Капитал банкны асуудлыг татварын мөнгөөр шийдэхгүй. Харин …?

access_time 2019-04-12
remove_red_eye 280

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан нь нийгэмд маш олон маргаантай асуултын тэмдэг үлдээгээд байна. Энэ бүхнээс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Капитал банкны дампуурлыг иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулах тухай яриа юм.

Тэгвэл үнэхээр ийм нөхцөл байдал үүссэн эсэх, банкны дампуурлыг барагдуулахын тулд төр мөнгө гаргах боломжтой юу. Энэ асуултад хариулт эрцгээе.

Капитал банкны дийлэнх хадгаламж эзэшигчдийн мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпораци гаргана

Одоогоос зургаан жилийн өмнө УИХ-аар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг анх хэлэлцэн баталсан түүхтэй. Ингэснээр банкны харилцагч, үйлчлүүлэгчдийн мөнгөн хөрөнгө, хадгаламжийг хамгаалах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд энэ дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банк хадгаламжийн даатгалд хамрагдах болжээ.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд банкийг татан буулгасан тохиолдолд нөхөн төлбөр олгож, хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгоно гэж заасан байдаг аж. Энэ хүрээнд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг олгох бөгөөд хуульд тусгаснаар мөнгөн дүнгийн дээд хэмжээг 20 хүртэлх сая төгрөгөөр тогтоосон байдаг юм байна.

Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг аж. Тэгвэл Капитал банкинд 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшдэг эдгээр хүмүүсийн мөнгийг Хадгаламжийн даатгалын корпораци Хаан банкаар дамжуулан олгоно гэдгийг мэдэгдсэн юм.

Тэгвэл хорин сая төгрөөс дээш хадгаламжтай иргэдийн мөнгийг яах вэ гэдэг асуулт үүсч байна. Энэ асуултад хариулт болгох үүднээс жишээ татъя: Иргэн та Капитал банкинд 25 сая төгрөгийн хадгаламжтай бол түүний 20 хүртэлх сая төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпораци олгоно. Үлдсэн таван сая төгрөгөө эрх хүлээн авагчид буюу Монголбанкнаас нэхэмжилж, Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу авах боломжтой аж.

Энэ талаар Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ, “Иргэдийн хувьд хадгаламжийнхаа 20 хүртэлх сая төгрөгийг л аваад үлдсэн мөнгөө олж авч чадахгүй нь гэж санаа зоволтгүй” гэдэг мэдээллийг хэвлэлд өгчээ.

Капитал банкинд түгжигдсэн төрийн Сангийн 300 гаруй тэрбум төгрөгийг хэрхэн барагдуулах вэ

Татан буугдсан Капитал банкинд Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 47 тэрбум гэх мэт татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг гацсан гэх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс хэвлэлд өгсөн байна.

Иргэдийн зүгээс энэ мөнгийг төр хариуцаж төлнө, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр дээр дурдагдаж байгаа гацсан гэх мөнгөн хөрөнгийг төлж барагдуулна гэдэг нийтлэг ойлголттой байна.

Тэгвэл ийм боломж байгаа эсэх талаар Монголбанкны мэргэжилтнээс тодруулахад, “Капитал банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг барагдуулахад төрөөс нэг ч төгрөг зарцуулахгүй” гэдэг хариултыг өгч байна. Учир нь хуульд Банкийг татан буулгах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс гаргана гэсэн зохицуулалт байдаггүй байна. Харин банкны эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос яригдаж буй төлбөрийг барагдуулах гарц байгаа гэдгийг эдийн засагчид ярьж байна. Тэгэхээр Капитал банкинд үүсээд байгаа энэ асуудал дээр нийтийн эрх ашгийг хөндсөн санхүүжилт огт хийгдэхгүй нь хэмээн ойлгож болох нь.

Банкны тухай хуулийн 5 дугаар бүлэгт банкийг татан буулгахад эрх хүлээн авагч томилж эрх хүлээн авагч нь төлбөр барагдуулах үйл ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу гүйцэтгэнэ хэмээн заажээ. Капитал банкинд хураагдсан хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Монгол банкинд байгаа бөгөөд энэ эрхийг цаашид Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш хэрэгжүүлэх аж.

Монголбанкны мэргэжилтэн Д.Ариун, “20 сая төгрөгөөс доош дүнтэй хадгалажинд банк даатгал төлдөг. Энэхүү даатгалын төлбөр нь ХДК-т төвлөрдөг. Тэндээс нөхөн төлбөрийг олгоно.Харин 20 саяас дээш дүнтэй бол эрх хүлээн авагч хуульд заасан дарааллан дагуу төлбөрийг барагдуулна. Монголбанк үүний төлөө мөнгө хэвлэхгүй. Улсын төсвөөс мөнгө өгөхгүй. Ийм боломж ч байхгүй. Зөвхөн хууль, дагалдах хууль журмаа баримтлана. Төрөөс нөхөн төлбөрийг барагдуулна гэсэн нэг ч мэдэгдлийг хэн ч хийгээгүй болно” гэх мэдээллийг өгч байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд “Мөнгө ууршаад алга болохгүй. Банк үл хөдлөх хөрөнгөтэй нь гарцаагүй” гэдэг байр суурийг хэвлэлд илэрхийлсэн байсан. Сангийн сайдын хэлсэн энэхүү үгнээс харахад Капитал банкинд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа болох нь ойлгогдож байна. Үүний зэрэгцээ Капитал банкинд хураагдсан хөрөнгүүд өндөр үнэлгээ бүхий эд хөрөнгүүд гэдгийг эх сурвалжийн зүгээс хэлж байгаа юм. Ямартай ч энэ бүхнээс харахад иргэд олон нийтийн хардаж байгаачлан Капитал банкны дампуурлыг төр хариуцахгүй нь хэмээн ойлгоод, тайван сууж болох нь. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд Капитал банкны хураагдсан хөрөнгийг эрх хүлээн авагч Монголбанк захиран зарцуулах замаар 20 сая төгрөөс дээш хадгаламжтай, иргэн хуулийн этгээдийн хадгаламжийг хуульд заасан журмын дагуу төлж барагдуулах нь ээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549