Монголоос 20-р зуунд алдагдсан газар нутаг

access_time 2019-04-16
remove_red_eye 1254

 

20-р зуун бол Монголчуудын хувьд асар их хохиролтой зуун болж өнгөрсөн билээ. Монголчууд тусгаар тогтнолоо олж авч, буцаан алдаж, бусдын колони болж, эргүүлэн сэргээх зэргээр ээлжилсээр. 1905 онд Манжийн шинэ засгийн бодлогын харгайгаар Өвөр Монгол, Шинжааньд олон цагаач хятад суурьшин газар тариалан эрхлэх хэлбэрээр Монголын газар шороог эзэмших болсон бол Ар монголчууд амжилттай эсэргүүцснээр хар хятадын нүүдлийг сааруулж чадсан юм.

Үүнд хорссон Манжууд Ховдын хязгаарыг 2 хуваан зурагт 1 гэж тэмдэглэсэн хэсгийг Алтайн хязгаар гэж нэрлэн Шинжааньд захируулсан юм. Энэ үед зурагт 4 гэж тэмдэглэсэн Урианхайн хязгаарт Оросын өлсгөлөн тариачид олноор шилжин суурьшиж худалдаа наймаа хийх, алт ухах ажиллагааг эхэлжээ. Ийнхүү, Манжийн засаг Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ гүйцэтгэх чадваргүй болсныг ойлгосон Халхын ноёд 1911 онд Долнуурын гэрээг хүчингүй болсныг мэдэгдэж, өөрийн газар нутгаа хамгаалах эрхээ сэргээсэн болохоо буюу тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улсыг байгуулав.

Богдын 5 замын цэрэг Өвөрмонголыг чөлөөлөх байлдааны үйл ажиллагааг явуулсан бол Хатанбаатар Магсаржаваар удирдуулсан цэрэг зурагт 1 гэж тэмдэглэгдсэн Алтайн хязгаарыг чөлөөлөхийн төлөө Шинжааны генерал Ма болон урвагч торгуудын Балт ван нарын 6000 цэрэг бүхий их буу, пулёмётоор зэвсэглэсэн байнгын армийн эсрэг амжилттай тулалдан Цагаан Түнхэд бүслэн авчээ. Гэвч Гоминданы Хятад, Цагаан Оросууд Бээжинд хэлэлцээ хийн тулалдааныг зогсоож цэрэггүй бүсийг тогтоосон нь Алтайн хязгаарыг алдуулаад зогсохгүй Ховдын хязгаараас буюу Алтайн урианхайн Итгэмжит засаг, Ёст засаг, Саруул засаг болон Торгууд вангийн хошуунаас тус тус ихээхэн газар нутгийг үүрд Хятадад алдуулсан юм. Энд урвагч Балт ван голлох сөрөг үүрэг гүйцэтгэсэн ба Арван баяд болон Дүрвэд далай хангийн зүгээс нууцаар хөхүүлэн дэмжиж байв.

Урианхайн хязгаарт нэвтэрч орсон оросуудын шахалтаар тус хязгаарын ард иргэдийн санаа сэтгэл хоёрдож Улиастайн чуулганд ёс төдий захирагдах болжээ. Монголтой хиллэдэг хошуудын ноёд Монголын талаас тусламж хүсэх болсон ба 1918 онд Хатанбаатарын цэрэг Хүрээнээс хөдлөн уг хязгаарт нэвтэрч Цагаан болон Улаан Оросын аль алинтай нь тулалдаанд орж, Оросуудын шуналт хүслийг хэсэгтээ зогсоож чадсан юм. Гэвч Урианхайн хязгаар бие даасан байдалтай үлдэж хоцорчээ. 1941 онд Салчиг Тогоо хэмээх урвагчийн шууд санаачлагаар ЗХУ-д сайн дураараа нэгдээд зогсохгүй Монголын баруун-хойд хилээс ихээхэн газар нутгийг салган алдагдуулсан байна. Энэ нь Ховдын хязгаарын Эетэй засаг, Үйзэн засаг, Хурц засгийн хошуудын газар нутгийн бараг тал нь байжээ. Үүнд сүүлд Молотовын булааж авсан газар багтаагүй болно.

1912 оны Ховдыг чөлөөлөх байлдаанд гавъяа байгуулсан Оросын Астарханийн дүрвэд Дамбийжаа буюу Жа лам 1917 оны Октябрийн хувьсгалаар цөллөгөөс сулран гарч ирээд Хиагт, Их хүрээ, Улиастай, Ховдыг дамжин тэнүүчилсээр өмнөд говийн нутагт өөрийн эзэмшлийг бий болгон Маажинсан уулнаа шивээлэн суусан байна. Тэрээр нутгийн болон бусад ардыг яргалан, дээрэмдэж, түйвээн дүрвээж, террор үйлдэх болсон тул 1922 онд Ардын засгийн газраас Нанзад баатар тэргүүтэй тусгай ангийг илгээн даран сөнөөсөн билээ. Гэвч муугийн балаг олонд гэгчээр түүнийг харьяалсан газар нутаг эзэнгүйрч улмаар хятадууд түрэн суусан байна. Энэ бол 2 дугаараар тэмдэглэгдсэн Захчин бэйл, Захчин гүний болон Засагтхааны өмнөд нутаг билээ.
Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцэгч Чойбалсанг 1953 онд нас бармагц Ю.Цэдэнбал нар өмнөд хилээ хамгаалж байсан Монголын хилийн цэргийг татан буулгажээ.

Хойд хилийг найрамдлын хил хэмээн Оросуудад угийн найдаж орхисон байв. Тэгээд 1959-1962 онуудад ЗХУ болон БНХАУ-тай хилийн хэлэлцээ хийж хилийн шугамыг албан ёсоор тогтоосон нь Монголын ихээхэн газар нутгийг алдагдуулсан юм. Үүний томоохон нь л 3, 5, 6 дугаараар тэмдэглэгдсэн байгаа боловч нийт хилийн шугамаар Монголын газар нутаг их бага хэмжээгээр хумигдсан билээ. Хилийн цэргийг хэлэлцээ дууссаны дараа 1965 онд дахин байгуулжээ. Харин Оростой хиллэсэн хэсгээ 1990 оноос албан ёсоор хамгаалах болжээ.

Ийнхүү, Туваг оролцуулан тооцвол Богд хаант Монгол улсын нийт газар нутгийн 20-25%-ыг зөвхөн 20-р зуунд хоёр хөршдөө алдсан байна. Үүний цаана дандаа Монголын ард түмний эрх ашгийг хөсөрдүүлэгч, ашиг хонжоо харагч, алсын хараагүй урвагч нар байсан болно. Тэд хүнийрхүү сэтгэл гаргасан нь гарал угсаатай нь ч холбоотой байж мэднэ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549