​Дэлхийн 1700 орчим хэл устах аюул нүүрлээд байна

2019-04-11 1095 0

 

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь 1700 гаруй хэлийг устах аюултай гэсэн ангилалд оруулсан байна. Үүнд ихэвчлэн хүн ам цөөнтэй, жижиг улсууд гэхээсээ илүүтэй үндэстнүүдийн хэл багтаж байгаа нь анхаарал татаж байна. Мөн хэдий хүн ам ихтэй ч хөрш орнуудын нөлөөллөөс болж эх хэл нь үгүй болох аюулд орсон тохиолдолд ч цөөнгүй байгаа юм.

Жишээ нь Уэльс болон Хавай хэл нь устаж, үгүй болж буй хэлэнд багтсан байна. Учир нь Уэйлсүүд Англи хэлийг үндсэн хэл болгож ашигладаг бөгөөд төрөлх хэлээ мэддэг хүн тун цөөн, өдөр тутамдаа ашигладаг хүн бараг байхгүй гэж ойлгож болох аж. Ойролцоогоор хүн амынх нь ердөө 16 хувь нь Уэльс хэлээр ойлгодог байна. Хавай хэлний хувьд дээрхийн адил Англи хэлний нөлөөллөөс болж бараг мартагдах шахсан хэл болжээ.

 

ЮНЕСКО-гийн хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн нийт 7000 гаруй хэл соёлтой аж. Гэвч дэлхийн нийт хүн амын тавны хоёр нь хамгийн түгээмэл ашиглагддаг наймхан хэлээр ярьдаг байна. Эдгээрт Англи, Герман, Испани, Латин, Португали, Хятад, Орос болон Араб хэлнүүд багтдаг аж. Бусад хүн амын талаас илүү хувь нь үлдсэн 7000 орчим өөр хоорондоо адилгүй хэлээр ярьдаг байна. Ямар ч орны хувьд хэл соёлоо хамгаалан үлдэх нь нэн тэргүүний чухал ажлуудын нэг байдаг. Гэвч жижиг улсууд их гүрнүүдийн соёлын нөлөөнөөс болж өөрсдийн хэл соёлоо алдаж байгаад анхаарах ёстой болсныг ЮНЕСКО сануулсан байна.

Үүнтэй холбоотой өөр нэгэн дэлгэрэнгүй тоо баримт байгаа нь Ази тивд 4.2 тэрбум хүн, Европ тивд 1,7 тэрбум хүн, Африк тивд 990 сая хүн, Америк тивд 49 сая хүн, Далайн орнуудад 7 сая хүн хэл зүйн аймгийн үндсэн хэлнүүдээр ярьдаг байна. Харин төрөлх хэлээ ашигладаг хүмүүсийн хувьд Ази тивд 2,3 тэрбум хүн, Европ тивд 288 сая хүн, Африк тивд 2,1 тэрбум, Америк тивд 1 тэрбум, Далайн орнуудад 1 тэрбум байдаг аж.

Дэлхий дахинд устан үгүй болох хамгийн өндөр аюулд ороод байгаа хэл нь Ирландын Гаел хэл болоод байна. Өнөөдрийн байдлаар энэ хэлээр ердөө 40000 хүрэхгүй хүн ярьдаг аж. Ирландын эрх баригчдын зүгээс төрөлх хэл соёлоо хамгаалж үлдэх гэж маш их ажлуудыг хийдэг ч залуу үе нь Англи хэлэнд илүүтэй анхаардаг байна. Мөн Орос хэлний нөлөөллийн улмаас Украины Крымийн Татар хэл устан үгүй болох өндөр эрсдэлд орсон аж.

 

Хэл шинжлэлийн ухааны эрдэмтэд аливаа хэлэнд харь үйл үг ихээр орж ирэх нь эх хэл устаж үгүй болох бодит нөхцөл болдог гэж дүгнэдэг. Гэхдээ үүний өмнө тухайн гаднын соёл ард түмэнд нь нийтээр хүрч, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үүнд газарзүй, эдийн засаг, түүх гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Ингээд аажмаар тухайн гадаад хэл нь төрөлх хэлний үгсийн санг баяжуулах эсвэл шууд орлуулах замаар солигдож эхэлдэг байна. Эрдэмтэд ирээдүйд дэлхий дээрх жижиг хэлнүүд бүгд устан үгүй болж хүмүүс өргөнөөр ашигладаг цөөн тооны хэл л үлдэнэ гэж таамагладаг аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ