Д.Гангабаатар: “Тэнгэр шиг бай” бол миний аавын надад үлдээсэн захиас

access_time 2019-04-15
remove_red_eye 299

 

Түүнийг удаан хүлээсний эцэст зөвшөөрүүлж чадсан ч гэлээ уулзах мөчид зогтуссанаа нуух юун.

Хэвлэлийнхэнд нээлттэй биш, ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийн урилгаас татгалздаг түүнийг удаан хүлээсний эцэст зөвшөөрүүлж чадсан ч гэлээ… Уулзах мөчид зогтуссанаа нуух юун. Эцгийнхээ хөргийг хуулчихсан гэмээр дэндүү адилхан зүс. Бас тэр дуу хоолойных нь өнгө. Эндүүрмээр. Гүнзгий харцтай нүд, уран зурагт бол хурц тод араншинтай хүмүүсийг дүрслэн харуулдаг тийм нэг өвөрмөц хамар, эрүү нь хүртэл яг л аавынх.

Нийгмийг уриалан сэрээсэн, уяраан сэнхрүүлсэн яруу найрагч, гүн ухаан, хатан зоригийн эрхэмсэг оршихуй Очирбатын Дашбалбар. Тэнгэрт одсон түүнийг 18 дахь жилээ дурсаж, эзэн нь өөрөө энэ хорвоод үгүй ч О.Дашбалбарын шүлгүүдийн эгэлгүй цадиг цаг үеүдийг элээн, улам олон зүрх сэтгэлийг эзэмдсээр.

Би-талын хөх чоно!

Сур шиг сунаж,

Сухай шиг улайж,

Эрчит дөрвөн хөлөөрөө

Ээрэм талыг гаталж

Агт сайн морьдын туурайг сульдааж

Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж

Арван халтар нохойг замд нь цувуулж

Агшин бүртээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно!

МУИС-ийн ХЗС-ийн нийтийн эрхзүйн тэнхимийн Үндсэн хуулийн эрхзүйн багш, доктор, дэд профессор Д.Гангабаатартай уулзахаар гарахдаа түүний талаарх төсөөллөө ургуулсаар явтал юунаас ярилцлагаа эхлэх талаар бодож амжсангүй.

Хэвлэлийнхэнд нээлттэй биш, ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийн урилгаас татгалздаг түүнийг удаан хүлээсний эцэст зөвшөөрүүлж чадсан ч гэлээ… Уулзах мөчид зогтуссанаа нуух юун. Эцгийнхээ хөргийг хуулчихсан гэмээр дэндүү адилхан зүс. Бас тэр дуу хоолойных нь өнгө. Эндүүрмээр. Гүнзгий харцтай нүд, уран зурагт бол хурц тод араншинтай хүмүүсийг дүрслэн харуулдаг тийм нэг өвөрмөц хамар, эрүү нь хүртэл яг л аавынх. Энэ удаагийн зочин бол Дашбалбарын Гангабаатар. Тэр бол…

Хамаг бүгдээр чамайг

Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!

Хамгийн сайн хүмүүн гэж

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг… Аавынхаа элэг зүрхнээс урсан гарсан энэ мөрүүдийн эзэн.

-Та чимээгүй амьдрах юм. Яагаад ярилцлагаас татгалздаг юм бэ?

-Хүмүүсийн зан төлөв олон янз. Олноор хүрээлүүлж, өөрийгөө байнга илэрхийлж, үүнээсээ амьдралын эрч хүч авдаг нь бий. Зарим нэг нь эрх мэдэл, эд хөрөнгө, улс төр, нийгмийн байр сууриа дээшлүүлэх гэж албаар баталгаагүй, судалгаагүй, нэг талыг барьж туйлширсан мэдээлэл цацаж, ярилцлага өгдөг. Үнэхээр улсынхаа эрх ашгийн төлөө ярьдаг хүмүүс ч байна. Өөрийн гэсэн зарчим, итгэл үнэмшилтэй, хүн шиг хүн явах хүмүүжил, төлөвшлийг олгосон хүн бол миний аав. “Миний хүү сайн ч явсан, саар ч явсан, хүссэн хүсээгүй миний нэр чиний нэртэй насан туршид чинь хамт” гэж аав минь хэлдэг байсан.

Аль ч тохиолдолд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Хүн бүр үзэл бодлоо уралдуулж, шүүмжлэх, санал гаргах, хэвлэн нийтлэх эрхтэй. Гагцхүү бусдад сөргөөр нөлөөлөх, үндэслэл муутай шүүмжлэл, санал илэрхийлэхдээ хэлсэн үг, илэрхийлсэн үзэл бодол, санал шүүмжлэл нь нийгмийн хөгжилд, монгол хүний хөгжилд өөрийнх нь оруулж буй хувь нэмэр болохыг анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн ухамсарт хор цацах уу, хог хаях уу, хэрэгтэй мэдээлэл өгөх үү гэдгээ бодох л ёстой. Миний хувьд аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ аль болох бодитой, судалгаатай, үндэслэлтэй байх ёстой гэж боддог. Багш хүний хувьд судалгааны ажил, өгүүллээ судалгааны сэтгүүлд хэвлүүлэх замаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

 

 

-Таныг таньдаг, мэддэг хүмүүсээс нэлээд сураглалаа. Бүгдэд нь үг заагаад өгчихсөн юм шиг “шударга хүн, сайн багш, зөв залуу” гэж хүндэлдэг юм билээ.

-Хүмүүс эергээр харж байгаа бол зөв гэр бүлд, сайн эцэг эхийн хайранд өссөний ач. Өөрийн гэсэн зарчим, итгэл үнэмшилтэй, хүн шиг хүн явах хүмүүжил, төлөвшлийг олгосон хүн бол миний аав. Аавыг минь хүндэлдэг, дурсдаг, үр хүүхдийнх нь хувьд надад хүндэтгэлтэй ханддаг хүмүүс байдаг.

“Миний хүү сайн ч явсан, саар ч явсан, хүссэн хүсээгүй миний нэр чиний нэртэй насан туршид чинь хамт” гэж аав минь хэлдэг байсан. Эцэг, үр болгоны хувьд үнэн үг дээ.

-Аав тань нэлээд өвөрмөц хүн байсан гэдэг. Та өөрөөсөө аавынхаа зан аашийг олж хардаг уу?

-Заримдаа. Ийм тохиолдолд аав яг ийм хариу үйлдэл гаргах байсан байх гэмээр… Хөдөлгөөн, нүүр царайны хувирал, хүмүүст хандах ерөнхий хандлага гээд надаас аав үнэртэх тохиолдлууд байдаг юм. Хүндэлдэг байсан зарим чанарыг нь ухамсаргүйгээр өвлөж авсан юм шиг санагдах үе бий.

-О.Дашбалбар бол илэрхий, тодорхой араншинтай хүн байсан юм билээ. Хэнээс ч эмээдэггүй, юунаас ч айдаггүй. Хэл яриа нь ч хурц. Харин Та их товч ярих юм. Таныг огт уурладаггүй гэж нэг оюутан ярьсан. Та тийм тайван хүн үү?

-(инээгээд) Тэр оюутан миний ууртай байхад таараагүй юм байж л дээ. Огт уурлахгүй хүн гэж байдаг юм уу. Далай ламаас нэг хүн асууж л дээ. “Таныг бурхан гэж хүмүүс үзэх юм. Та бурхан юм бол уурладаггүй биз дээ” гэхэд Далай лам “Би уурлахгүй бол хүн биш болчихно шүү дээ” гэж хариулсан байдаг. Би өөрөө Далай ламд ойрхон хэдэн жил ном үзсэн хүн шүү дээ. Далай лам шавиа хатуу үгээр зэмлэж байхыг сонсож л байсан.

Хүн бүр бухимдал, дургүйцлээ хадгалах тэвчээрийн савтай. Энэ савны хэмжээ хүн бүрийн хувьд том, жижиг харилцан адилгүй. Зарим нь өдөр тутам жижиг сажиг үйл явдал, хүмүүс хоорондын харилцаа, нөхцөлөөс бухимдал, стресс хуримтлуулсаар сав нь дүүрсэн явж байдаг. Амжилтад хүрэх, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад өндөр IQ-тай байхаас гадна EQ (emotional intelligence quotient) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байх шаардлагатай. Ийм хүнд өчүүхэн төдий сэдэл өгөхөд сав дэлбэрэх аюултай. Бухимдал, стресс хуримтлуулахгүй бол хэр баргийн зүйлд уурлаад байхааргүй сэтгэлийн орчин бүрдэнэ. Гэхдээ бэрхшээлтэй нөхцөл байдлаас бухимдал хуримтлуулахгүй гарах нь тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай эсэхээс хамаардаг.

-Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэхээр…

-Хүнийг амжилтад хүргэдэг гол чадвар нь оюуны чадамж буюу IQ гэж судлаачид нэг хэсэг үздэг байлаа. Гэтэл судалгаагаар энэ нь биш болж таарсан. Зовлонтой, хэцүү амьдралтай хүмүүсийн дотор маш өндөр IQ-тай хүмүүс харин ч олон байсан.

 

 

Өөрийгөө удирдаж чаддаг хүмүүс сэтгэл зүйн хувьд амар түвшин, ажил мэргэжлээрээ амжилт гаргаж, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх ухааныг илүү эзэмшсэн байдаг. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурна гэдэг бол иргэн хүний хувьд улс, эх орныхоо хөгжилд оруулж буй маш том хувь нэмэр гэж боддог. Албан тушаалд томилогдсон эсэхээр, хэвлэлийн бага хурал хэр олон хийлгэснээр нь, дуулиан шуугиан тарьдгаар нь, ноцтой мэдээлэл цацдагаар нь, төрөөс том шагнал, урамшуулал авсан эсэхээр нь энэ нийгэмд оруулах хувь нэмрийг хэмждэгтэй санал нийлдэггүй. Хүн бол хамгийн үнэт зүйл. Хэний ч танихгүй боловсролтой, зөв хандлагатай, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг энгийн иргэд, эмч, цагдаа, сувилагч, багш нар энэ улсыг хөгжүүлнэ, энэ нийгэмд популист улстөрчдөөс илүү хувь нэмэр оруулна.

-Хуулийн багштай уулзсаных, Монголын улс төр өнөөдөр юу л болоод байна даа?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яг одоо яригдаж байна. Төсөл нь хэзээ судлаачдын гар дээр ирэхийг хүлээж сууна. Нийтийн эрх ашгийн төлөө боловсруулсан бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдэлтэй болох гэж улс төрд ордог, өндөр албан тушаалд очсон хойноо эрх мэдлийн сэнтийгээ хадгалан үлдэхийн тулд Үндсэн хуульдаа халдах гэж оролдсон түүх дэлхийн олон улсад гарч байсан.

Үндсэн хуулиар энэ нийгмийн хамгийн дээд үнэт зүйлсийг хамгаалдаг. Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Ирээдүйд ямар ч нам, ямар ч хүн төрийн эрхэнд гарсан эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахаас хамгаалах, төрийн эрх мэдэл хуваарилах зарчимд халдахаас сэргийлэх хүчирхэг хамгаалалт нь Үндсэн хуулийн тогтвортой байдал юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үндсэн хуульт ёсны зарчмууд руу халдах ёсгүй, төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хяналт, тэнцвэрийн зарчмыг алдагдуулах ёсгүй. Ерөнхийдөө Вестминстерийн системийг авсан улсын хувьд Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байх нь чухал боловч парламентын хяналтыг алдагдуулах ёсгүй. Ялангуяа, Засгийн газрыг бүрдүүлэх, огцруулах, итгэл үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хөндөхөөр бол парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналтыг хэрэгжүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй.

Кабинетын системтэй гэж үзэж байгаа тохиолдолд Засгийн газар хамтарсан шийдвэр гаргаж, бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээдэг, сайд нар салбарт нь гарсан алдаа дутагдлын төлөө хариуцлага хүлээдэг болох, сайд өөрийн алдаанаас гадна өөрийнх нь удирдлагад ажиллаж байгаа албан тушаалтны буруутай үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээдэг механизм хэрэгтэй.

Улс төр бол нийтийн төлөө хийх тодорхой ажилтай, алсын хараа, бодлоготой, бодлогоо хэрэгжүүлэх зарчим, процессыг томоор нь харж чаддаг алсын хараатай, улсын төлөө гэсэн сэтгэлээс гадна өндөр боловсрол, ур чадвартай хүмүүсийн орох ёстой зүйл. Харин энэ цагийн Монголд хувийн ашиг сонирхол, эд мөнгө, бизнесээ өргөжүүлэх, хамгаалах зорилгоор улс төрд ордог гэж бараг нийтээрээ ойлгодог болж. Мэдээж Монгол Улсын төлөө гэсэн өөрийн үнэт зүйлстэй, шударга, зарчимч хүмүүс байгаа.

 

-Улстөрчид өөрсдөө үүнд ихэд харамсдаг дүр үзүүлж жүжиглэдэг нь хэзээ ч дуусахгүй юм шиг ээ. Нийгэмд харин бодит бухимдал байна. Хүний ёсноос ангид, хэрцгий балмад хэргүүд ч дуулдах боллоо.

-Нийгэмд бухимдал их байна гэдэг. Яагаад гэж асуух ёстой. Зөвхөн авто замын түгжрэлээс бухимдал үүсээд байна уу, эсвэл үүний ард өөр томоохон шалтгаан байна уу. Улаан гэрлээр уулзвараар гарсангүй гэж араас дуут дохиогоо хангинуулаад байгаа нөхдийн үйлдэл юу хэлээд байна вэ. Үүний цаана нийгмийн тэгш бус байдал, авлига, ар гэрийн амьдралын сэтгэл хангалуун бус байдал, санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс хуримтлагдсан стресс, дарамт, бухимдал бий.

Энэ бол зөвхөн гадаад илрэл нь юм. Хэдхэн хором нэг нэгэндээ хүлээцтэй хандаад зам тавьж өгөөгүйгээс хоёр жолооч зам дээр нүдэлдэх нь бараг хэвийн үзэгдэл болсон нь эмгэнэл. Давхар давхар олон түвшний зөрчил, стрессийг тэр хүмүүс тээж явна. Сүүлд нь яагаад өчүүхэн зүйлээс болж ийнхүү буруу авирласнаа мэдэхгүй ч олонх нь харамсдаг. Ардчилсан нийгмийн олон зарчмын нэг нь тэвчээр юм.

 

Яагаад хүн төрөлхтний ёс суртахууны олон сайн чанараас тэвчээрийг онцлов. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, олонхоор шийдвэр гаргах, цөөнхийн дуу хоолой, шүүмжийг сонсож, хэлэлцүүлэг хийх гээд ардчиллын үндсэн зарчмууд тэвчээргүйгээс хэрэгжих боломжгүй болдог. Бие биедээ хүлээцтэй, асуудалд бодитой ханддаг, ёс суртахууныг дээдэлдэг иргэнийг хэрхэн төлөвшүүлэх вэ? Амьдралд тохиолдох хар, цагаан үйл явдал, нөхцөл байдлыг хүлээцтэй, бодитой хүлээн авч, бухимдал, стресс хуримтуулалгүйгээр асуудлыг дор бүр нь шийдвэрлээд урагшлах чадвар, өөрөөр хэлбэл EQ буюу хүний хамгийн суурь ур чадварыг хөгжүүлэх талаар бага, дунд, ахлах, их дээд сургуулийн алинд нь ч заадаггүй нь харамсалтай.

-Та улс төрд орох уу?

-Олон хүн ингэж асуудаг. Улс төрд орж эрх мэдэлтэй болж байж, эсвэл бизнес хийж их мөнгөтэй болж байж амжилтад хүрнэ гэсэн ойлголт нийгэмд тогтчихсон учраас надад ийм асуулт их ирдэг байх. Улс төрийн нам дагаж, албан тушаалд хүрээд омог бардам зан нь нэмэгдэж, ааш авир өөрчлөгддөг хүн цөөнгүй. Аялдан дагалдагчид байхад арга ч үгүй байх. Харин албан тушаалаа өгөх болохоор амиа алдахтай адил зууралддаг. Дэлхий хөмрөх гэж байгаа шиг жүжиг тоглодог. Ийм л статусаар голоо зогоодог нийгэмд бид амьдарч байна. Үндсэн хуулийн эрх зүйн багшийн хувьд төрийн эрх мэдлийн институцийн хөгжил, чиг үүрэг, харилцан хяналт, хүний эрх, эрх чөлөөний Үндсэн хуулийн хамгаалалтын талаар судалдаг.

Улс төрөөр эрх мэдэлд хүрсэн хүмүүсээс энэ нийгмийн үнэт зүйлсийг хэрхэн хамгаалах тухай би оюутнуудад лекц уншдаг. Тэр утгаараа улс төрд шууд бусаар оролцож байгаа. Ер нь өөрийн ажил мэргэжил, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шударгаар хөдөлмөрлөж байгаа иргэн бүр төрийн үйл хэрэгт гар бие оролцож байгаа. Намын гишүүн болж, албан тушаал горилж л нийтийн төлөө ажилладаг юм биш. Жолооны ард хууль дүрэм зөрчихгүй, бусдынхаа эрхийг хүндэтгээд, хүлээцтэй явж байгаа жолооч бүхэнд би талархдаг. Энэ хүний өөрийнх нь хөгжил бусдад үлгэр дуурайл болж, нийгмийн төлөө ихийг хийж байна гэж хардаг.

-Танд улс төрийн тодорхой хүчнээс намдаа элсүүлэх санал ирж байв уу?

-Ирж байсан.

-Та хэтэрхий даруу, хүлцэнгүй зантай юм биш биз?

-Намайг сайн мэддэг хүмүүс хэт даруу, хүлцэнгүй гэж лав хэлдэггүй. Аливаад нэг талыг хэт барьж туйлшралгүй, бодитой хандахыг хичээдэг. Бодит судалгаа, үндэслэлтэй ярьж бичдэг хүмүүсийг би хүндэтгэдэг. Нэг талыг барьж, өнгө будаг, хачир чимэг нэмсэн нэр хүнд, нөлөөгөө өсгөх гэж бичсэн мэдэгдлүүд, тунхаглалууд, шүүмжлэлүүдийг таашаадаггүй. Миний үнэт зүйл, зарчимд халдсан, харшилсан зүйлд хүлцэнгүй хандахгүй. Ямар нэг юманд шүүмжлэлтэй хандахдаа уур хилэн, үзэн ядалт, ая талыг харсан сэтгэлээр хандахгүйг хичээдэг. Тиймээс асуудалд объектив байдлаар хандах чадвартай гэж үзсэн үедээ шүүмжлэхийг хичээдэг.Өөрөөр хэлбэл, тэвчээртэй байхыг хүсэх нь хүлцэнгүй гэсэн үг биш.

 

-Та цахим ертөнцөд ч нэлээд идэвхгүй харагддаг?

-Олон нийтэд үзэл бодол, байр сууриа илэрхийлчихмээр, дуугүй өнгөрч боломгүй үе гарна л даа. Сайн судалж байж дуугарах хэрэгтэй учир чимээгүй өнгөрөх нь ч бий. Судлаач хүн аливаад нягт хандах ёстой. Олон нийтлэлчид асуудлыг нэг болон хэд хэдэн талаас нь сенсаацтай, ёжилсон, ёгт утгатай, хачир чимэг нэмсэн, өнгө будагтай, өнгөц, гүнзгий гээд төрөл бүрээр бичдэг болж. Үзэл бодлын чөлөөт зах зээлд олон ургалч үзэл ийнхүү хөгжиж байгаад баяртай байдаг. Гэвч нийгмийн өмнө хүлээсэн байгууллагын хариуцлага гэж байдаг шиг хувь хүний хариуцлага гэж бий. Өөрөө ч итгэлгүй, түүхий боловсруулсан үзэл бодлоо бусдын оюун санаанд цацах нь сөрөг үр дагавартай. Судлаач, багш хүний үзэл бодлоо илэрхийлэх үндсэн талбар нь мэргэжлийн сэтгүүл гэж боддог.

-Хэрэв аав тань амьд сэрүүн байсан бол Хуульзүйн сургуулийн багш, профессор болсон Гангабаатарыгаа юу гэж загнах байсан бол. Та түүнд уйтгартай этгээд санагдах байсан болов уу?

-Намайг бага байхад мэддэг зүйлээ хүртэл илэрхийлдэггүй, мэдэхгүй юм шиг байлаа гэж зэмлэдэг байсан. Миний өөрийгөө илэрхийлэх хэлбэр өөр гэдгийг аав сэрүүн тунгалаг байсан бол хэдийнэ олоод харчих байсан биз. Нөгөөтэйгүүр, бага байхад аавтайгаа олон шөнийн уртыг үзэл бодлоо солилцон өнгөрүүлж байснаа бодохоор яавч уйтгартай этгээд гэж хэлэхгүй байсан байх. Аав намайг хүүхэд гэж гололгүй, харин ч тоож санал бодлоо ярьдаг байсан шүү.

-Та хуульч, багш, судлаачийн хувиар О.Дашбалбарыг улс төрийн тавцанд хэн байсанд, хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь дүгнэлт хийж үзсэн үү?

-Түүхийг хоосон шүүмжлэх биш, харин суралцах ёстой. Аавыг улстөрчийнхөө хувьд хэн байж вэ гэдгийг би маш анхааралтай судалдаг. Суралцах зүйл их санагддаг. Хүү нь эцгээ шүүмжлэх зохисгүй гэдэгтээ ч биш, үнэхээр шүүмжилье ч гэсэн яах аргагүй хүндэтгэл төрүүлэм улстөрчдийн нэг нь аав байсан юм. Яагаад гэхээр түүний хийсэн бүх зүйлсийн цаана улсаа гэсэн чин сэтгэл байсан.

-Та шүлэг бичдэг үү?

-Миний бага нас номын хүрээлэл дунд өнгөрсөн. Би маш тод санаж байна, аав цалингаа буух болгонд тодорхой хувиар нь шинэ гарсан номнуудыг худалдаж авдаг байлаа. Монгол хэл дээр хэвлэгдсэн дэлхийн сонгодог зохиолууд, үлгэрийн цомирлогууд, яруу найргийн бүтээлүүд, гэрт хаашаа л харна ном байгаа тохиолдолд хүүхэд хүссэн, хүсээгүй уншиж эхэлдэг юм билээ. Их ч уншсан даа.

Яруу найрагчид манайд цуглаад, зохиол бүтээлээ ярилцаж, цэц булаалдан, шүлэг найргаа уншихыг харж өссөн. Гэр бүлд ийм орчин байсан болохоор шүлэг бичээгүй гэвэл худал болох биз. Гэхдээ хообий төдий, хаа нэг сэтгэл хөдөлсөн үедээ л бичдэг дээ. Ихэнх нь гээгдэж үгүй болсон. Цөөн хэдэн шүлгээ л хадгалдаг. Миний дүү Д.Дэжидмаа ч бас багадаа шүлэг бичдэг байсан. Аав, хүү хоёрын яруу найргийн ном гарсан тухай надад хэрэг болгож сонирхуулан хэлж байсныг нь санаж байна.

Хүүхдүүдтэйгээ хамтарч ном гаргах бодол аавын хорхойг хүргэдэг байсан байж магадгүй л юм. Яг одоо надад аавынхтай зэрэгцүүлээд ном болгох хэмжээний олон шүлэг алга. Харин аавыг минь хайрлаж хүндэлдэг, уран бүтээлд нь дуртай, олоод уншчих бодолтой эрж хайж явдаг хүмүүст зориулаад шүлэг, яруу найраг, бүтээлийг нь хэвлүүлж, нийтийн хүртээл болгох нь миний үүрэг гэж бодож явдаг. Аав маань маш сонирхолтой амьдарсан, шилжилтийн ээдрээтэй цаг үед нийгмийн амьдралын халуун цөмд шатаж явсан өвөрмөц намтар түүхтэй хүн шүү дээ. “Миний дурсамж намтрыг бичээрэй” гэж Д.Мөнгөндалай эгчид минь захиж байсан. Шаардлагатай бол эгчтэйгээ хамтарч бичих байх.

-Танай хүүхдүүд хэр их ном уншдаг вэ?

-Номонд дуртай болгоё гэж бодсон ч аргаа мэддэггүй байлаа. Эхэндээ өөрийнхөө багадаа сонирхож уншдаг байсан номнуудаас авч өгч, тайлбарлан ярьж, ухуулан таниулах гэж оролддог байлаа. Гэтэл телевизээр гарч байгаа хүүхэлдэйн кино, манга, анимэ, интернэтийг илүү сонирхоод байгаа нь илт. Ном унш гээд суулгаж ч үзсэн. Эцэст нь нэг зүйлийг ойлгосон. Аав намайг хэзээ ч ном унш гэж шахаж байсангүй. Оронд нь гэрээ номоор дүүргэж байж. Тиймээс интернэт хэрэглээ, телевизийн урд суух цагийг нь хэмжээ хязгаартай болгож, хүүхэд сонирхох, аль болох олон төрөл жанрын ном аваад тавьчихсан нь шахаж шаардсанаас илүү онох юм билээ.

-Ааваараа дутах, түүнгүйгээр ганцаардах үе байдаг уу?

-Амьд сэрүүндээ аав миний өмнөөс энэ асуултанд хариу хэлчихсэн юм шиг. “Байхгүй болчихвол санана”, “Үг хэлэх аавтай байгаадаа баярла” гэж. Яг л ийм юм болж байна. Аавтайгаа байгаа хүмүүс аз жаргалтай байдаг. Бид бүгд л эцэг эх, үр хүүхэд, ойр дотнынхон минь урт наслаасай гэж хүсдэг. Харин тэр бүр бидний хүссэнээр болдоггүй шүү дээ.

-“Тэнгэр шиг бай” шүлэг анх нэг эзэнтэй байж. “Хүү Д.Гангабаатартаа” гэж хаяглан бичсэн гэдэг.

-Намайг 12 настайдаа Энэтхэгт сурахаар явахад аав маань энэ шүлгийг бичсэн. “Үр хүүхдэд хэлэх үг” гэдэг нэртэй байсан юм. Захидал задлахад аавын гараараа бичсэн шүлэг гарч ирсэн. Тэр үед гэрээсээ хол байсан надад энэ шүлгийн мөр болгон нь хань нөмөр болж байсан даа. Одоо энэ шүлэг ганцхан надад биш, уншаад ухаарал авч байгаа, урам зориг, эрч хүч авч байгаа бүх хүнд зориулагдах болсон нь бахархам сайхан санагддаг. “Тэнгэр шиг бай” шүлэг миний хувьд ертөнцийн юмс үзэгдэл, хүний амьдралын жаргал, зовлонг хэрхэн хүлээн авч дотроо боловсруулах талаар сургасан гүн гүнзгий утга учиртай сургаал.

Хараад байхад яг л хэлсэн байдаг. Сайн зүйлийг мөнх юм шиг эндүүрэн хөөрч явтал хорвоо дандаа тийм байдаггүйг ойлгодог. Жаргалыг мөнх мэт санавал хожмын зовлон бүр хатуу санагдана. Ингээд унасан хүн уурлана, бачимдана. Зан авир нь өөрчлөгдөж, өрөөл бусдад муу үйл тарина. Аз жаргал гэж байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч, зөв шийдвэр, зөв хариу үйлдэл хийх ур чадварыг хэлжээ гэж ойлгосон. Тиймээс жаргал, зовлонгийн алинд нь ч тэнгэр шиг бай гэж аав захисан юм билээ.

-“Би бол Дашбалбарын хүү” гэх омогшил Танд төрдөг үү?

-Эгэлгүй их хүний голомт залгах хүү болж төрснөөрөө бахархалгүй яах вэ. Азтай, завшаантай, сайхан учрал. Дашбалбарын хүү гэдэг бол миний хувь тавилан. Аавынхаа хайранд эрхэлж өссөн хүү болгонд ааваас нь илүү сайн хүн, сайхан эр, өмөг түшиг үгүй шүү дээ. Сайн эцгийнхээ, эсвэл хэн нэгэн алдартай хүний нэрийг бариад, ямар нэг зорилгод хүрэх гэдэг хүмүүс байдаг. Надад тийм хүмүүжил байхгүй. Хүн шиг хүн болчих юмсан, өөрийнхөө зорилгод өөрийнхөө төлөвшлөөр, өөрийнхөө чадал, мэдлэг оюунаар, зөв үйлдлээрээ хүрчих юмсан л гэж хүсэж ирсэн.

-Аав тань таныг эрхлүүлэхэд, бас магтахад Та их ичдэг байсан гэдэг. Яг яаж эрхлүүлээд хүүгээ ичээчихдэг байсан юм бол доо?

-Одоо хэлэхэд ч санаа зовмоор л байна шүү. Майктай явж байхад “Тээр, та нар миний хүүгийн булчинг хар аа” гэх жишээний (инээв). Аавд боломж олдох л юм бол миний сайн тал болгоныг алдалгүй магтана. Миний хүү Энэтхэгт сайн сурсан, миний хүү ийм шүлэг бичсэн, миний хүү шалгалтад манлайлжээ гээд л. Манайхаар хүн тасрахгүйг хэлэх үү. Нүдэнд нь харагдвал орсон, гарсан хүмүүст магтаад байхаар би сүүлдээ хүн ирэх чимээнээр бушуухан өөр өрөө рүү гүйчихдэг байж билээ.

-Танайд хүн олон цугладаг байсан гэлээ. Одоо танайх хэр их хөлтэй айл вэ?

-Өө, аавынхтай яаж зүйрлэх вэ дээ. Тэр үед манайд намар болохоор 4-5 оюутан ирж сууна. Дээрээс нь нутгийнхан, ах дүү нар, найзууд, зохиолчид, шавь нар гээд цуглаж гарна. Эргээд бодоход нэг их сайхан санагддаг. Ирсэн хүмүүст цай, хоол өгнө. Одоо шавь нар нь яриад инээлддэг юм. Гэдэс хонхолзохоор багшийнх руу явдаг байсан гэж. Маргааш нь дахиад л өлсөнө биз дээ. Гэхдээ бас ёс суртахуунтай. “Өчигдөр багшийнд очсон юм чинь өнөөдөр өнжөөд маргааш очъё” гэж ярилцаад нөөдөг байсан байгаа юм.

-Та хүүхдүүдээ магтдаг уу?

-Ааваас авсан зан ч гэх үү, хүүхдүүдийнхээ сайн, сайхан болгоныг магтана аа. Аль болох бага шүүмжлэх, шүүмжлэхдээ бодитой шүүмжлэхийг хичээдэг. Өнгөрсөн дутагдлыг дахин сөхөлгүй, өнөөдрийн алдааг нь шүүмжилж ярилцахыг хичээдэг дээ.

Хайр татам, өхөөрдөм байгааг нь харахаар аав эдний минь хэчнээн хөөрхөн гэдгийг үзсэн ч болоосой гэж бодогддог.

-Дашбалбарын хүүтэй уулзах гэж Таныг зорьж ирдэг хүмүүс байдаг уу?

-Заримдаа намайг бүр шоконд оруулах дөхдөг. Янз янзын хүмүүс ирнэ. Ах нь, эгч нь чамтай л уулзах гэсэн юм гэсээр хүрээд ирдэг. Ямар хэргээр явааг нь асуухаар Дашбалбарын хүүг харчих юмсан, болбол уулзчих юмсан гээд ирлээ гэхэд нь надад үгээр өгүүлэхэд багадмаар үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Хамт авахуулсан зургаа харуулж, сонины хайчилбар, уулзсан дурсамжаа хуваалцаж, хэлж байсан үгийг нь надад дуулгах гэж л ирсэн гээд бодохоор. Аав минь энэ олон энгийн хүмүүсийн зүрх сэтгэлд сайн сайхнаар мөнхөрсөн байгааг мэдрэх маш сайхан мэдрэмж.

-Та Дармасалад таван жил буддын гүн ухаан судалсан. Тэндээс юу олсон бэ?

-Хамгийн товчоор хэлэх юм бол, мухар сүсэг хэрэггүй юм байна гэдгийг гүн бат ойлгосон. Буддын гүн ухаан шинжлэх ухаан юм гэдгийг мэдсэн. Амьдралд хандах хандлагын тодорхой хэсэг нь тэр үед төлөвшсөн байх. Барууны соёл иргэншлийн нээж хөгжүүлсэн шинжлэх ухаан, дорнын мэргэдийн хөгжүүлсэн дотоод сэтгэлийг шинжих ухаан нэг л өдөр нэг цэг дээр огтлолцох байх гэж итгэдэг.

-Та үхлийн дараах амьдралд итгэдэг үү?

-Хүүхэд байхдаа итгэх үе байсан. Одоо бол мэдэхгүй л гэж хариулна. Ер нь байгаа, байхгүй гэдэгт итгэх эсэх нь миний хувьд тийм ч чухал биш. Гол нь амьдрах хугацаандаа хэрхэн яаж амьдрах вэ гэдэг чухал. Өөрийгөө болон амьдралыг таньж мэдэх, цаашлаад хөгжүүлж чадсан уу гэдэг л чухал.

-Яагаад хуульч болсон юм?

-Би багадаа хуульч болъё гэж бодож мөрөөдөж байгаагүй. Эмч ч юм уу, сэтгэлзүйчийн мэргэжилд их татагддаг байлаа. Аав улс төрд орчихсон байсан. Тэгээд нэг удаа надад “Хуулийн мэдлэггүй хүн юунд захирагдаад, хаашаа хөтлөгдөөд байгаагаа олж харж чадахгүй. Миний хүү хуульч болохгүй юм гэхэд хуулийн мэдлэгтэй болоорой” гэсэн. Тэр үед би аавын хэлсэн үгийн ач холбогдлыг сайн ойлгоогүй ч хуулийн сургуульд элсэн суралцахаар шийдсэн нь оносон. Суралцаж эхэлсэн хойноо л дуртай болсон.

-МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлах болсон тухайгаа ярихгүй юу?

-Нэгдүгээр курсэд сурч байхдаа сургуульдаа давхар хууль зүйн англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд Япон улсад магистрын зэрэг хамгаалж ирээд сургуульдаа хуулийн хичээл зааж эхэлсэн. Багшилна гэдэг хамгийн сайхан ажил. Өөрийгөө хөгжүүлж, бусадтай хуваалцах боломж олгодог. Ажлын байран дээрээ бусдад эергээр нөлөөлөх боломж их байдаг нь таалагддаг.

 

-Нагояагийн их сургуулийн профессороор ажиллаж байсан гэж сонссон юм байна.

-Япон улсдаа дээрээсээ гуравт жагсдаг үндэсний их сургуульд нь докторын зэрэг хамгаалж, сургуулийнхаа багш гэдэг алдрыг зүүсэндээ баяртай явдаг.

-Таныг гадаадын таван хэл мэддэг гэж дуулсан. Энэ нь Таны хообий юу?

-Багадаа Энэтхэгт очоод төвд хэл сурсан. Англи хэл, хинди болон тэр мужийнхаа хэлийг зах зухаас нь гадарлаж эхэлсэн. Ирэхдээ төвдөөр сэтгэх хэмжээнд хүрчихсэн байсан. Тэр үеэс гадаад хэл сурах арга барил тогтсон байх. Гадаад хэлээр дамжуулаад тухайн улсын соёлд нэвтэрч, хооронд нь харьцуулах өргөн боломж нээгддэг учраас боломжоороо олон хэл сурах сонирхол төрсөн дөө. Одоо сурсан зарим хэлээрээ ярилгүй их олон жил болсон байна.

-Таны аав яруу найраг бичихээс гадна гитар хөгжмөөр тоглодог, дуулдаг, зурдаг, бүр ая зохиодог байсан юм билээ. Танд тэр авьяасуудаас нь өвлөгдсөн үү?

-Тэр тал дээр авьяасгүй байх аа (инээв). Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр аавын нөлөөгөөр гитар тоглох, дуулах дуртай болсон байх.

-О.Дашбалбар гуай нэг бус бүсгүйн хайрыг татаж, өвөрмөц амьдарсан. Та эхнэрийнхээ юунд дурлаж, хэрхэн сонгосон бэ?

-Гэр бүлийн хүнээ сонгодог юм болов уу, мэдэхгүй юм. Голдуу дурлал, сэтгэлээ дагаж нийлдэг байлгүй дээ. Миний гэргий их сайхан бүсгүй, сайн хань. Хэнтэй хамт амьдрах вэ гэдэг бол хүний аз жаргалын хэмжүүрт хамгийн дээгүүр тавигдах шалгуур шүү дээ. Бид хоёр хамтдаа аз жаргалтай, амгалан тайван амьдарч, гурван хүүхдийн ээж, аав болцгоолоо. Гал халуун дурлалаар эхэлсэн хамтын амьдрал шүүх дээр эцэслэдэг гашуун явдлуудыг ажиглаад байхад шалтгаан нь эцсийн бүлэгт үл ойлголцол байх нь олонтаа. Манай хүн намайг маш сайн ойлгодог учраас гэргийдээ их баярлаж явдаг.

-Та бараг арван жилийн өмнө нэг ярилцлага өгсөн юм билээ. Таны аавтай хайр дурлалын холбоотой байсан хоёр эмэгтэйн талаарх асуултад “Тэднийг хүндэтгэдэг” гэж хариулж байж.

-Хүн хэнд дурлах, дурлахгүйгээ сонгодоггүй байх. Харин хайр бол сонголт. Дурлалцаад салж болно. Одоо ч, бас цаашид насан туршдаа хайрлахаар шийдэж болно. Хүний амьдралын сайхан мэдрэмжүүдийг аавд минь бэлэглэсэн эмэгтэйчүүдийг хүндэтгэх ёстой гэж боддог.

-Яруу найрагчийн хайрыг татаж, насан туршдаа гэргий нь болсон хүн бол Таны ээж. Ээжийнхээ тухай яриач…

-Ээж, аав хоёр маань арван хэдтэйгээсээ үерхэж, 20 хүрээгүй айл гэр болж, 20 гаруй жил амьдрахдаа гурван хүүхдийг нь төрүүлж, уран бүтээлийг нь хөглөж, ар гэрийнх нь олон ачааг хамтдаа үүрэлцэж, амьдралынх нь гэрэл гэгээ болж явсан. Уг нь аав минь нас барахынхаа өмнө ээжтэй гэрлэсний хорин таван жилийн ойгоороо мөнгөн хуримаа хийнэ гэж хэлдэг байсан сан. Харамсалтай нь мөнгөн хуримаа хийхээс нэг жилийн өмнө аав минь өөд болчихсон юм шүү дээ.

-Ээж тань тан руу хэр их утасддаг вэ?

-Санах бүртээ. Утасдаад голдуу л их ажиллаж, ачааллаа хэтрүүллээ гэж зэмлэдэг. Санасандаа, хайрласандаа л тэр байх. Би тэгж мэдэрдэг. Хүү минь ядарч байгаа байх гээд утсаар ярихад нь ээж намайг санаж байгаа юм байна, ойрхон очих юм шүү гэж боддог.

 

-Та найз нөхдийн талаар ямар бодолтой явдаг вэ. Эрчүүдийн оршихуйд нөхөрлөл гэж том хүчин зүйл байдаг юм шиг ээ?

-Би өөрийн хүндэтгэж явдаг олон хүнийг найзаа гэж боддог. Надад эерэг үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүсийг би бас найз нөхөд гэж санадаг. Тэд юу гэж бодож явдгийг мэдэхгүй ч… Багын хэдэн сайн дотнын найзууд бий. Дээр нь байнга уулздаггүй, бараг таардаггүй ч найз нөхөр хэмээн хүндэтгэж явдаг хүмүүс олон байна даа. 2015 он.

 

ЭХ СУРВАЛЖ:ub.life

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549