Боксын спорт Олимпийн наадмаас хасагдаж магадгүй байгааг ОУОХ анхаарууллаа

access_time 2018-10-04
remove_red_eye 77

 

Хэрвээ холбооныхоо дотоод засаглалын асуудлыг зөв шийдэж чадахгүй бол боксын спортыг Олимпийн наадмаас хасах боломжтойг Олон Улсын Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөл өчигдөр анхааруулжээ.

Удахгүй болох холбооны их хурлаараа AIBA (Олон Улсын Боксын Холбоо) дотоод засаглалын асуудлаа шийдэх ёстойг ОУОХ хатуу үгтэй мэдэгдэлдээ шаардсан байна.

“Удахгүй болох их хурлаараа ОУОХ-ны шаардлагад нийцэх хэмжээний засаглалын өөрчлөлт хийхгүй бол Олимпийн хөтөлбөрт боксын спорт багтах эсэх, цаашлаад AIBA-г хүлээн зөвшөөрөх эсэх асуудлуудыг хөндөх болно” гэж гүйцэтгэх зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.

ОУОХ өнгөрсөн долдугаар сард 2020 оны Токиогийн Олимпийн наадмаас боксын спорт хасагдаж магадгүй байгааг мөн анхааруулж байв.

AIBA-гийн их хурал арваннэгдүгээр сард Москва хотод болох гэж байгаа. Энэ хурлаар тус холбооны ерөнхийлөгчийг сонгох юм. Гэтэл нэр дэвшигчдийн жагсаалтад Узбекистаны бизнесмэн, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой шалтгаанаар АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад орсон Гафур Рахимов өрсөлдөгчгүй ганцаар байгаа юм.

AIBA-д шахалт үзүүлж, дотроос нь шинэчлэхийн тулд ОУОХ энэ онд тус холбоонд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ зогсоогоод байна.

Гэхдээ AIBA-д дарамт үзүүлэхийн хажуугаар боксын спортын тамирчдын эрх ашгийг хөндөхгүй байх, Олимпийн хүсэл мөрөөдлийг нь хамгаалахад анхаарч ажиллахаа ОУОХ давхар амлажээ.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549