Гадаад орнуудад элчин сайдаар томилогдох хүмүүсийн нэрс тодорчээ

access_time 2019-04-18
remove_red_eye 505

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэнгүүт нэлээд хэдэн улсад суух Элчин сайдыг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох талаар зөвшилцөх тухай сураг дуулдаад эхэллэв. Гадаад оронд улсаа төлөөллөн суух Элчин сайдаар томилогдох дипломатуудад яг үнэндээ шахааны “ цагаан гартнууд” зарим нэг нь гэмт хэрэгт холбогдож өршөөлийн хуулиар ял завшсан “сайн эр” ч багтжээ.

Одоо Монгол Улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлж, шинэ түвшинд гаргаж ирж чада,х ядаж ганц төсөл чирээд ирэх хүмүүс л хэрэгтэй. Бусад орон ч дүүрч шахааныхаа хүмүүсийг явуулдаг юм байгаа биз.Харин хоёр хөршдөө илгээх элчүүдэдээ онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь ОХУ-тай харилцдаг хоёрхон л сэдэв бий. Энэ нь шатахууны импорт, УБТЗ-ын асуудал. ОХУ нь Монгол Улсын шатахууны импортын 95 хувийг нийлүүлж байна. Харин БНХАУ-тай уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь туйлын чухал асуудал болж байна. Ийм том голлох асуудлыг шийдэж чадах эрхэмүүдийг томилж эдийн засгаа өөд нь татмаар байна. Тэгвэл ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу Засгийн газрын ээлжит хуралдаанд зарим улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг танилцуулахаар тогтжээ. Засгийн газар тэднийг дэмжвэл УИХ-тай зөвшилцөх ажил даруй эхэлнэ. Чухам хэн хэнийг Элчин сайдад нэр дэвшүүлж буй талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд нууцалж байгаа ч Засгийн газрын түвшинд үндсэндээ ойлголцсон тул татгалзалгүй, УИХ-д саналаа хүргүүлэх бололтой.

Дипломат албаны тухай хуульд заасанчлан Монгол Улсаа төлөөлөн хилийн чанадад ажиллаж байгаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газрыг ерөнхийд нь “Дипломат төлөөлөгчийн газар” хэмээдэг. Одоогоор нийт Дипломат төлөөлөгчийн 49 газар ажиллаж буй бөгөөд 29 нь Элчин сайдын яам юм.

Энэ удаа 18 Элчин сайдыг өөрчлөх гэнэ. Үндсэндээ Элчин сайд нарын гуравны хоёрыг нь нэгэн зэрэг өөрчлөх гэж байгаа аж. Тодруулбал, Австралид Н.Анхбаяр, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газарт В.Энхболд, Тайландад А.Төмөр, Унгарт Б.Баярсайхан, Италид Х.Мандахцэцэг, Энэтхэгт Э.Сарантогос, Египетэд М.Цэнгэг, Шведэд Ц.Даваасүрэн, Кубад Ж.Сэрээжав, Хятадад С.Энхбаяр, Орост Х.Наранхүү, Туркт Э.Мөнх-Очир, БНСУ-д С.Эрдэнийг Элчин сайдаар томилуулах гэж буй юм байна.

ХЭН НЬ ХЭН БЭ

Н.Анхбаяр нь өдгөө Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж буй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү. Хуульч мэргэжилтэй тэрбээр 2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж байсан бол Гадаад харилцааны яам, дипломат албанд 2007 оноос хойш тасралтгүй хүчин зүтгэжээ. 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар сууж байв.

Н.Анхбаяраас гадна өдгөө Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын захирлаар ажиллаж буй хэд хэдэн хүн бий. Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нь олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй, Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Ийнхүү салбартаа ажиллаж байгаад М.Энхболдыг Ерөнхий сайд болоход нь гадаад бодлогын зөвлөхөөр нь томилогджээ. Улмаар М.Энхболдыг МАН-ын дарга болоход тус намын Удирдах зөвлөлийн Эдийн засгийн хөгжлийн бодлого болон Улс төр, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос уг албанд томилогджээ.

Харин В.Энхболд нь Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, М.Цэнгэг нь Европын газар, Э.Сарантогос нь Ази, Номхон далайн орнуудын газар, А.Төмөр нь Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Х.Мандахцэцэг нь Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, Б.Баярсайхан нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрыг удирдаж байгаа юм.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн болон долоон газрын захирал нь ийнхүү Элчин сайдаар томилогдох бололтой. Гадаад харилцааны яамны удирдлагад сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаас гадна 13 газрын захирал нь багтдаг юм. Газрын захирлаар ажиллаж буй нэр дэвшигчдийн хувьд мэргэжил хийгээд туршлагын хувьд гадаад харилцаа, дипломатын салбарт гологдохгүй нь намтраас нь харахад илт аж. Ташрамд дурдахад, Х.Мандахцэцэг нь “элэгний” хэмээх Ж.Хатанбаатар эмчийн охин юм байна.

Өмнө нь Япон, Канад, дараа нь Тайланд, Австралид Элчин сайдаар суулгахаар зүтгүүлсэн Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар нэр дэвшигчийн жагсаалтаас үүгээр хасагдаж байх шиг. Нөгөө талаас албан тушаалын “бялуу” хувааж, “Англи хэл ч мэдэхгүй хүнийг Элчин сайд болгодог” гэх наад захын гомдол, шүүмжлэлийг дипломат томилгооноос холдуулах нь гэх итгэл төрж байна.

Ж.Сэрээжав нь Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Төрийн ёслолын албанд даргын алба хашиж байсан төдийгүй Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан нэгэн. С.Энхбаяр нь 2008-2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан, мэргэжлийн дипломатч болохыг эх сурвалж хэлэв.

Х.Наранхүү нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, Үйлдвэр, худалдааны сайдаар томилогдож явсан тэрээр төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан бол С.Эрдэнэ нь өдгөө Хонконгод Ерөнхий консулаар сууж буй. С.Эрдэнэ нь Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал цолтой.

Тэрбээр 2002 онд буюу Австрид атташегаар ажиллаж байхдаа ХБНГУ руу их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, саатуулагдаж байсан талаар 2013 онд ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдох үед хэвлэлийнхэн нэлээд шуугьсан. Э.Мөнх-Очир нь Туркийн Истанбулд Ерөнхий консулаар ажиллаж буй бөгөөд Элчин сайд болж дэвших бололтой. Тэрбээр УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү, мөн парламентын гишүүнээр сонгогдож байв.

БҮГДИЙНХ НЬ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУССАН ГЭВЭЛ ХУДЛАА

Элчин сайд нарыг дөрвөн жилийн хугацаатай томилдог. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сард Лаос, Сингапур, Куба, Энэтхэг, Египет, Австрали, Польш, Тайланд улс болон НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг шинээр томилсон бөгөөд өдгөө бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй юм. Өөрөөр хэлбэл, Лаос, Сингапур, Польшид суух Элчин сайд нарыг ч ойрын үед шинээр томилно гэсэн үг.

Мөн оны сүүлчээр Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилсон ч түүнийг эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгч албан ёсоор уламжлаад гурав хонож байна. АН-ын дэд даргаар томилогдож, улс төрийн албан тушаал хаших болсон нь холбогдох хууль зөрчиж буй гэх шалтгаанаар түүнийг эгүүлэн татаж байгаагаа тайлбарласан ч өмнө нь түүний талаар янз бүрийн гомдол, шүүмжлэл хөвөрдөг байв.

Хятад, Унгар, Италид суугаа Элчин сайд нарыг 2016 оны эхээр, Туркт суугаа Элчин сайдыг мөн оны сүүлчээр томилж байлаа. Тэднийг Элчин сайдаар томилсон зарлигт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурж, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны хавар буюу халаагаа өгөхөөсөө өмнө Унгарт суугаа Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татахаар санал гаргаад байсан юм.

Тухайн үед Төрийн тэргүүн чухам ямар шалтгаанаар эгүүлэн татах хүсэлтэй буйгаа тайлбарлаагүй ч дараагийн Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул З.Батбаяр өнөөдрийг хүртэл Элчин сайдаар сууж байгаа хэрэг. Үндсэндээ Хятад, Унгар, Италид суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа хараахан дуусаагүй гэж ойлгож болно. Гэхдээ тэдэнтэй холбоотой зарим шүүмжлэл Элчин сайдын албанаас нь хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэл болсон байхыг үгүйсгэхгүй.

Тухайлбал, БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулахдаа их хэмжээний мөнгө угаасан, хувьдаа завшсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэрбээр Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, АСЕМ-ыг зохион байгуулахад гардан оролцсон. Тодруулбал, тухайн үед Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, АСЕМ-ын уулзалтад бэлтгэх ажлын албыг ахалсан. Тиймээс АСЕМ-ыг зохион байгуулахад зориулсан хэдэн зуун тэрбум төгрөгийг дур зоргоороо зарцуулсан гэх хардлага, шүүмжлэл түүнийг илүүтэй дагалдсан байж мэднэ.

Харин жил хүрэхгүйн өмнө Шведэд суух Элчин сайдаар О.Энхцэцэгийг томилж байв. Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэгийг хүлээн авагч орон нь “хөөсөн” гэх мэдээлэл гарсан даруйд тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд таван сарын нүүр үзэж байна. Манай урдаа барьдаг дипломатчдын нэг, гадаад харилцааны салбар, дипломат албанд 30 гаруй жил ажиллаж, томилогдох хүртлээ Гадаад харилцааны яаманд газрын захирлын алба хашиж байсан түүний салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг үгүйсгэх хүн гараагүй ч тэрбээр дипломат ёсонд мөрддөг наад захын дэг жаягийг зөрчсөн төдийгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж Шведийн тал үзсэн юм билээ.

Түүнээс өмнө тус улсад Элчин сайдаар сууж асан М.Энхсайханыг эгүүлэн татсанаар дараагийн хүнийг нь томилохгүй нэлээд удсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сард сонгогдон, Төрийн тэргүүний тангараг өргөсөн даруйдаа түүнийг эгүүлэн татах байр сууриа илэрхийлснийг сануулъя.

Итгэмжлэх жуухаа хүлээсээр эцэст нь өөр хүнд албаа өгөх гэж буй хүн бол ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц. Түүнийг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ жил гаруйн өмнө дэмжсэн ч түүнийг хүлээн авах, эсэх хариугаа Өмнөд Солонгосоос өнөө хэр ирүүлээгүйг албаныхан хэлдэг. Ерөнхийлөгч ч итгэмжлэх жуухыг нь өгөхгүйгээ шулуухан илэрхийлчихсэн.

Эх сурвалж. Unuudur.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549