Эрчим хүчний салбар өвлийн их ачаалалд бэлэн үү

access_time 2018-10-03
remove_red_eye 118

 

ЭНЭ ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН

Эрчим хүчний хэрэглээ сүүлийн хэдэн жилийн турш жил бүр 5-8 хувиар нэмэгдээд байсан. Тэгвэл энэ жил үүнээсээ хоёр дахин нэмэгджээ. Энэ нь манай хараат, тогтворгүй эрчим хүчний салбарыг ганхуулах нь мэдээж. Түүнчлэн ахуйн шаардлагаар өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрсдэл дагуулдаг. Тэгвэл эрчим хүчний салбар өвөлжилтөд бэлэн үү.

Өнгөрсөн сарын 16-ны бямба гарагт болсон “Дулааны цахилгаан станц IV”-ын тэг зогсолт энэхүү эргэлзээний эхлэл байж мэдэх юм. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг хангадаг хамгийн хүчин чадал сайтай тус станцын үйл ажиллагаа доголдож, зогссоноос III цахилгаан станцад нөлөөлж нийслэл тэр чигтээ “зогссон”.

Энэ үеэр салбарын сайд “Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй ч гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна.

Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ.Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэж тайлбар хийсэн. Системд доголдол гарахын өмнөх долоо хоногт салбарын өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байсан. Хотын дулаан хангамжийн бэлтгэл ажилд сүлжээний шугам хоолой, хаалт арматурын засвар, сүлжээний халаагчуудын засварын ажлыг хийсэн.

Төлөвлөгдсөн үйлдвэрийн болон ахуйн байрны барилгын засварын ажлууд бүрэн биелэлттэй. Үндсэн болон туслах тоноглолын их засварууд төлөвлөлтийн дагуу хийж байгаа талаар танилцуулж байсан юм. Гэмтлийн дараа салбарын сайд нь мөн л “Энэ аваар манай эрчим хүчний систем бие даасан систем биш гэдгийг харуулж байгаа юм. “ДЦС IV” дээр аваар гарахад бүгдээрээ зогсчихож байна. “ДЦС III” дагаад уначихсан. Харьцангуй хүчин чадлын зөрүүтэй. “ДЦС II”I бол “ДЦС IV”-ын нэг блокны хүчин чадалтай л станц шүү дээ” гэснээр салбарынхаа бие даагаагүй байдлыг хүлээн зөвшөөрсөн.

ХУУЧИН СТАНЦАА ШИНЭЧЛЭХ БИШ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛЪЁ

Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,200 МВт. Өнгөрсөн өвлийн дээд ачаалал 1,081 МВТ-д хүрсэн. Ачааллыг цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаа дайчлан ёстой л улаан гэрлээ анивчуулан байж давсан. Энэ жил эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн нь станцууд бүрэн чадлаараа ажиллаад ч давж гарахад туйлын хүндрэлтэй нөхцөл байдал юм.

Эрчим хүчний салбар өвлийн их ачааллын горимд энэ сарын 16-наас эхлэн шилжсэн. Үүнийг тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлнэ. Холбогдох яамны мэдээлснээр төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээнд эхний найман сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлт 3449.4 сая кВт.цаг болж, төлөвлөгөөнөөс 162.5 сая.кВт.цагаар өсжээ.

Энэхүү хэрэглээний өсөлтийн 78.2 сая нь “ДЦС IV”, 27.5 сая “ДЦС III”, 58.1 сая кВт.цагийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станц үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд импортоор 185 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч авчээ. Хараат, бие даасан бус эрчим хүчний салбарыг тогтвортой болгох гарц нь шинэ эх үүсвэрүүд гэдгийг судлаачид төдийгүй салбарынхан өөрсдөө онцолдог. Тэр ч утгаараа V цахилгаан станц, Багануур, Оюутолгой, Эгийн гол, Шүрэнгийн цахилгаан станцын төслүүдийг олон жил ярьж царцаасаар байна.

Шалтгаан нь ердөө хөрөнгө оруулалт, улстөржилт. Түүнчлэн салбарынхны тайлбарладгаар мэргэжлийн бус хүмүүсийн бодит нөхцөл байдалтай уялдаагүй хийсвэр төслүүд. Ингэж царцаасан төслүүдийнхээ оронд насжилт өндөр цахилгаан станцууддаа жил бүр засвар хийн, тоног төхөөрөмжөө шинэчилж, гал унтраах маягаар явсаар өдийг хүрсэн. Түүнчлэн одоо шинэ станц барих биш хуучин станцуудаа өргөтгөх төслүүдийг эрчимжүүлэх болсон. Тодруулбал, “ДЦС-4”-ын 1-4 дүгээр турбиныг шинэчлэхээр хөрөнгийн эх үүсвэрийг ОХУ-аас авахаар зэхэж байгаа.

Ингэснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, дөрвөн турбины ажиллах хугацаа 220 мянган цагаар уртсах гэнэ. Мөн “ДЦС-3” дээр 25 МВт-ын тавдугаар турбиныг 50 МВт болгож солих, тус станцын баруун талд 50 МВт-ын нэг зуух турбин тавих, 48 МВт-ын дунд даралтын хэсгийг буулгаж, оронд нь шинээр 250 МВт-ын станц барина. ‘’ДЦС-2’’-ын суурин дээр 200 МВт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц барих судалгааны ажлыг эрчимжүүлэх, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөх. Амгалангийн дулааны станц дээр турбин генератор суурилуулан 50 МВт-ын өргөтгөл хийж, цахилгаан үйлдвэрлэхээр төлөвлөсөн.

Үүнийгээ цаг, зардал хэмнэсэн гэж тайлбарлах нь бий. Уг нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож ашиглалтад оруулбал цаашид өгөх үр өгөөжийг нь үнэлээд баршгүй. Тухайлбал, Эгийн болон Шүрэнгийн усан цахилгаан станц баригдах нь эрчим хүчний салбарт экологийн хийгээд эдийн засгийн асар их ач холбогдолтой. Мөн Багануурын уурхайг түшиглэн цахилгаан станц барих нь тээврийн зардал бага тусахаас эхлээд эрчим хүчний үнэ тариф хямд байх боломжтой нь ойлгомжтой зүйл юм. Түүнчлэн энэ станц ашиглалтад орсноор өвлийн их ачааллын үед “Эрчим хүчний салбар бэлэн үү” гэдэг эргэлзээг ч бүрэн арилгах хамгийн ойрын боломж гэдгийг салбарынхан онцолж байлаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549