Пакистаны хазарууд эсэргүүцлийн суулт хийж байна

access_time 2019-04-15
remove_red_eye 60

 

Исламын шашны шийт номлолыг дагагч хазар угсаатны эсрэг террорист халдлага гарсны дараа Пакистаны баруун өмнөд Куэтта хотод тэдний эсэргүүцлийн суулт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Куэтта хотын зах дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлснээр 20 хүн алагдаж, 48 хүн шархдсан юм. Уг халдлагыг үйлдсэнээ Пакистаны Талибууд, Исламын Улс бүлэглэл аль аль нь хүлээн зөвшөөрсөн юм. Алагдсан хүмүүсийн найм нь хазар хүмүүс байсныг албаныхан мэдээлж байна.

Өчигдөр буюу Ням гарагт 200 орчим хазар иргэд Куэтта хотын гол замыг хааж “Хазаруудын эсрэг аллагыг зогсоо!”, “Терроризм, шашнаар ялгаварлах үзлийг зогсоо!” гэсэн уриаг хэлж байжээ.

Пакистаны өмнөд бүсийн Карачи хотод мөн хэдэн арван хазар иргэд эсэргүүцлийн суулт зохион байгуулсан байна.

Пакистан болон Афганистанд Исламын сунит номлолыг дагагч зэвсэгт бүлэглэлүүд хазар угсаатны эсрэг халдлагыг байнга үйлддэг. Балочистан мужийн төв Куэттад цугларсан хазарууд шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгджээ.

Куэтта хотын 2.3 сая оршин суугчийн 500,000 орчим нь хазарууд бөгөөд Пакистан дахь хазаруудын хамгийн олноор суудаг хот юм.

Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага дөрөвдүгээр сарын 12-ны халдлагыг хазар угсаатны эсрэг сүүлийн жилүүдэд гарсан олон аллагын “эмгэнэлт сануулга” гэж мэдэгдэлдээ тодорхойлсон байна.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549