бүрэн эрхийг нь дуусахаас өмнө намаас УИХ-д дахин нэр дэвших эрхийг нь хасна гэдэг хангалттай хатуу шийтгэл. Өөрөөр хэлбэл, шууд улс төрийн үйл ажиллагааг нь зогсоож байгаа юм. Нөгөө талд нь би шийдвэрээ Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж гаргасан. Би зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Цаад шалтгаан нь нам өөрөө нэг бүлэглэлийн эрх ашигт үйлчилж, буруу зам руу хөтлөгдөөд явж байлаа. Тэгээд гурван гишүүн яг адилхан шийдвэр гаргаж байхад нэгийг нь арай зөөлөн, нөгөөг нь хатуу шийтгэнэ гэж болохгүй шүү дээ.

 

-Шийтгэлийн хувьд давтан үйлдлийн тооноосоо болсон гэж ойлгосон?

-Ямар юмны давтан байх вэ дээ. Давтан гэвэл намын дарга өөрөө давтантай. Өөрийнхөө Засгийн газрыг унагааж байсан улсууд шүү дээ. Тэгэхээр хүний засгийн асуудал гэж байхгүй л дээ. Монголын улс төрд ёс суртахуун гэж байх ёстой. Дээрээс нь би зүгээр шийдвэр гаргачхаагүй. Би тэр даруй сонгогчид дээрээ очоод “Намайг нам дахиж нэр дэвшүүлэхгүй гэж шийдлээ. Энэ нөхцөлд намын нэрээр УИХ-ын гишүүнийхээ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх бололцоогүй боллоо. Би өөр нам юм уу, бие дааж нэр дэвшиж явахгүй” гэдгээ хэлсэн. Харин сонгогчид маань “Тийм юм байхгүй. Бид нам сонгоогүй.

Улс төрийн байр сууринаасаа ухарч болохгүй. Яаж л ажиллаж болохоор байна үргэлжлүүлж, сонгогчдодоо тайлангаа тавих ёстой” гэдэг даалгавар өгсөн. Миний анх байгуулсан, 30 жил амьдралаа зориулсан энэ нам өөрөө гаднын бүлэглэлийн хэрэгсэл боллоо. Г этэл манай олон жирийн гишүүд үүний буруутан биш шүү дээ. Би одоо 21 аймаг, есөн дүүргээр явж байна. Тэгэхэд танхимд сууж байгаа олон зуун хүмүүсийн тал нь манай АН-ын гишүүд байгаа юм. Тэд ирээд таны шийдвэрийг хүндэлж байна, ингэж ялгарч байр сууриа олон түмэнд хэлж түүнийхээ төлөө тууштай тэмцэх нь зөв л гэж байгаа. Тиймээс тэднийхээ болон ард түмнийхээ эрх ашгийг илэрхийлсэн улс төрийн хүчин цоо шинээр зохион байгуулах нь зүйтэй юм байна гээд л явж байна. Өөр арга алга.

 

-Намын уур амьсгал дандаа нэг янзаараа байдаг эд биш. Дөрвөн жил хүртэл улс төрийн сонгуульд оруулахгүй гэхээр наана нь зохицож болмоор л харагдаж байсан. Ер нь АН УИХ-д бүлэг ч үгүй болчихлоо шүү дээ. Үүсгэн байгуулж 30 жил явсны хувьд наад зах нь өрөвдөхгүй байна уу?

-Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө шийдвэрээ гаргаж байна гэдэг бүх үр дагавраа хариуцаж байгаа хэрэг. Бүлэггүй болсон нь надаас болоогүй шүү дээ. Өөрсдөө бүлэггүй болсон. Арванхоёрдугаар сарын 4-нд би намдаа байж байгаад УИХ дахь намын бүлгээс гарах шийдвэрээ гаргасан. Ингээд бүлэг найман гишүүнтэй болж байгаа юм. Тэгэхээр нам дахиад Улс төрийн зөвлөлөө хуралдуулах ёстой биз дээ. Хуралдуулаад Ж.Батзанданг хасвал бүлэггүй болох нь бидний шийдвэр УИХ-ын гишүүний эрхэнд халдсан юм байна гэдгээ ярих байсан.

Өмнөх парламентын үед С.Эрдэнэ дарга өөрийнхөө Засгийн газрыг унагачхаад “УИХ-ын гишүүдэд арга хэмжээ авах гэж байна” гээд улс төрийн хувьд том мэдэгдэл хийгээд байсан шүү дээ. Түүнийгээ ч гэсэн эргэж санаад Ж.Батзандан гишүүнд арга хэмжээ авахаа больчих ёстой байсан байхгүй юу. Тэгсэн бол би өргөдлөө татчихъя гэж бодож байсан юм. Бүлгээ элэг бүтэн авч үлдэх гээд байна шүү дээ. Гэтэл нэгдүгээр сарын 14-нд Ж.Батзандан гишүүнийг хөөгөөд долоон гишүүнтэй болоод бүлэггүй болчихсон.

Намайг сүүлд л албажуулсан болохоос би Ж.Батзандан гишүүнээс түрүүлж гарсан. Ж.Батзандан гишүүнийг өөрсдөө хассан. Өөрөөр хэлбэл, эд нарт түүхэн боломж өгсөн. Түүнийг ашиглахыг огт хүсээгүй. Тэгэхээр цаанаасаа АН-ыг намын хувьд сөнөөх том хуйвалдаан явж байгаа юм байна.Түүний гар хөлүүд өнөөдөр намын удирдлагад гарчхаад энэ амыг үгүй хийж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг үгүй хийх хуйвалдаан байна гэж бид хараад байгаа юм. Тийм бол үүнийг хамгаална гээд энэ шударга ёсны төлөө намыг байгуулж байгаа юм.

 

-Та АН өөрийгөө сөнөөж байна гээд байна. Нөгөө талаас Ж.Батзандан гишүүн та хоёрыг энэ намыг УИХ-д бүлэггүй болгож ёстой сөнөөж байна гэж харах хүмүүс бий?

-Яаж ч бодсон логикгүй зүйл. Хүн өөрөө юмаа хагалчхаад тэгснээ хажууд нь харж байсан хүнийг энэ хагалсан гэж болохгүй биз дээ. Нүдэн дээр өөрсдөө шийдвэр гаргаж, бололцоо өгөөд байхад бүх юмаа нураачхаад одоо болохоор түүнийгээ хэн нэгэн хүнд үүрүүлэх гээд байдаг нь маш ёс суртахуунгүй явдал.

-Ер нь маргаан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэс эхлэлтэй. Тухайн үед таныг Хөгжлийн банкнаас “Богд” банканд 30 тэрбумыг шилжүүлээд саналаа худалдчихлаа гэдэг яриа гарсан. Үүнд тайлбар хийх үү?

-Үүнийг би зөндөө тайлбарлаад, бүр өөрөө хүсэлт гаргаж хуулийн байгууллагаар шалгуулсан. Хөгжлийн банк 1.4 их наяд ч билүү хөрөнгөтэй байдаг. Тэгээд хууль журмынхаа дагуу бүх эрсдэлээ өөрөө хүлээдэггүй. Монгол Улсад ажиллаж байгаа албан ёсны бүх банкуудад дансан дээрээ тохирох хэмжээнд нь мөнгөө байршуулаад, хүүгээ аваад эрсэдлээ хуваадаг юм. Энэ бол өнгөрсөн Засгийн газар, УИХ-ын үед ч байсан зүйл. “Богд” банк гээд албан ёсоор Монгол Улсын хамгийн шинэ банк байгаа.

Тэрэнд таарсан мөнгө байршуулна. Томоохон банкуудад 600,700 тэрбум төгрөг байршуулсан бол бага нь 100, 150 тэрбум төгрөг байгаа. Ингээд хамгийн жижиг банканд 30 тэрбумыг л хийсэн явдал. Энд улсын мөнгийг авчихсан, идчихсэн, улс төр орчихсон ямар ч юм байхгүй. Засгийн газрыг огцруулах асуудал ярихаас жилийн өмнө шийдэгдээд, орж гараад явж байсан зүйл. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа л байхгүй юу. Тэр мөнгөнөөс миний карманд орох юм уу, үгүй шүү дээ. Хүүтэй нь буцаагаад л авч байгаа.

 

-Тэгвэл та ямар шалтгааны улмаас тухайн үед бүлэг, намын чиглэлээсээ зөрсөн шийдвэр гаргасан юм бэ?

-Бүлгийн шийдвэр гарна гэдэг угаасаа буруу ойлголт. Ер нь энэ Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг авна гэдгээ тодорхой болгонгуут огцруулах асуудлыг тавьсан. Үүнд нь, Ж.Батзандан гишүүн бид хоёр дургүйцсэн. Энэ Засгийн газар өнөөдөр Эрдэнэтийг буцааж авах ёстой. Цаагуураа буцааж авах гэсэн Засгийн газар болгоныг огцруулсаар байгаад Эрдэнэтийг хувьдаа авч үлдэх гээд байгаа санаархал. Бүх тэмцэл үүний төлөө л байгаа. Бодит үнэн нь, энэ.

-Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшил Оросын талаас авах асуудлыг танай намын Засгийн газар шийдвэрлэсэн байдаг?

-Түүнд намын оролцоо огт байхгүй. Намын нэрээр албан тушаал наймаалцаж авсан “MAHAH’’-гийнхны л хийсэн ажил. Тэгээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Эрдэнэтийг буцааж авна гэчхээд ямар ч алхам хийгээгүй. Тийм учраас бид огцруулсан. Өдрөөс өдөрт бид ямар их мөнгө алдаж байгаа билээ. Тиймээс “MAHAH’’-гийнхан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эх оронч шийдвэр гаргасны төлөө огцруулах гэснийг эсэргүүцсэн. Би УИХ-ын гишүүний хувьд ард түмэнтэйгээ уулзахад “Эрдэнэтээ буцааж авах ёстой” гэсэн хатуу даалгавар өгсөн учраас шийдвэр гаргасан болохоос биш У.Хүрэлсүхийн Засгийн газар буруу юм хийвэл маргааш ч огцруулахад бэлэн байна.

 

-Та ер нь барууны үзэл баримтлалтай хүн биз?

-Барууны үзэл гэж энэ дэлхий дээр байдаггүй.

-Яахав, зах зээлийг дэмждэг гэх юм уу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ хулгайг зах зээл гэж болдоггүй юм. Аль ч улсад, өөрийн чинь хэлсэн барууны гэдэг үзэл баримтлалыг төрийн бодлого болгочихсон улсад ч хулгайгаар төр, ард түмний өмч, байгалийн баялгийг эрхшээлдээ оруулаад, хууль шүүх, хэвлэл мэдээллийг бүгдийг нь авилгадаад, тэгээд төрийг эрхшээлдээ оруулахыг хэзээ ч зөвшөөрдөггүй. Энэ чинь ерөөсөө зүүний ч биш хамгийн аюултай гэмт хэргийн тогтолцоо байхгүй юу.

Бүх баялгаа ард түмний өмч болгочих юм бол үүний цаана жинхэнэ наад барууны үзэл чинь хөгжинө.​ Хамгийн авьяастай, чадвартай, нойр хоолгүй зүтгэдэг, уйгагүй энэ бүх хүмүүс илүү өмчтэй, бололцоотой, ашиг орлоготой ажиллана. Өнөөдөр тийм хүмүүст ямар ч арга алга. Цөхрөнгөө барж байна. Өчнөөн мянган залуус баруунд сайхан боловсрол эзэмшээд Монголдоо ирж байна. Гэтэл нөгөө алт, зэс, төмрийг нь ухаад гаргаж байгаа нөхдүүд бүх юмыг нь худалдаад авчихсан. Ямар ч орон зай, өрсөлдөөн байхгүй. Монгол Улс гэдэг чинь зүгээр нэг бүлэглэлийн хаалттай улс болчхоод байна шүү дээ. Ийм нөхцөлд монгол хүмүүс гутраад, буцаж гадаадад очоод боолын хөдөлмөр хийж байна. Дэндүү харамсалтай байгаа биз.

 

-Би юу асуух гэсэн бэ гэхээр таны байгуулах шинэ намын үзэл баримтлал л ямар байх бол гэж сонирхсон хэрэг. Саяхан АН барууны үзэл баримтлалтай байна гээд дүрмээ шинэчилсэн?

-Монголд баруун, зүүний үзлийн цаг нь болоогүй. Монгол Улс яг өмчийнхөө хуваарилалтын анхныхаа гараан дээр байгаа байхгүй юу. Өнөөдөр хэрвээ үндсэн баялгаа цөөхөн хүний гарт өгөөд явах юм бол Монгол Улс тэгээд Нигер болно. Энэ удаан явахгүй шүү дээ. Нэг өдөр ард түмэн улам ядуурна, нэг өдөр бослого гарна, иргэний дайн болно, цус урсана. Харин баялгийн үр ашгийг нийтээрээ тэгш хүртэх ажлыг зөв хийгээд, жинхэнэ чинээлэг гурван сая монголчуудтай болоод үнэхээр авьяастай, боловсролтой залуучуудад маш том бололцоог бий болговол өөр хэрэг. Тэрнээс хоёр сая хүн нь үгээгүй ядуу, үлдсэн сая нь нөгөө 100 гэр бүлдээ үйлчилдэг. Тэд нь бүх нийгмээ өөрсдийнхөө эрхшээлд хаачихсан байгаа нөхцөлд Монголын энэ зөрчил цаашдаа яавч сайн зүйл рүү аваачихгүй. Бид дахиад яг 1990 оны нөхцөл байдалдаа оччихсон байна.

-Хөрөнгөтнүүдээ үзэн ядах үзэл дэлгэрээд л байна.

-Ард түмний баялгийг цөөхөн хүн аваад туйлж байна шүү дээ. Казинод очоод олон сая доллараар тоглоод л байна. Үнэхээр хүний төсөөлөлд багтахгүй хөрөнгө мөнгийг үрэн таран хийж тоглоод, тэр нь шударгаар олж авсан биш байх юм бол хүмүүс чинь хөрөнгөтэй хүнийг үзэн ядаж байгаа юм. Америк эсвэл Германд байгаа баян хүмүүс бол яг хүмүүжлээрээ, ёс суртахуунаараа зөв замаар хуулийн дагуу, хулгай хийгээгүй баялагт хүрч байгаа учраас зүгээр байна. Билл Гейтс ганган хувцас өмсөхийг харсан уу. Зукербэрг жирийн оюутан шиг л амьдарч байгаа биз дээ. Үүндээ байдаг юм. Баялаг бүтээж нийгэмд үр ашгаа өгнө гэдэг чинь зүгээр амьдралын хэв маяг болохоос биш нэг хэсэг нь баялгийг өөрийнхөө зугаа цэнгээний хэрэгсэл болгоно гэдэг чинь нийгмийн хамгийн том хагарлыг бий болгодог. Унадаг машин, иддэг хоол бүх юм адилхан л байх ёстой.

Манай нийгэмд ямар муухай ялгаа гарч байна. Энэ чинь маш буруу. Монгол хүн гаднаас нь харахад сайд ч бай, тэрбумтан ч бай, цэвэрлэгч ч бай адилхан байх ёстой. Яахав нэгнийх нь гаргадаг шийдвэр мянган төгрөг байхад нөгөө нь тэрбум төгрөгийн шийдвэр гаргадаг л юм байгаа биз. Тэр бол хүний ажил амьдралын ялгааны л асуудал. Бид ийм зөв нийгэм рүү очих ёстой. Тэгэхгүй бол гуравхан сая монголчууд дотроо ингэж хагаралдаж, улс орноо гадагшаа уралдан зөөж байгаагаас үнэхээр нүд халтирмаар аймшигтай харанхуй ирээдүй харагдаж байна шүү дээ.

 

-Эргээд намыг асуухад та АН-д байхдаа МоАН нэгдэл гэдгийг байгуулсан. Тэр нам болж байна уу. Ер нь орохоо илэрхийлсэн хүмүүс хэр байна?

-МоАН нэгдэл гэдэг чинь ардчиллын үнэт зүйлийг эргэж сануулах, амьдралын хэв маяг болгох иймэрхүү л зорилготой төрийн бус байгууллага шүү дээ. Тэр байгууллага эргээд АН руугаа ойртоод, дөхөөд явсан. Би АН-аас хөөгдчихсөн, МоАН нэгэнт Ардчилсан намын хүрээллийн байгууллага учраас гарчихсан л даа. Би АН-ын хүрээллийн бүх юмнаас гарсан.

-Таны байгуулах шинэ намын нэр юу вэ?

-Хувьсгалаар бий болсон намууд байдаг. Жишээ нь, ардын хувьсгалаар МАН бий боллоо. Ардчилсан хувьсгалаар АН бий болсон. Бид одоо шударга ёсны хувьсгал болж байна гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид Шударга ёсны төлөө нам гэдэг энэ намаа л байгуулна.

 

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн одоо ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар МАН-ынх. Тэдэнтэй УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр их нийлэх юм. Бүхэлд нь харахаар эрх баригч нам дийлэнх харагдаад, тэдний талд орчихсон юм шиг санагддаг. Шинэ нам байгуулахаараа МАН-ын гишүүдээсээ салах болов уу?

-Бид тав том нийтлэг эрх ашиг дээр нэгдсэн. Жишээлбэл, ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой, шударга бусын хонгилыг нураах ёстой, баялгийн эзэн монгол гээд том эрх ашиг дээр нам харгалзахгүйгээр нэгдсэн. Бидний хэнд нь ч яг энэ асуудал дээр намын харьяалал байхгүй гэж болно. Өөрөөр хэлбэл шударга ёсны хамгийн том хоёр зорилт явж байгаа шүү дээ. Үүгээрээ нэгдээд явж байгаа юм.

Гэхдээ тэр хүмүүсийг намаас нь хөөгөөгүй. Нэгэнт намаасаа хөөгөөгүй юм чинь өөрийнхөө намыг өөрчлөх, шинэчлэх ажлаа хийх байх. Тэр нам чинь өөрөө маш том тэмцлийн талбар болчхоод байна. Үнэхээр МАН дотор өнөөдөр “МАНАН”-гийн нам байх эсэх том тэмцэл байгаа. Хүчний харьцаа нь хаашаа ч эргэж магадгүй. Тэд өөрийнхөө нам дотор үзэж байна. Ялагдах юм бол наашаа шууд ирээд нэгдэх ёстой л гэж харж байгаа. Хэрвээ Ардын нам зөв замаар явбал Монголд хэрэгтэй л нам шүү дээ. Мөн энэ тэмцэл АН-ын дотор ч гэсэн өрнөнө гэдэгт би итгэж байна.

-Яваандаа АН зөв болсон гэж та үзвэл эргэж элсэх үү?

-Үүнийг чинь юу харуулах вэ гэхээр сонгууль л харуулна даа.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549