Хадамдаа адлуулсан бэр Алгирмаа

access_time 2019-04-14
remove_red_eye 2034

 

Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхөр Алтансүхээ 13 жил хүлээж суусан бэрдээ үзүүлэх хадам эцэг, эхийн дарамт шахалтыг үл тэвчсэн Алгирмаа бүсгүй сайх эрээ хүлээн бэтгэрч гуниглан суухдаа энэхүү дууг зохион дуулсаар төрхөмдөө буцсан домогтой билээ.

Алд алдын торгон хадгийг
Задалж сууна аа Алгирмаа хө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон доо

Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө

Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө

Жан жангийн торгон хадгийг
Задлан суунаа Алгирмаа хө
Заяаны нөхөр Алтансүхтэй
Жаргалын замыг холбосон доо хө

Угийн нөхөр Алтансүх
Уушаан цэрэгт яваад
Үхсэн амьдын сураггүй
Өдий удаан боллоо хө

Монгол нутгийн нэгээхэн үеийн амраг хосын учир явдал, аж амьдралыг тэр чигээр хүүрнэн өгүүлэх энэ дууг 1800-аад оны дундуур Чин гүрний дотоод хямрал, Гадаад түрэмгийлэгчдийн эсрэг Монгол нутгаас эрчүүдийг хугацаагүй цэргийн албанд дайчилж байсан үед зохиогдсон гэж үзэж болно байх. Хэрэв тухайн үеийн Манжийн дансыг шүүн үзвэл Алтансүхийн нэр ч гарах магад.

Манжийн албыг залгуулаад ирсэн хүүдээ эцэг эх хоёр нь Алгирмаа хүүхнийг төрхөмдөө буцсан талаар:

Арши зандан хүж юугаа
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Аав ээжийн шүтээнийг чинь
Арын жалгаар тараав аа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг чинь
Өмнө жалгаар тараав аа хө хэмээн хов хутган дуулжээ.

Алс хэтийн хараа сайтай Алтансүх аав л болоод ээжийнхээ энэ л үгэнд итгэж ядан төрхөмд буцсан Алгирмаагаас үнэн үгийг сонсохооор мордож Алгирмаа ч аав л болоод ээжийдээ андуу битгий бодоорой хэмээн учирласны учир бүгдийг тунгаан ухварлаж мэдсэн Алтансүх эх эцэгтээ эргэж ирж дуулсан нь

Алаг эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Авааль хүүхэн Алгирмааг
Ачиртайгаа зүйрлүүлж бодсонгүй юу хө.
Хүрэн эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Хүний хүүхэн Алгирмааг
Хүүтэйгээ зүйрлүүлж бодсонгүй юу хө.

Ямартай ч Алгирмаа хүүхэн амраг нөхрөө арван гурван жил хүлээсэн агаад, тэр хооронд хүүгийн эцэг эх хар санаж хор хутгасан боловч амраг хоёр учир зүйгээ олж, амьдран жаргасан нь дууны үгнээс тодорхой байх ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549