“Бакал” Жагаа гэж хэн байв

access_time 2019-04-16
remove_red_eye 843

 

1990 хэдэн онд Замын-Үүдээр явдаг наймаачид суудлын вагоноор ачаагаа зөөдөг байлаа. Тэр үед “Бакал” Жагаа гэж алдарт жимсний наймаачин байв. Нэг удаа явахдаа 200-300 хайрцаг жимс ачна. Ногоон вагон бол үнэндээ л Бакал Жагаагийн мэдэлд байсан үе. Зөвхөн вагон ч биш Замын-Үүдийн гааль, хорио цээр, цэрэг, цагдаа гээд Жагааг мэдэхгүй, танихгүй хүн байхгүй. Манай нөхөр хэдэн найзуудтайгаа нийлж Жагаагийн ачааг зөөдөг байв. 1997 оноос эхэлсэн байхаа. Бид нар ачааг нь вагонд оруулж өгөөд тэр чигээрээ Сайншанд ороод буцдаг байсан юм. Тэр үед хоёр галт тэрэг Шанд дээр зөрдөг байлаа.

Би нөхрөө дагаад хэдэн хоол хийгээд вагонд зарчихдаг байв. Бакал Жагаагийн хүмүүс гээд манайхны арваад хүн вагонд үнэгүй явна. Бараг л билет авна энэ тэр гэсэн ойлголтгүй шахуу болсон байсан. Биднийг хараад кассирууд “Бакал Жагаагийн хүмүүс” гээд таньдаг болчихсон байсан. Бид ч Жагаагийн нэрийг их ч худалдаж идсэн. Олонч хүнд Жагаа буян болсон доо. Тэр үед “Бакал Жагаа автобус перон дээр гаргаад ачаагаа ачиж гэнэ. Бакал Жагаагийн суусан машин ногоон гэрлээр гардаг гэнэ. Бакал Жагаагаас бусад нь вагонд ачаагаа оруулж чадалгүй хоцорч гэнэ” гэх мэт үлгэр домог шиг яриаг их сонсдог байв. Майга хөлтэй туранхай бор залуу яагаад тийм танилтайг би их гайхдаг байлаа. Хаа байсан Увсын залуу Дорноговийн хүмүүсээс илүү нэр нөлөөтэй байгаа нь миний гайхшралыг төрүүлсэн юм. Манай Шандын кассирууд бүр ах дүүс нь юм шиг ханддаг байсан.

1999 онд юмдаг. Тэр жил их хүйтэн өвөл болсон. Би нөхөртэйгөө хамт айлын байшин засаж байсан юм. Ажил ихтэй болохоор харьж чадахгүй засаж байгаа байрандаа хононо. Нэг удаа засвар хийж байсан байрандаа хоноод өглөө нь хоёр хүүхдээ очоод гал түлээд гэрээ дулаацуулж бай гээд явууллаа. Манай хоёрын хичээл үдээс хойш ордог байсан юм. Тэгсэн төд удалгүй өнөө хоёр чинь пижигнээд гүйлдээд ирэв.
–Манай гэрт хүн шинэ хувцас оруулаад тавьчихаж гэдэг юм байна.
-Гэр онгорхой байна уу? гэсэн чинь -Үгүй цоожтой байсан гэдэг юм байна. Би хийж байсан юмаа орхиод хоёр хүүхдээ дагуулаад гэртээ ирлээ. Тэгсэн чинь манай хоёр хүүхдэд өвлийн польтой, ноосон малгай өөр юуч байлаа даа авч ирээд гэрийн тооноор оруулж тавьчихаад явчихсан байсан. “Жагаагаас өөр хэн байхав” гэж манай нөхөр эргэлзэлгүй хэлсэн. Би ч бас тэгж бодсон. Тэгэхэд ярих утас энэ тэргүй л байж.

Тэр үед манай амьдрал тарчигдуу хүрч ядсан хүнд үе байлаа. Дулаан хувцас өмсөөд Шандын урд Дэнжээс сургууль руу баяр хөөртэй дэвээд гүйж яваа хоёр охиноо хараад миний нулимс зүгээр л асгарчихсан. Шанд дээр суудал 30 минут зогсох хооронд хүмүүс хоол иддэг юм л даа. Тэр гучин минутанд амжаад манайх руу такси бариад ирсэн гэж бодохоор л доороос нэг юм огшоод байж билээ. Вогзал ар Шандад байдаг. Манайх өвөр Шандын өмнө дэнжид байдаг. Шанд дотроо холдоо орно л доо. Одоо ч тэндээ байгаа.

Чухам яагаад Бакал Жагаа гэдэг хүн тийм их нэр хүндтэй, тийм их олны хайр хүндэтгэлийг хүлээдэг юм бэ гэдгийг тэгэхэд л ойлгосон билээ. Манай хоёр охин сургууль төгсөөд хүнтэй суусан. том нь гурван хүүхэдтэй бага нь хоёр хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон сайхан амьдарч байна. Жагаа минь хүний дээд юм шүү. Олон сайхан зохиол бичиж Монголын алдартай сайхан уран бүтээлч болсонд баярлаж явна. Найз нөхөдтэйгөө уулзахаараа ам дүүрэн яриад бахархаж явна найз нь. Зохиолч Да.Жаргалсайхандаа сайн сайхан бүхний дээдийг хүсье.

Б.Наранцэцэг.
Дорноговь аймгийн Даланжаргалан сум.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549